logo
Автобусанд хамруулан мөргүүлсэн есөн автомашины хохирлын хэмжээг тогтоов

Автобусанд хамруулан мөргүүлсэн есөн автомашины хохирлын хэмжээг тогтоов

2012/02/03
Сансрын нүхэн гарцаас доош МУИС руу уруудах замд “Сансар-III, IV хороолол” чиглэлийн УНА 45-07 улсын дугаартай том оврын автобус есөн автомашиныг хамруулан мөргөсөн осол өнгөрсөн сарын 24-нд гарсан. Ослын хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагууд нийт 15 сая 821 мянган төгрөг хэмээн тогтоосон байна. Одоогийн байдлаар нийт найман машинаас УБН 33-44 дугаартай “Hyundai Accent”, УБН 49-04 дугаартай “Toyota Vitz” маркийн автомашины хохирлыг барагдуулжээ.
Бусад автомашины хохирлыг төлж барагдуулахаар “Тэнүүн-Огоо” компанийн жолооч Д.Бэлгэдэмбэрэл даатгалын компанид хандаад буй аж. Учир нь осол гаргасан автобусны жолооч “Тэнүүн-Огоо” компанийн шугамын автобус байсан бөгөөд гүйцэж түрүүлэн хурд хэтрүүлсэн хэмээн буруутгагдсан.
“Тэнүүн-Огоо” компанийн удирдлагууд “Тухайн өдрийн өглөө автобус техникийн үзлэгт орсон. Ямар нэг эвдрэл, гэмтэл байгаагүй. Манай компанийн бүх жолооч нар жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан” хэмээн мэдэгдсэн.
Жолооч дээрх даатгалд хамрагдсанаар жилд 10 сая төгрөгийн нөхөн төлбөр авах боломжтой аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш