logo
СГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Жамъян: Анагаах ухаан хүний биеийг эрүүл байлгахыг нэгд тавьж байж, одоо сэтгэцийн эрүүл мэндийг нэгд тавьдаг болсон. Сэтгэлээс бүх юм үүдэлтэйг мэдсэн

СГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Жамъян: Анагаах ухаан хүний биеийг эрүүл байлгахыг нэгд тавьж байж, одоо сэтгэцийн эрүүл мэндийг нэгд тавьдаг болсон. Сэтгэлээс бүх юм үүдэлтэйг мэдсэн

2012/02/01
МЗЭ-ийн гишүүн, нэрт зохиолч Урианханы хөх чоно овогт Д.Жамъян. Говь-Алтай аймгийн Бугат сумын Хөшөөтийн голд XX зууны дунд үеэр мэндэлжээ.  Бага, дунд сургууль, ЦЕДС /1971/, Марксизм-Ленинизмийн их сургууль /1981-ийг тус тус дүүргэжээ. АА-ийн …-р ангид Улс төрийн орлогч, МАА-ийн төв хэвлэл “Улаан од” сонинд сэтгүүлч, УБТЗ-ын техникумд багш, Барилгын цэргийн …-р ангид улс төрийн ажилтан, “Нийслэлийн сонин бичиг”, “Улаанбаатар” сонинд сурвалжлагч, редактораар ажиллахын зэрэгцээ “Чоно” сонинг эрхэлж байхад нь Хууль зүйн яамнаас гаргахыг нь хориглож байжээ.

Асга чулуун дунд салхины чимээ сонсож өссөн эл уран бүтээлчдийн хүй дарсан чулуу нь Алаг хайрханы бэлд буй. Д.Жамъян 1985 онд анхны номоо “Уулын хөх манан” нэртэйгээр хэвлүүлсэн нь өдгөө нэгэнт олдохуйяа бэрх болжээ. Тэр цагаас хойш “Шинельтэй хүмүүс”, “Амбагай хаан”, “Чорос” тэргүүтэй 18 роман, гурван тууж, 44 үгүүллэг, таван кино зохиол туурвиж, уншигч олноо өргөн барьжээ. Мөн монгол зурхай, хүн судлал, алганы хээ судлалын чиглэлээр зургаан ч ном эмхтгэн хэвлүүлсэн байна. Сэтгүүл зүйн чиглэлийн нэн сонирхолтой туурвилууд ч үүн дээр нэмэгдэнэ. “Уулын хөх манан” номоороо МЗЭ-ийн шагнал /1999/, “Чингис хааны мэнгэ” романаараа Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /2009/, “Чингис хаан” кино зохиолоороо Монгол улсын “Соёлын гавьяат зүтгэлтэн” /2011/ хэмээх эрхэм дээд цолыг хүртжээ. Өдгөө “Нямгаваа фильм продакшн”-д мэргэжлийн зохиолч, продюссерээр ажиллахын зэрэгцээ Монголын Үндэсний Урлагийн Академийн тэргүүний албыг хашиж буй. “УЗУ” сонины энэ удаагийн “Утгын их хоймор”-тоо түүнийг ийн урин залсан болой. 

-…Юу юу гэнэ ээ, та?
-Эхлээд хүн болоод дараа нь зохиолч болох учиртай. Энэ бол бурхны сургаал. 

-Тийм шүү. Эхлээд хүн бол дараа нь бурхан бол.
-Хүн өөрөө гурван эрдэнээс бүтдэг. Хувирдаггүй оюун ухаан алтан эрдэнэ. Ус хэмээх чандмань эрдэнэ. Эцэст нь хүн бол бурхан. Гэтэл тэд бурхан болж чадахгүй байна. Дөнгөж зам руу нь орох гэж оролдоод л өнгөрчихөөд байна. Яагаад гэвэл нөгөө хоёр эрдэнэ болох оюуны болон биеийн эрдэнээ олж авч чадаагүйтэй холбоотой. 

-Тэгэхлээр урт, богино насална гэдэг мунхаг, цэцэн төлөв байдлаас ихээхэн шалтгаалах хэрэг болох нь ээ дээ?
-Яг нарийн яривал төвөгтэй. Мунхаг, цэцан аль нь ч урт насалж болно, аль аль нь богино настай ч байж болно. Яагаад гэвэл хүнд заяагдсан амьсгалын тоо гэж бий. Тэр нь гүйцдэг. Хүн ийн тэнгэрт халина. Манайхны ярьдагчлан амьсгал хураахаараа хүн бурхан болно гэж байдаггүй. Буруу ойлголт. Амьд ахуйдаа бурхан болох магадлал байхаас үхсэн хойно тийм юм байхгүй. Одоогийн анагаах ухаанд хоёр зүйлийг их анхаардаг болж. Анх энэ салбар хүний биеийг эрүүл байлгах явдлыг нэгд тавьж байсан бол одоо больсон. Одоо сэтгэцийн эрүүл мэндийг нэгд тавьдаг болсон. Өөрөөр хэлбэл сэтгэл санаанаас наслалт, эрүүл мэнд, сэтгэлийн хөдөлгөөн, бүх юм үүдэлтэйг ойлгочихож. Нөгөө Гегелийн “Оюун ухаан анхдагч, ахуй хоёрдогч” гэдгийн зөвийг баталж буй хэрэг. 

-Та түүхэн томоохон цуврал романууд гаргалаа. Судлагдахууны хувьд сонин хачин үйл явдал бишгүй тааралдаж байсан байх даа.
-Ялангуяа хаадын тухай түүхэн романууд их төвөгтэй. Хүмүүс түүхийг хөндөөд, зарим нь хөндөж чадахгүй үлдээгээд байдаг. Түүхэн зохиол бичих нь түүх бичиж буй хэрэг биш. Баримтаас уран сайхны гаргалгаа хийж байгаа хэрэг. 

-Ц.Доржготов агаа та нарт уурлаж байна лээ. “Муусайн юмнууд түүх гуйвууллаа” гээд л…
-Бид адилхан зохиолч хүн. Өөрөө бичээгүй байж хэн нэгэн зохиолч түүхэн сэдвийг хөндөж, хүний сэтгэлгээ рүү хандаад ирэхээр, хаадын түүх гэдэг агуу юм руу дөхөөд очихоор дундуур нь хаалт тавих гээд байж болохгүй л дээ. Энэ буруу юм л даа. 

-Монголчууд эрт цагаас агуу их хаадаараа оролдож байгаагүй нь бас учир шалтгаан байдаг биз ээ. Манайд л гэхэд эзэн Богдоо элдэвлэсэн зохиолчид бүгд “чадын хотгор” боллоо шүү дээ.
-Бид эзэн хаанаараа оролдохоор барахгүй оролдсон. Чингис хааныхаа алдрыг архи, тамхи, ер нь юм болгон дээр тавьж байна. Чингис хаанаа огт мэдэхгүй атлаа зарим улсууд бүр Чингисизм гэсэн онол гаргаж ирэхийг санаархаж байна. 

-Зарим шилдэг сэхээтнүүд эзэн хааныг их эгэл бидэн шиг нэгэн байсан гэж батлаад байгаа шүү дээ.
-Тэгсэн хүнийг бурхан цээрлүүлчихээд байгаа шүүдээ. Эгэл биш хүнийг эгэл хүн гээд байж болохгүй л дээ. Жирийн хүн ч миний эцэг бол би өөрөө юм гэдэггүй биз дээ. Хүн төрөлхтөн аугаа хүмүүн гэдгийг нь хүлээн зөвшөөрчихсөн байхад үр сад нь тэгж бусармаг хандаж болохгүй. Нулимж, угаадас цацаж бүр ч болохгүй. Би боддог. Чингис хаан монголчуудад хоёр том баялаг үлдээсэн. Нэг дэх нь асар их эрдэнэс нууцалсан онгон дагшин газар шороо. Монголыг хаан нь ахиад нэг өөд нь татаж үзэх гээд байна гэсэн үг. Өөр нэг юм үлдээсэн нь нүүдэлчдийн оюуны баялаг болох “Монголын нууц товчоо”. Энэ нь Чингис хааны ой санамж, одоогийн хэллэгээр бол онол юм. 

-”Монголын нууц товчоо” чинь хамгийн их хүчирхийлэл “сурталчилсан” уран зохиол юм биш үү. Аймаар аймаар юм ч их бий шүү дээ.
-Угаасаа хүн төрөлхтний араншин тэр. Чи бурхны судруудыг уншаад үз. …Тэр Давид, Соломон тэргүүтэй хаадууд яаж байна. Дээрээс нь хаан суудал гэдэг гав ганцхан. Тэр суудлын төлеө арав, зуу, мянган хүн явна шүү дээ. Нэг л сууна, бусад нь эрсэднэ. Нөгөө аугаа их Н.Нямдоржийн хэлдгээр сайхан хүүхэнд зуун зүрх тэмүүлээд ерэн ес нь шархалдагтай адил. 

-Тийм амьд тэмцлийн хууль нийгэмд хэрэгтэй юм шиг, тийм үү?
-Нийгэм бүхэлдээ тэмцэл байдаг. 

-Түрүүн та “Нууц товчоо”-той холбоотой нэг сонин юм яръя гээд байл уу. Энэ тухай өчнөөн хүн л элдвээр ярьж бичлээ дээ. Өөрөө дээр нь нэмэгдэх нь дээ.
-”Нууц товчоо”-гоо монголчууд мэдэхгүй, уншихгүй байна. Тэгсэн атлаа өчнөөнөөр нь хэвлээд л, Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу айл болгон хоймортоо хадаг юм уу торгонд боогоод залаад л байдаг. Чухам юу залчихсанаа ч ухаарахгүй сууж байгаа. Тэгвэл яг одоо “МНТ”-ны ордонг байгуулах хэрэгтэй. Эл зохиолд нийт 400-гаад хүний тухай бичсэн байдаг. Их Монгол улсыг байгуулсан Чингис хаан 88 хүний гавьяаг магтаж сайшаагаад газар нутгаар шагнаж, 95 мянганы ноён болгосон.
Хэрэв энэ 88 хүн байгаагүй бол Тэмүжин Чингис хаан болохгүй байсан. Чингис хаан Их Монголыг байгуулахгүй байсан. Тэгвэл тэр Чингис хааны ч юм уу, “МНТ”-ны өргөөнд энэ 88-ын хөрөг зургийг гайхамшигт хүлэг морьтой нь зуруулаад залах хэрэгтэй. Ерөөсөө Монгол улсад Чингис хаан, “МНТ” хоёрыг салгаж болохгүй. Хүн. морь хоёрыг салгаж болохгүй. Монгол хүн, хөх тэнгэр хоёрыг салгаж болохгүй. Гэтэл энэ төр олон түмэндээ тусдаа юмнууд гэж ойлгуулдаг. ‘МНТ”-г өөрийн гэсэн аялгуутай болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл “Нууц товчооны найрал хөгжим”, “Нууц товчооны цомнол”, “Нууц товчооны найрал дуу”… гээд л өөрөөс нь ургуулж гаргах хэрэгтэй. Тэр тансаг шүлэглэлээс одоо хүртэл яагаад аялгуу төрөхгүй байна вэ. Тэр ордонд нь энэ бүхэн эгшиглэж байх хэрэгтэй. Тийшээ ертөнцийн хүмүүс хөвөрч байх ёстой. Өргеөн дотор Тоорил, Таян, Жамуха…    хаадын баримлууд байх учиртай. Хэрэв эд байгаагүй бол Чингис хаан Их Монголыг байгуулахгүй байсан. Нөгөө муу зохиол олон байж сайн зохиол бий болно гэдэг шиг олон хаад байж нэгнийгээ өргөж гаргаж ирдгийг үр нялхаст ойлгуулах хэрэгтэй. Бас нэг гол юм “МНТ”-ны орд өргөөнд Монголын түүхтэй холбоотой дэлхийд хэвлэгдсэн бүх номыг авчирч залсан хосгүй номын сан байх ёстой. Бас нэг юм нь тэнд дэлхийг туурайгаараа тамгалсан домогт хүлгүүдийн музей ч байна. Энэ нь эцэстээ дэлхийг ганцхан зүгт соронздох аялал жуулчлалын агуу том брэнд болно.  

-Наадах асуудлын чинь тухайд үндэстэн даяар цаашилбал Монгол туургатан даяар төсөл болгоод зарлачих хэрэгтэй юм байна. Манайхан Мэгжид Жанрайсигийг босгодог шиг наад дээр чинь харин мөнгө хөрөнгө хаях байх шүү, Монгол цустнууд.
-Би энийг хоёр жил хөөцөлдлөө. Оюуны өмчийн газраас гэрчилгээгээ аваад үүнд хөрөнгө оруулчих хэн байна гээд хайгаад… Энэ бол Монголчуудын оюуны боловсролд хийж буй хөрөнгө оруулалт биш юм. Сэтгэл зүрхэнд хийж байгаа хөрөнгө оруулалт. Сэтгэл зүрхэнд юу байдаг гэхээр эх оронч үзэл, үндэсний бахархал, үндэсний үзэл гурав бий. Өнөөдөр дэлхий дээр байгаа бүх Монголчууд найман сая хоёр зуун мянга. Чингис хааны цустай хүн 16 сая. Монгол руу тэмүүлэгчид дэлхий даяар тоо нь нэмэгдэж байна. Тэр бүү хэл БНХАУ-ын 38 дахь Ерөнхий сайд Жун Рун Жи-г Чингис хааны алтан ургийн хүн байсныг манай Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн гуай олж мэдсэн шүү дээ. Хөөрхий тэр сайд Хятадын өндөр дээд албанд удаан тэсч чадаагүй. Манайхтай холбоотой байхыг би ч үгүйсгэхгүй. Алтан улс чинь Чигоо гэдэг гүнжээ хүртэл Чингис хаанд барьж байлаа шүү дээ. Энэ гүнжийг тооцвол хаан маань таван хатантай болчихоод байгаа.

-Их хааны хүүхнүүдийг та бидэн хоёр тоолоод яах ч юм билээ.
-Татвар эмс бол яахав. Тэр бол хамаагүй, зугааны хүмүүс. Тэгэхээр байна аа, одоо Монголчуудын зүрхэнд хөрөнгө оруулалт болгож “МНТ”-ны орд өргөөг цогцоор нь байгуулчих. Миний хандсан хүмүүсийн зарим нь хүлээн зөвшөөрсөн. Бид хамтраад ямар ч байсан эхэлнэ. “Ажнай” корпораци, “Хан брой” гээд л… 

-Наадахдаа “Женко”-гийн Х.Баттулгыг оруулаач. Монгол цус нь оргисон их чухал хүн. Одоо тэр Хятадын бодлого дор байгаа, өөрсдөө ч Хятадыг магтаад байгаа “MCS” группийн эсрэг ганцаараа үзэж байна шүү дээ.
-Би дам хүнээр хандсан. Мань хүн “их ажилтай байна” гэсэн тайлбар өгсөн байна лээ. Ядахдаа өөрөө уулзаж чаддаггүй. Би түүнийг тэнгэрт оршдог аугаа их Чингис хааны Төв Ази дахь аварга морьт хөшөөг үйлдсэнийх нь төлөө өчүүхэн боломж л гарвал магтдаг юм. УИХ-ын гишүүн Х.Баттулга шиг ийм юм хийчихсэн хүн мөнхөд Монгол төрийн дээд албан тушаалд заларч байх ёстой.  Энэ хүн УИХ-д сууж байх ёстой. Ийм л сэтгэл зүрхтэй хүмүүсийг тэнд аваачиж суулгах ёстой. Тэр бизнесмен, юм хумаа худалдаж барьдаг улсууд хамаагүй. Тэр битгий хэл “Женко” Баттулга Ерөнхий сайд байж болох хүн. Би зулгуйдаж байгаа юм биш. Ямар ч байсан энэ хүн мандтугай!

-Бүтвэл сайхан л байна. Гэхдээ одоо эх дэлхий маань хөрвөчих гээд байна шүү дээ. Нээрэн сөнөчихвөл яана аа.
-Дэлхий гайгүй байх аа. Хүнээр болбол 40 нас дөнгөж гараад явж байгаа гэсэн байх шүү. Яахав, од эрхсийн их олон давхцал үүсэх юм билээ. Нараа cap нь, сараа дэлхий нь, дэлхийг Буд нь… хаагаад л, ямар однууд нь хаанаа бөөгнөрч гинжин урвал үүсгэхийг хэлж мэдэхгүй нь. Нөгөө л орчлон ертөнцийн нэг хувирал нь байх л даа. Хүмүүс энэ орчлонг өнөө болтол таниагүй байгаа. Тэр бүү хэл сарыг харь гарагийнхан сансрын нислэгийн буудал болгочихсон тухай чи дуулсан уу. Бүр зай байхгүй байна гэсэн. Дээрээс нь манай дэлхийн хэсэг баячууд сарны талбайг хуваагаад худалдаад авчихлаа шүү дээ. АНУ-ын сансрын нисгэгч, анх саран дээр буусан азтай нэгэн Армстронг “Хүмүүс ээ, cap луу хэн ч нисэж болохгүй. Би нэг нууцыг 20 жилийн дараа задалж байна. Тэнд харь гарагийнхан дүүрэн байна. Энэ тухай хүйтэн дайны үед хэнд ч хэзээ ч дуулгаж болохгүй гэсэн үүргийг надад өгсөн. Одоо бол би хэлэхэд айх юм алга” гэж 2009 онд хэлсэн шүү дээ.
Дэлхий сөнөлөө гэж бодоход би нэг юманд баясдаг. Юу гэвэл хүнтэй гарагууд сансарт нээгдчихлээ. НАСА тэдний долгионыг авчихлаа.

 -Долгион гэснээс та одоо яг ямар зохиол дээр ажиллаж байна вэ
-”Өгөөдэй хаан” роман дээр ажилгасаар л байна. Олон жил бичлээ. Үүгээр миний таван хаадын түүх өндөрлөнө. За тэгээд эротик, сэтгэл зүйн зохиолууд дээрээ их ажиллах байх. Миний сав хэмжээтэй.

-Монгол орон тун саяхнаас л дэлхийн аялагч, судлаачид хийгээд цөлмөгч зэрлэгүүдийн анхаарал, нүдний цөцгийн шуналд өртөж эхэллээ. Энэ ч эрүүл ухаанаар бодоход нэг их сайн ёр биш байх аа.
-Манайд нэг муу юм байна. Бид алт, нүүрс, зэс бусад ашигт малтмалуудыг зүгээр л түүхийгээр нь залгиад идэж байна. Тэр нь цөөхөн хүний амаар орж гулгидас нь буцаад гарч байна. Гэтэл нөгөө оюуны асар их эрчим нь хоосорч сулраад л… Ухаандаа Хархориныг бид малтаж нээчихээд, гялгар цаас тавиад    буцаагаад булчихсан. Таван километрийн харьцаатай хэрмэн хашаа бүхий эртний нийслэлийг одоо болтол нээдэггүй. Герман- Монголын экспедиц анх бүгдийг нь ухаж тогтоолоо шүү дээ. Дэлхийн эртний том соёлын өв болсон Орхоны хөндийн Хархориныг өнөөдөр нээх хэрэгтэй. Дээгүүр нь цаг агаарын үзэгдлээс хамгаалж хүлэмж маягийн юм барих хэрэгтэй болох байх. Тийшээ дэлхийн хүмүүс мөн л цувж байх ёстой. Тэнд уураар халж байсан хоолойнууд, шалан дээр нь эртний гоёмсог “плита”… Монголын XIII зуун тэр чигтээ газар доор байж байна. Бүр эвдэрснийг нь сэргээн босгох хэрэгтэй. Ромын балгадуудаас дутвал гэж. ЮНЕСКО дархалчихсан гээд булаатай нь байж болохгүй л дээ. Хүн судлалын төвийн дарга, эрдэмтэн доктор Батсуурь гэнэ үү, нэг нөхөр “Энд хэн ч хөл тавьж, эзэмших эрхгүй” гээд л ханхалзаад байдаг. Болохгүй ээ, яаралтай задалж дэлхийд үзүүлэх хэрэгтэй. Аялал жуулчлалын том төв байгуулах хэрэгтэй. Яагаад гэхээр дэлхий дээр хүн үүссэн цагаас хойш дэлхийн хот ердөө хоёрхон байсан. Дэлхий нэг хаантай байх үед Монголд Хархорум байлаа. Дараа нь дэлхийн нийслэл Парис байсан. Тэндэхийн оюун санааны дэлбэрэлт урлагаар дамжиж явагдсан. Дэлхийн уран барилгын дурсгалуудыг франц хүн бүтээсэн байдаг. Түүн лүгээ Монгол бол агуу үндэстэн юм. Орчуулагч, сайд Гомбосүрэн гэдэг хүн еврейг агуу үндэстэн гэж байна лээ. Үгүй дээ, Монгол минь агуу үндэстэн юм аа. Тэр хүн хойноос хэдэн үгүүлбэр хэлнэ лээ. Би бол яагаад тэнгэрлэг агуу юм бэ гэдгийг зүгээр л батална. 

-Бошигт хааны тухай олон сурвалж бичиг, утга зохиолд үгүүлсэн нь элбэг. Таны зохиолд түүнийг нэг тийм аятайхан талаас нь гаргасан юм уу даа гэж санaгдсан шүү.
-Галдан өөрөө хутагт хувилгаан хүн. Нөгөө талаас хаан хүн. Өндөр гэгээнтэй гүнзгий зөрчилтэй. Эхлзэд Халх монгол Манжиддагаар орсон. Галдан хаанаас хойш 68 жилийн турш Ойрад буюу Зүүнгарын хаант улс Манжид эзлэгдээгүй. Тэд бууж өгөлгүй Цэвээнравдан, Галсанцэрэнгийн үе дуусаад, Амарсанаагийн үед дотоодын зөрчилдөөний улмаас Манжид эзлэгдсэн. Түүхэнд Галдан Бошигт хааны төрсөн он cap зөрөөтэй байдаг. Зарим нь 1644 онд тбрсөн гээд, нөгөө хэсэг нь 1651 онд гэдэг. Уулгалан дайрагч, алан хядагч хаан гэдэг. Миний Галдангийн тухай бичиж буй оюун санааны цөм маань тэр таван хэлтэй, гурван тамгатай, соён гэгээрүүлэгч нэгэн байсан.  

-Томоохон түүхэн кино хийхэд өнөөдөр хичнээн төгрөг шаардагдах бол?
-Мэргэжлийн хальсан дээр зураг авалт хийж, Галдан Бошигтын тухай нэлээд гайгүй түүхэн кино бүтээлээ гэж бодоход дор хаяхад таван сая ам.доллар шаардагдана. Ийм зардлаар хийсэн киног Монголд гаргана гэвэл ердөө шаталт. Өөрөөр хэлбэл Баяржаргал, Жамъян гуай хоёр хөтлөлцөөд нэг тийшээ алхана шүү дээ. Тэгэхээр зэрэг кинонд менежмент хийдэг арга бидэнд бий. Киног дэлхийд худалддаг байгууллага ч гэж бий. Тэр гарцыг л ашиглах учиртай.  

-Их хааны киног зөвхөн монгол зохиолчийн бүтээлээр монгол хүн л хийж чадна гэлцдэг. Үүнтэй санал нийлэх үү?
-Ухаандаа Чингис хааны дүрийг нарийн гаргана гэвэл Евроазиийн тэр их байлдан дагуулалт, долоон сая 700 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг эзэлсэн тэр дайны түүх гэдэг барж идэх хоол биш. Монгол хүн эндээ том кино хийчихнэ гээд зарим улсууд жижиг жижиг юм санаад байдаг бололтой. Их хааны тухай дэлхий дээр өнөөдөр 30 гаруй кино бүтээгдсэн. Үүнээс цааш ахиад өчнөөн кино бүтээгдэнэ. Төгс юм гэж байхгүй.

-Монголын зохиолчдоос хэний бүтээл танд таалагддаг вэ?
-Ч.Лодойдамба гуайн “Тунгалаг Тамир”-ыг уншихад монгол ахуй, нүүдэлчдийн гайхамшигт амьдралын онцлог мэдрэгддэг. Гэхдээ сэтгэлгээний нарийн нууц байхгүй бүтээл л дээ. С.Эрдэнийг би бүр багаасаа уншсан. Одоо ч уншдаг. Тэр хүн зүгээр нэг захиа, сонины үгүүллийг хүртэл гайхамшигтай урладаг. Ерөөсеө С.Эрдэнэ гэдэг хүн Бунин, Хэмингуэй энэ тэрийн зиндааны хүн. Жижиг Монголын зовлонгоос болж энэ хүн дэлхийд гарч хараахан амжаагүй байна. Өөрөөр хэлбэл төрмөл зохиолч. Одооны энэ зохиолчдыг би дүгнэх эрхгүй. Манай Д.Норов мундаг шүү. Одоо юм хийж байна уу, үгүй юү. Зохиолчид дунд амьдаараа үхчихсэн улс их олон. Их эмгэнэлтэй.

-Зохиолчид маш олноороо төрж, бүтээл нь ч өрөмний өт шиг. Харамсалтай нь дүгнээд дуугарчих хүн алга.
-Жаахан амсхийлт байлгүй. Сэтгэлгээний чиглэл рүү ороод ирэхээр гайхасхийгээд зогсчихно. 

-Хамгийн хайртай бүтээл чинь юу вэ?
-Нэрт зохиолч агсан Ж.Дашзэвэг бид хоёрын бичсэн “Туулайн бөөр жимс” гэдэг тууж бий. Миний найман ботийн хоёр дахь ботид байгаа. Миний бүтээлээс “Уулын хөх манан”, “Домборын эгшиг” гэж бүр залуудаа бичсэн хоёр үгүүллэг бий. Огт санамсаргүй төрсөн бүтээлүүд. Бүтээлийг хийдэг. Эсхүл бүтээл төрдөг. Төрмөл, хиймэл хоёрын ялгаа маш их. Нэг зураачийн бүтээлийг одоо болтол би гайхдаг. Тэнгисболдын “Өвгөн хуурч” гэдэг зураг бий. Ганцхан шар өнгөний найрслаар хийсэн бүтээл. Хараад байхаар дотроос нь юм нээгдээд л байдаг юм. Түмэн зураг зурж, жил бүр үзэсгэлэн    гаргадаг зураачдаас юу ч үлдэхгүй шүү дээ. 

-Таны уран бүтээлийн багш хэн юм бэ, ингэхэд?
-Норов бид хоёр чинь найман настайдаа шүлэг бичээд Хөшөөтийн чулуун дээр сууж байлаа шүү дээ. Юм бичих гал сэтгэлдээ асаагаад, элдэв дээдийн юм эрээчээд яваад л байлаа. Сүүлд нь би гэв гэнэт Шолоховын “Дөлгөөн Дон”-ыг дөрвөн ботиор нь уншаад, дахиж уншаад “За зохиол гэж ийм л юм байдаг юм байна” гэж гүн бат ойлгосон. 

-Уран зохиол ирээдүйд бүр хэрэгцээгүй болох мэт бодож сэтгэдэг улс малын хачиг шиг үржиж байна. Аймаар шүү.
-Хүний оюун ухааныг зохион бүтээх боломжгүй. Өөрөөр хэлбэл анагаах ухаан төгс хөгжлөө ч мэдрэлийг шилжүүлэн суулгах боломжгүйтэй адил. Оюун ухааныг хийж болохгүйтэй адил утга зохиолыг хийж болохгүй. Масс бол шар сониноо ч юм уу, комьютерийн мэдээллүүдээ л уншина. Ер нь уран зохиол гэдэг дээд төвшний хэрэгцээ. 

-Анхны чинь номын тань өмнөх үг хасагдаж байсан гэсэн. Ямар учиртай юм бол?
-Эрдэмтэн зохиолч С.Гаадамба гуай дээр миний ном хуваарилагдаж очсон юм билээ. Мань хүн уншиж үзээд нэг их гоё үг биччихэж. “Үзэг нэгт нөхрийнхөө…” гээд л. Главлит дээр бариад очсон чинь “Өө, Гаадамба гуай та өөрөө том зохиолч байж анхныхаа номыг хэвлүүлж байгаа залууд юун их ач холбогдол өгдөг юм. Наад үгийг чинь хэвлэхгүй. Та өөрийнхөө архивт хадгал” гээд буцаагаад өгчихөж. Тэгээд л “Уулын хөх манан” өмнөх үггүй гарсан түүхтэй. 

-Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой энэ онд ч үргэлжилнэ. Өнөөгийн засаг төр үндсэндээ чив чимээгүй өнгөрөөж байх шиг санагдах юм. Оросууд уу, эсвэл Хятадууд төр бариад байна уу?
-Сэргэн мандлын 100 жилийн ойн хувьд шашинтай хэтэрхий хутгалдсан учраас ингэсэн байж магадгүй гэж миний хувьд зөвтгөж бодоод байгаа. 

-Чингис хааны үед ч шашин төрийн хэрэг явдал дэндүү аймаар хутгалдаж байсан биз дээ.
1248 онд Гүюгийг хаанд өргөмжлөгдөхөд Жүвээний гэж нэг хар лам ирсэн байдаг юм. Тэр хүн Чингис хааны тухай “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” гэдэг ном бичсэн. Тэр номны төгсгөлд, христос, лалынхан, буддистууд, бөө нар эзэн хааныг бүгдээр дагалдан явна. Гэтэл нэг өдөр эзэн хаанд лам нар “Одоо бидэн явж ханалаа. Сүмээ цогцлоох газрыг та бидэнд зааж өгөөч” гэж. Хариуд нь эзэн хаан “Бидэнд тийм зав үгүй. Та бүхэн газар дээр толбо битгий үлдээ. Наад сүмээ өөрсдийнхөө оюун санаанд байгуулцгаа” гэсэн утга бүхий үгийг бичсэн нь буй.

 -Дээхнэ та их зохиолчийн амьдарч байсан өрөөнд санамсаргүй хоносон уу?
-1986 онд би Германы Лейпциг хотод очсон. Хотын төвд Дуурийн театрын яг хажуу талд “Амринг” гэж зочид буудал байна. Москвагийн “Метрополь” шиг нэг тийм жижигхэн буудал л даа. Нэг давхрынх нь нэг өрөөнд гурав хонолоо. Нөгөө Марксын их сургуультай гудамж шүү дээ. Гэтэл яг явахын өмнө ханан дээрх дурсгалын самбарыг анзаарч уншсан чинь юу гэж бичсэн байсан гэж бодно. “Энд Монголын их зохиолч Д.Нацагдорж амьдарч байлаа” гэсэн байдаг байгаа.

 -Та сүмбүм хүүрнэлээ жаргааж, даяар Монгол түмэндээ юу гэж үглэх сэн бол. Ингээд хоёул энэ цагийн яриаг жаргаасу.
-”Багшид мөргөе! Номд мөргөе! Бурханд мөргөе! Газар, тэнгэрт мөргөе! гэе дээ. Ертөнцийн дөрвөн үндсийг бид төвдөөр биш монголоор нь хэлж сурах ёстой. Үүнийг заавал мэдээрэй гэж дүү нараас аминчлан гуйя! 

Ж.Баяржаргал
Эх сурвалж: “Утга зохиол урлаг” сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш