logo
Шинэ хятадууд

Шинэ хятадууд

2012/02/01

Амралт сувиллын олон газартай, үл хөдлөх хөрөнгийн эзэн Хуан Нубо тэнгэр баганадсан хувийн 16 давхар офисын барилгадаа зочдоо хүлээн авч, ууланд авирагчийн тоног хэрэгслийн цуглуулгаа бахдалтайгаар үзүүлдэг байна. Уулнаас дээд нь зөвхөн уул л байна гэж тэрбээр үздэг аж.

“Хүчилтөрөгчийн энэ баллоныг Орост үйлдвэрлэсэн. Ийм зүйлсийг танайд ер нь сайн хийдэг шүү. Хаячих гэхээр харамсалтай санагдаад өнгөрсөн удаад хоосон хоёр баллоныг буцаагаад чирээд ирсэн. Энэ ч амаргүй шүү, шалгаад үз” гэж үйлдвэрлэл эрхлэгч Хуан Нубо ярьж байна.

“Форбс” сэтгүүлд бичсэнээр, Хятадад нэг тэрбум доллар давсан хөрөнгөтэй 115 бизнес эрхлэгч байдаг. Тэрбумтнуудынхаа тоогоор Хятад улс дэлхийд хоёрдугаарт орж байна. Энэ хүмүүс хувийн амьдралаа тэр бүр дэлгээд байдаггүй. Хуан Нубог Исландад асар том хэмжээний газар худалдаж авахыг хүсдэг хамгийн баян хүн гэж олон хүн боддог аж. Энэ төлөвлөгөөнийх нь тухай хамгийн түрүүнд түүний хайртай муурууд мэдэж авчээ. Түүний муурууд албан тасалгаануудаар чөлөөтэй гүйлдэж, цаас урж тасдах, арилжааны нууцуудыг сонсох эрхтэй байдаг. Мууруудаа сэтгэл хангалуун хүржигнэх үед эзэнд нь яруу найргийн онгод ордог гэнэ.

“Нийгэмд аймшигтай хагарал үүсч, хүмүүсийн ёс суртахуун шалдаа буужээ. Машинд дайруулсан хүүхдийн хажуугаар хүмүүс хээв нэг явж өнгөрөн, тусламжийн гараа сунгах нэг ч хүн алга. Яагаад ийм болов, биднийг юу аврах вэ? Зөвхөн гоо үзэсгэлэн, зөвхөн яруу найраг. Тийм болохоор би ядуу яруу найрагчдыг дэмжиж, тэдэнд шүлгээ нийтлэхэд нь туслах сан байгуулахаар шийдсэн” гэж үйлдвэрлэл эрхлэгч Хуан Нуба ярьж байна.

“Ernst and Young” компанийн хувилбараар оны хамгийн их буян үйлдсэн хүнээр шалгарсан Цао Дэван саяхан 66 насны ойгоо тэмдэглэсэн байна. Буяны “Хе Жень” санг үүсгэн байгуулагч тэрбээр Хятаддаа хамгийн өгөөмөр ивээн тэтгэгчдийн нэгд тооцогддог аж. Түүний хандивласан мөнгөөр далайн хар салхи, улс орныг бүхэлд нь хамарсан газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст зориулан хэдэн зуун дунд сургууль, орон сууц барьсан байна.

Автомашины шилний үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог “Фуяо” компани тэргүүн байрыг эзлэхийг эрмэлздэг аж. Үйлдвэрлэлд нь хамгийн сүүлийн үеийн технологи нэвтэрсэн бөгөөд бүхнийг роботууд гүйцэтгэдэг. Домогт “Фуяо групп”-ын эзэн тэрбээр гэр бүлийн хамтаар Хятадын өмнөд нутгийн жижигхэн хотод аж төрдөг. Тариачин гаралтайгаа үргэлж санаж явдаг байна. Өөрийн гараар байцаа тарьдаг ногооны жижиг талбайтай. Тэрбумтны албан тасалгаанд Хятадын шилдэг уран бичээчдээр захиалан хийлгэсэн Алмаазан судрын гар бичмэл хуулбар хүндтэй байр эзэлдэг. Буддын шашинд заасанчлан эд баялаг, сүсэг бишрэл хоёр хоорондоо харшилдаггүй гэдэгт бизнес эрхлэгч итгэдэг. Хамгийн гол нь мөнгөтэй зөв харьцах хэрэгтэй.

“Эд баялаг нь орчлон ертөнцийн бүх зүйл шиг хуурамч үзэгдэл гэж буддын шашинтнууд үздэг. Миний хөрөнгө надад түр хугацаагаар ирсэн юм. Би дахин төрөхдөө энэ хөрөнгө мөнгөтэйгөө байж чадахгүй шүү дээ. Яаж ч тайлбарламаар юм б дээ? Үнэтэй тамхийг аваад үзье. Нэг ёсны тансаг зүйл. Гэхдээ жинхэнэ тансаг зүйл үү гэвэл биш, ердөө амтны мэдрэмж, тамхи өөрөө шатаад үнс болоод дуусдаг” гэж үйлдвэрлэл эрхлэгч Цао Дэван өгүүлжээ.

Үйлдвэрлэл эрхлэгч Хань Шику төрөлх тосгон руугаа “Мерседес”-ээ унаад явж байхдаа сэтгэл сэргээсэн эх оронч сэдэвтэй дуу сонсох дуртай. Хөдөө хээрийн олон зуун километр урт замыг туулж байж тэрбээр хотод орж ирж байжээ. Машины цонхоор тариачны даруухан байшингууд жирэлзэн өнгөрнө. Тосгоны захад “Мерседес” машин дугуй унасан хүнтэй таарсан нь ач охиныг нь дүүрсэн хадам ээж нь байв.

Хань Шику тэдэнтэй мэндээ мэдэж, хэдэн үг солиод цааш давхилаа. Тойрог дээр тосгоны сургуулийн байр байна. Түүний барьсан сургууль. Сургуулийн захирал гадаа үүдэн дээрээ буянтнаатосч аваад ангиудаар дагуулж явав. “Сайн байна уу?” гэж хүүхдүүд дуу хадаана. Зүгээр нэг зочин бус, түүнгүйгээр сургуультай болохгүй байсныг бүгд мэддэг аж.

“Хүүхэд насандаа туулж өнгөрүүлсэн хүнд бэрх жилүүдээ би сайн санадаг, бид үгээгүй ядуу аж төрж байлаа. Гутлаа элээхгүй гэж гартаа бариад хөл нүцгэн явж ирээд сургууль дээрээ ирээд өмсдөг байсан гэвэл та нар итгэхгүй дээ. Харин дараа нь намын бодлогын ачаар би хөлжиж чадсан. Харин одоо халамж анхаарал тавьж байсны хариуд нийгэм болон улсдаа талархахыг хүсч байна” гэж Хунь Шику хэлжээ.

Нийгэмдээ талархана гэдэг нь нийгмийн хариуцлагатай байна гэсэн үг бөгөөд хөрөнгө чинээтэй хүмүүсийн нэн тэргүүнд хүлээх үүрэг юм. Яагаад гэвэл, нэгдүгээрт, Хятад ядуу буурай улс, хоёрдугаарт, хөрөнгийг цагаан гараар хураадаггүй учраас нүглээ цагаатгах үүднээс, гуравдугаарт, хэрвээ намын бодлого байгаагүй бол баяжих боломжгүй байх байсан гэдгээ ойлгосон хэрэг.

Жишээ нь, “Се Хай” компанийн үйлдвэрлэдэг хийг өөр бусад олон зуун үйлдвэрт ашигладаг. Бизнес эрхлэгч Хань Шику эндээс ер бусын их амжилт олохыг хүсдэг. Зээл, татварын хөнгөлөлт, ажиллах хүчин гээд бусад нь бүгд Хятад улстай холбоотой. Тэгэхлээр улс ба нийгэм гэдэг бол эд баялгийн бурхан Цай Шень бөгөөд тэрбээр залуудаа тэр бурхны төлөө сангийн бойпор олноор нь бүтээсэн байна. Чухал шийдвэр гаргахын өмнө тэрбээр бурхнаас үргэлж зөвлөгөө авдаг бөгөөд бурхан алдаж байсан удаагүй аж.

Эд хөрөнгөө гайхуулаад байдаггүй, гэхдээ бас нуугаад байдаггүй энэ хүмүүсийг нийгэм даяараа сонирхож, атаархаж, бас тэднээр бахархдаг байна. Гэхдээ л тэд зүрх сэтгэлээрээ бол хөл нүцгэн тариачин, тэнүүлч яруу найрагч, жинхэнэ бурхны шашинтан хэвээр үлдсэн бололтой. Магадгүй энэ нь тэдний амжилтын нууц ч байж болох юм.

З.Амгалан
МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш