logo
Компьютероо түр орхихыг уриалж байна

Компьютероо түр орхихыг уриалж байна

2012/02/01
Үзэл санаагаа онлайн Do Be нийгэмлэгээр дамжуулан илэрхийлдэг интернэт хэрэглэгчид нэгдүгээр сарын ням гараг бүр компьютероо түр орхиж, цэвэр агаарт гаран бие биетэйгээ уулзаж, ярилцаж байхыг уриалж байна.

            Энэ арга хэмжээ нь дэлхийн мэдээллийн сүлжээг эсэргүүцэн тэмцэж, түүнийг муу муухай зүйл хэмээн үзүүлэх гэсэн хэрэг огт биш. Интернэт бол "нийгмээс тусгаарлах хэрэгсэл” бус харин мэдээлэл харилцааны хэрэгсэл гэдэг утгаар анх үүссэн юм гэдгийг л сануулж байгаа хэрэг гэж “Нетоскоп” сонинд бичжээ. Байж болох хийгээд бодит амьдрал хоёрыг хүмүүс ухаалгаар харьцуулан үзэж, интернэтийг интернэтийн төлөө ашиглахгүй байгаасай гэж тэд хүсч байна.

            Сая сая хүн өглөө бүрийг аяга кофе ууж, мэдээ сонсох юм уу цахим шуудангаа нээснээр эхэлдэг болжээ. ХХI зуун 2001 онд эхлээгүй харин үүнээс нэлээд өмнө, дэлхий дээр компьютерын сүлжээ өргөн олны хэрэгцээ болон нэвтэрсэн тэр үеэс эхэлсэн юм гэдгийг одоо зоригтойгоор хэлж болно.

            Интернэт нь хүн төрөлхтний салшгүй нэг хэсэг болжээ. 2010 онд цахим бизнес, цахим технологи, мэдээлэл харилцааны комисс "ICC" компани сонирхолтой судалгаа явуулсан байна. Тус комисс интернэтийг нэг өдөр бүрэн салгахад эдийн  засагт ямар нөлөө үзүүлэх талаар тооцоо хийхийг 90 орны эдийн засагчдаас хүсчээ. Интернэтийг нэг өдөр тасалбал дэлхийн эдийн засагт асар их хохирол учирна гэдгийг мэргэжилтнүүдийн ирүүлсэн мянга гаруй хариулт нотлон харуулж байна.

            Интернэтийг ердөө ганцхан өдөр тасалбал удтал үргэлжилсэн эдийн засгийн ноцтой уршиг дагуулах асар их алдагдал, хохирол учирна гэж санал асуулгад оролцсон мэргэжилтнүүдийн дийлэнхи нь үзэж байна. АНУ, Баруун Европын орнууд, Азийн зарим орон гэх мэт эдийн засагт нь интернэт хамгийн ихээр нэвтэрсэн орнууд асар их алдагдалд орно гэж үзжээ. Харин Оросын тухайд бол интернэтийг нэг өдөр салгавал  өчүүхэн саатал, тасалдал л гарна, бүхэлдээ эдийн засагт ноцтой хохирол учрахгүй гэж санал асуулгад оролцсон олонхи эдийн засагч дүгнэжээ.

            Дашрамд интернэт нь “офисийн ажлын цагийг үрэгч" учраас орчин үеийн компаниудад өдөр бүр ихээхэн хохирол учруулдаг ажээ. Интернэтийн сүлжээгээр явуулсан санал асуулгуудын дүнгээс үзвэл, офисын ажилтнуудын тэн хагас нь ажлын цагийнхаа тодорхой хэсгийг интернэт сүлжээнд өнгөрүүлдэг байна. Тэдний 40 хувь нь ямар нэг тодорхой зорилгогүйгээр сүлжээнд ордог гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэд ажлын цагаа интернэт-дэлгүүрийн барааг судлах, онигоо унших, тийз захиалах, садар самууны сэдэвт цахим хуудас харах, мөн шинэ ажил эрж хайхад зориулдаг аж.

            Интернэт ашиглагчдын дийлэнхи нь дэлхийн компьютерийн сүлжээнээс татгалзаж чадахааргүй байдалд орсон байна. Жишээлбэл, германчуудын 55 хувь нь интернэтгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй болсныг,  30-аас доош насны олонхи германчууд интернэт юм уу гар утаснаас татгалзсанаас машинд дайруулж үхэх эсвэл хайртай хүнээсээ хагацах нь дээр гэж үзэж байгааг өнгөрсөн жил "ВIТКОМ" компаниас явуулсан санал асуулга харуулсан байна.

            "YouGov" компанийн Их Британид явуулсан дээрхтэй төстэй санал асуулгын дүн байдал дээрхээс бүр ч түгшүүртэй  болсныг харуулжээ. Британичуудын 76 хувь нь интернэтгүйгээр амьдралаа төсөөлөхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бол 44 хувь нь интернэтэд орохгүй бол бухимдаж эхэлдэг гэж ярьжээ.

            Британичууд ус, гэрэл, хий таслахыг тэвчиж чадах боловч интернэт таслахыг бол үгүй гэнэ. Санал асуулгад оролцсон британичуудын 19 хувь нь гэр бүлдээ зарцуулдагаасаа илүү их цагийг интернэтэд зарцуулдагаа хүлээн зөвшөөрчээ. Интернэтээр дамжуулан харьцах нь түншдээ анхаарал тавихаас чухал гэж 20 хувь нь үзсэн байна. Харин 47 хувь нь интернэтийг шашнаас илүү чухалд тооцжээ.

            Насанд хүрсэн америкчуудын олонхи нь буюу 65 хувь нь интернэт хэрэглэх нь амьдралынх нь салшгүй хэсэг гэж үздэгийг "YouGov" компаниас явуулсан судалгаа харуулжээ.

            “Таны амьдралд юу чухал вэ? Интернэт үү, секс үү?” гэсэн асуултад америк эмэгтэйчүүдийн бараг тэн хагас нь /46 хувь/, эрэгтэйчүүдийн 30 хувь нь хоёр долоо хоног интернэтгүй байснаас сексдэхгүй байсан нь дээр гэж хариулжээ. 18-34 насны эмэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт 49 хувь,  35-44 насны эмэгтэйчүүдэд 52 хувь байжээ. 18-34 насны эрэгтэйчүүдэд 39 хувь байна.

            Харин АНУ-д интернэтэд холбогдохыг зурагтын нэвтрүүлэг үзэхээс ч илүүд үздэг болжээ. Америкчуудын олонхи нь /58 хувь/ нэг долоо хоног интернэт хэрэглэхгүй байснаас хоёр долоо хоног зурагт үзэхгүй байх нь дээр гэж үздэг байна.

            "Ipsos-Insight" компаниас явуулсан өөр нэг санал асуулгын дүнгээс үзвэл, интернэт ашиглагчдын бараг тэн хагас нь хоёр долоо хоногоос илүү хугацаагаар интернэтгүй байж чадахгүй гэж мэдэгджээ.

            Интернэт-хамаарал гэдэг ойлголт бий болсон нь гайхмаар зүйл биш аж. Үүнийг Хятадад клиникийн өвчлөлт гэж хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нэр томъёо нь интернэтэд орохыг хорхойсон хүсэх,  нэг орчихвол гарч чадахгүй болох гэсэн ойлголт юм.

            БНХАУ-д интернэт-хамаарлыг нийт улс үндэстнийг хамарсан асуудал гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Хятадын эмч нарын үзэж байгаагаар, өсвөр насны хятадуудын 42 хувь нь ямар нэг хэмжээгээр ийм өвчтэй болжээ. 18-30 насны хүмүүс интернэтэд хамгийн их хорхойсон татагддаг бөгөөд “интернэтээр мансуурагчдын” 70 хувь нь эрчүүд байдаг гэнэ.

Д.Жаргал
МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш