Колумбийн алдартай поп дуучин Шакира Урлаг, утга зохиолын Кавалерийн одон хүртэв. Францын энэ хүндтэй шагналыг тус улсын Соёлын сайд Фредерик Миттеран Канн хотноо болсон Хөгжмийн бүтээлийн олон улсын үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр гардуулсан байна.
«Та өөрийн уран бүтээлээрээ хүмүүсийн сэтгэл санааг сэргээж, хамгийн таатай, баяртай мэдрэмжийг төрүүлдэг» гэж сайд онцлон тэмдэглэжээ. «Би үнэхээр аз жаргалтай байна. Франц оронтой холбоотой гэдгээ ямагт мэдэрдэг. Та бүхний хайр хүндэтгэлд талархаж байна» гэж дуучин хэлжээ.
Өнгөрсөн жил дэлхийг тойрон хийсэн тав дахь аялан тоглолтынхоо хүрээнд Женев, Парист очих үеэрээ алдартай поп дуучин бүсгүй Францын нэрт хөгжмийн зохиолч Франсис Кабрелийн «Би түүнийг амьсгал хураах хүртлээ хайрлана» дууг дуулжээ. Энэ дууг франц, хагасыг нь испани хэлээр дуулсан нь франц болон швейцарьчуудад тун их таалагдсан бөгөөд зургаан долоо хоногийн турш Францын хамгийн алдартай синглүүдийн жагсаалтыг тэргүүлсэн байна.
Шакирагаас гадна энэ нэр хүндтэй шагналыг Францын алдарт дуучин Патрисия Каас хүртжээ.
Кавалер, офицер, командор гэсэн гурван зэрэглэл бүхий Урлаг, утга зохиолын одон 1957 оноос хүртээх болжээ. Энэ шагналыг урлаг, утга зохиолын салбарт амжилт олсон, тэрчлэн Францад болон дэлхий даяар урлаг, утга зохиолыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүмүүст олгодог байна.
З.Амгалан
МОНЦАМЭ