logo
Үсээ малгайнд “дарлуулахгүй” байх хялбар аргууд

Үсээ малгайнд “дарлуулахгүй” байх хялбар аргууд

2012/02/01
Өвлийн улирлын урам хугалдаг хэдэн юм бий. Хальтиргаа, хүйтрэлт, бас малгайнд даруулж шалчийсан үс. Нэгд нэггүй янзалж буржийлгасан үсээ, малгайнаас болоод сүйтгэхийг хүсэхгүй байвал дараах энгийн хирнээ үр дүнтэй 7 зөвлөмжийг дага. Үсээ малгайнд “дарлуулахгүй” байх 7 арга

1. Үснийхээ уганд лак цац
Чиний үс яг аль хэсгээрээ шалчийгаад, хэлбэрээ алдчихдаг вэ? Яг тэр хэсгийнхээ үсийг дээш нь өргөж байгаад уртынх нь тал хүртэл спрей цац. Энэ бяцхан арга чиний үсний хэлбэрийг бэхжүүлж, уганд нь наалдуулахгүй, хөвсгөр хэвээр нь байлгах болно. Энгийн мөртлөө үр дүнтэй байгаа биз?

2. “Малгайнд ээлтэй” засалт сонго
Буржгар үс, ноосон малгай хоёр хоорондоо тийм ч “эв найрамдалтай” байдаггүй. Тиймээс үнэхээр бариу малгай өмсөх хэрэг гарвал үсээ шулуутгаж индүүдэх нь дээр гэж зөвлөмөөр байна. Ийм үсийг малгайн дотор багтааж хийхэд амархан ба, малгайгаа тайлсны дараа доошоо тонгойж, үсээ “унагаад” эргэж босох юм уу, гараараа оролдоход л хэвэндээ орно.

3. Дотор орохоороо малгайгаа ав
Дотор малгайтай явах нь бүдүүлэг хэрэг гэх гэсэнгүй. Харин үсэндээ бага зэрэг “тусламж” үзүүлэхийн тулд малгайгаа аваарай. Нойтон, чийгтэй үс малгайны хэвэнд амархан ордог гэдгийг санаарай.

4. Хэт олон үсний бүтээгдэхүүн бүү хэрэглэ
Малгай өмссөн ч үсээ дур булаам засалттай хэвээр нь байлгахын тулд бидэнд мэдэх ёстой дахиад хэдэн юм бий. Үсчдийн хэлж байгаагар, бид малгай өмсөхөөсөө өмнө үсэндээ мусс, гел түрхэх гээд байвал “нэг гараараа нөгөөгөө барих” хэрэгтэй бололтой. Учир нь эдгээр наалдамхай бүтээгдэхүүнүүд үсийг шалчийхад нэрмээс болдог аж.

5. “Үсэнд ээлтэй” малгай сонго
Загварлаг бүрхээс өгсүүлээд, берет, кепка маягийн зай ихтэй малгайнууд олон бий. “Үсэнд ээлтэй” малгай сонгох нэг дүрэм бол дотроо зөөлөн, толгойг чинь аль ч талаараа барихгүй, уужим байх ядал юм.

6. Үсээ хөнгөхөн шуу
Үсээ хуруундаа ороож байгаад шилэн хүзүүнийхээ хавьд сулавтар шууж хавчаарай. Энэ бол хэлбэрийг нь сүйтгэхгүйгээр малгайн дотроо үсээ хумьж хийх номер нэг арга. Хэрэв тэр өдрийн чинь засалт шулуун бол, заавал шуулгүйгээр, сул боосон ч болно. Харин буржгар засалтын хувьд шууж хавчаад, невидинкаар илүү гарсан үсийг тогтоо.

7. Бүтээлчээр сэтгэ
Толгой, чих хоёроо дааруулахгүй байх малгайнаас өөр олон гарц бий. Жишээ нь зөөлөн, том, зузаавтар алчуураар толгойгоо ороогоод гарч болно. Мөн буржгар үсээ тэр хэвээр нь хадгалмаар байвал зөвхөн чихний даруулга зүүж болно. Гэхдээ гадуур удаан хугацаанд явах хэрэгтэй бол заавал толгой, дагз хэсгээ хамгаалаарай. Түүнчлэн, үслэг шубны том далбагар малгайг өмсвөл таны үсний засалт сүйдэхгүй.

Маргааш өглөө гэрээсээ гарахдаа энэ зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш