logo
Нөөцийн махны худалдаа «НО»-той бус уу?

Нөөцийн махны худалдаа «НО»-той бус уу?

2012/02/03
Монголчууд биднийг өөрс­дөө байтугай гадныхан хараад махгүйгээр төсөөлж чадахгүй нь үнэн. Сүүлийн үеийнхэн өөхнөөс айдаг болохоор тарган мах олдох магадлалтай. Тэгээд ч өнгөрөгч зун газар ногоо сайн гарч сайхан зун, налгар намар болсон болохоор мал таргалахаас ч яахав.
Үнэндээ ч хуучцуул өөхнөөс айдаггүй байсан цаг бий. Бодит амьдрал дээр одоо ч иймэрхүү. Монголын уран сайхны кинон дээр бууцыг хэрхэн таллаж, том томоор хэрчсэн өөхийг яаж улаан хоолойгоороо давуулан гулгуйлж байдаг сан. Харахад л андашгүй. Гэвч энэ бүхнээс үүдэн бодоход сүүлийн үеийн «хүүхдүүд» өөх тосноос «үхтэлээ» айх юм гээч. Гайгүй тарган амттай махаар хоол хийвэл айж цэрвэхээс гадна өөх, тосыг нь бушуухан хамж, халимж авахыг яана. Үнэхээр өөх, тостой мах зооглох амны хишиггүй л юм бол тийм хүмүүс туранхай махтайгаа л зууралдаж байвал барав. Ёстой л амны хишгээ гөвчихсөн барманууд тийм байдаг байх. Эсвэл одооны залуусын яс чанар нь тэгтлээ муудуудаа юу?. Бензин шатахууны үнэ өссөнөөр бүх юмны үнэ тэнгэрт хадлаа. Өдийд өөхтэй сайн мах байтугай, өөхгүй саар мах ч олдохгүй, олдлоо ч үнэ ихэсчихсэн цаг шүү дээ. Удахгүй цагаан сар болох гэж байгаа тул тэрхүү зоогоо нэг мөсөн идчихдэггүй болохоор үнэтэй ч гэсэн ууц авч тавьчихаад барааг нь хараад сууж л таарна. Нийслэлийн хүн амын 2010 оны хэрэгцээнд зориулж 12.0 мянган тонн махыг 21 аж ахуйн нэгж бэлтгэн худалдаалж эхэлсэн. Мэдээж энэ нь нөөцийн мах. Энэ махаа нийслэлийн есөн дүүрэг дэх 319 дэлгүүрээр борлуулж байгаа бөгөөд нэг хороонд 2-3 цэгт уг мах борлогдож байсан. Гэвч «Сайны хажуунаар саар» гэгчээр өнөөх махны олдоц тун тааруухан байгаа юм байна.

Баянгол дүүргийн
үйлчлүүлэгч Б.Шарав:

-Би нөөцийн мах авах гэж өдөржин дараалалд зогсоод барсан­гүй. Золтой хөлдчихөлгүй шиг гэртээ буцаж харилаа. Хөгшчүүл дараалалаа бариад зогсож байтал залуучууд нь дайрч урдууд ороод мах аваад явах юм. Тарвага ичээнээсээ гараад нөөцийн «мах»-аа дулааны улиралд хүртдэг бол хүмүүс бид нөөцийн махаа өвлийн улиралд бие биентэйгээ өрсөлдөн олж авдаг болж байгаа бололтой. Түрүүн залуучууд өмнүүр дайраад авчихдаг тухай дурьдсан.  Яг үнэндээ тэд сайндаа авч ар гэрийнхэндээ тус болох гэж байгаа юм биш. Олноороо ирж зогсож байгаад авсан махныхаа үнийг өсгөж борлуулдаг л байхгүй юу гэлээ.
Нөөцийн мах өндөр настан, хөдөлмөрийн чадвараа түр алдаг­садад зориулж, үнийн хямдралаас гадна жижиглэнгээр борлуулах учиртай. Уул нь нөөцийн махныхаа нэг хэсгийг 1.0-2.0, бүр 3.0 кг-аар жижиглэж савлаад «Нөөцийн мах» гэсэн хаяг шошготой нийлүүлэхээр зохицуулсан юм билээ. Ийм шийдвэр нь бодит амьдрал дээр хэр зэрэг биелэлээ олж байгааг бүү мэд. Мөн «Хүчит шонхор», «Баянгол», «Бэлх», «Хархорин» зэрэг захуудад болон «Бөмбөгөр» худалдааны төвд лангуу гаргаж, нөөцийн мах худалдаж эхэлсэн. Үүнээс гадна махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүрэг тус бүрт махны өргөтгөсөн худалдааг  сар бүр зохион байгуулах ёстой юмсанж. Бодвол зохицуулж байгаа биз. Гагцхүү үр дүн нь хаанаасаа гарч, хаагуураа илрээд байгаа нь жирийн худалдан авагч эгэл нэгэн үйлчлүүлэгчид мэдрэгдэхгүй л байх шиг.
Бас нэг аюул байна. Тэр нь үнэ өртгөөс нь зай барьж, завшъя гэсэндээ нөөцийн мах руугаа яагаа ч үгүй шуудраад орчихдог бололтой. Цаад сав нь хэмжээтэй болохоор өдөрт авчирч борлуулсан мах нь гялс мялс дуусаад байгаа гэлцэнэ. Жинхэнэ их сав нь дундрахгүй юм аа гэхэд хомсдож таарна. Тэр цагт махны үнэ улам өсөөд эхэлбэл ямар арга хэмжээ авч, юугаараа, ядуу зүдүү, ядарсан, чилээрхсэн зон олноо гийгүүлэх юм бол доо гэж бодогдох. Гэхдээ нөөцийн мах бэлтгэхэд зориулж нийслэлийн төсвөөс 6.8 тэрбум төгрөг гаргажээ. Мэдээжээр аймаг болгонд нөөц мах арвин байгаа нь эргэлзээгүй. Гагцхүү үнэ гээч юмтай л үерхэж нөхөрлөхөд хүндхэн байх болов уу? гэж таамаглахад хүрэв.

Чингэлтэй дүүргийн
үйлчлүүлэгч С.Долгор:

-Махны үнэ өссөн учир хямдхан үнэтэй нөөцийн мах авахад хэцүү байна. Би хүүхэд, шуухадтай нийлж, хойно урдаа орж, даарч бээрч байж хонины бага шиг мах авлаа. Нэг кг-ыг нь 3200 төгрөгөөр авсан. Одоохондоо гадуур үнэтэй мах байх нь байна. Нөөцийн мах олдвол амьдрал ахуйд арай дээр юм шиг. Яг үнэндээ тэтгэврийн мөнгө хаанаа ч хүрэхгүй юм байна шүү гэв.
Нийслэлийн иргэдийн хэрэг­цээнд зориулж нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулсан. Уг худалдаагаар нийт 17 байршилд 374 тонн мах худалджээ. Үүний тэн хагасыг гулуузаар худалдсан байна. Цаашдаа сар бүр махны өргөтгөсөн зах зээл худалдаа гаргах ажээ.
Ингээд «Хүчит шонхор» захаар явж очив. Тэнд махны худалдаа өргөн дэлгэр, үйлчлэгчдийн хөл хөдөлгөөн ч их байлаа. Цагаан сар дөхөж байгаа болохоор ууцтай махны борлуулалт тун их байлаа. Харин худалдан авч байгаа хүн нэг, хоёроос хэтрэхгүй байх шиг санагдсан. Гэсгээж эвтэйхэн эвдээд ууцыг тавьчихвал боломжийн гулууз мах цөөнгүй байв. Үнэ нь 123.0-150.0 мянган төгрөг аж. Бууз хийх махны тооцоонд орсон болохоор ямааны мах кг нь 4700 төгрөг, үхрийн мах 4400 төгрөг байлаа. Мах борлуулахад бас учир байна.Тус захаас нэгэн үйлчлүүлэгч санаандаа нийцсэн сайхан мах аваад харьж л дээ. Гэтэл гэсгээгээд үзтэл шалчийсан юм болж хувирчээ. Энэ мэт «хуурамч» мах борлуулж ашиг олдог «Хулх» мэр сэр байдаг бололтой. Нөгөө талаар «Хүчит шонхор» зах нөөцийн махыг өглөө эрт бөөндөж аваад үнэ нэмж зардаг гэсэн мэдээлэл байгаа нь нэгийг хэлж байлаа.
Ядарч туйлдсан иргэдэд нөөцийн мах амь тариа гэсэн үг. Ийм хүмүүс цөөн биш болох нь тодорхой. Улсын хэмжээнд 200.0 мянган хүн хуулийн дагуу төрөөс халамжийн үйлчилгээ авдаг гэсэн. Эдгээрийн дийлэнх нь махны үнэ, махны гачаалд байгаа нь эргэлзээгүй. Иймээс нөөцийн мах хэрэгтэй байгаа үнэн. Гагцхүү зөв эзэндээ очиж зууш болох болтугай хэмээн бас дахин өчих минь.
Д.Сэрээтэр
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш