Казахстаны Уралск хотноо самбо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Олон улсын самбо бөхийн холбоо /FIAS/-ноос энэ жил “Дэлхийн цом”-ын дөрвөн тэмцээнийг зохион байгуулах бөгөөд эхнийх нь ийнхүү Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевийн нэрэмжит болж зохиогдлоо.
Тэмцээнд 20 орны 230 гаруй тамирчин зодоглов. Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, ерөнхий дасгалжуулагч Ж.Баярсайхан, дасгалжуулагч н.Энхбаяр нараар ахлуулсан самбочид тус тэмцээнд зодоглож, хоёр мөнгөн медаль хүртэв.
“Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Д.Амартүвшин 62 кг-д барилдаж, ОХУ, Азербайжан, Тажикистаны бөхчүүдийг ялж, хагас шигшээд Казахстаны тамирчинг ялсан ч аваргын төлөөх барилдаанд дэвжээний эзэн орны тамирчинд ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
Харин 82 кг-ын жинд барилдсан ОУХМ О.Болд-Эрдэнэ Тажикистан, Казахстан, Армяны бөхчүүдийг ялж, аваргын төлөө Гүржийн бөхөд ялагдсанаар мөнгөн медалийн тавцанд гарчээ.
Тэмцээний үеэр Азийн самбо бөхийн холбоо хуралдаж, Казахстаны самбо бөхийн холбоо¬ны Ерөнхийлөгч Мудрановыг ерөнхийлөгчөөр, Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очирыг дэд ерөнхийлөгчөөр сонгожээ. Самбын “Дэлхийн цом”-ын дараагийн цувралууд Москвад гуравдугаар сарын 24-27-нд, Венесуэлийн Каракаст зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 1-нд, дараа нь ОХУ-д аравдугаар сарын 5-8-нд болох юм.
Д.Догсмаа
МОНЦАМЭ