logo
Монгол улс 20 гаруй хоттой болох уу?

Монгол улс 20 гаруй хоттой болох уу?

2012/02/03

Аймгийн бүсийн төвүүд болон Бор-Өндөр, Замын-Үүд сумыг хот болгох асуудлыг УИХ-аар ярьж эхэллээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Зарим хотуудад улсын зэрэглэл тогтоох тухай» УИХ-ын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хэлэлцсэн юм. 21 аймгийн төв, дээр нь Бор-Өндөр, Замын-Үүд гээд нэмбэл улс маань 20 гаруй хоттой болох нь. Бүсийн найман төвийн 7 нь аймгийн төвтэй давхцаж байгаа бөгөөд ганцхан Хархорин л давхцаагүй байгаа юм. Тэгэхээр Хархоринг бас хот болгох ёстой болж байна.

Гэвч энэ асуудалд гишүүд нэлээн шүүмжлэлтэй хандаж байсан юм. Наад зах нь гэхэд аймаг, сум, хот гэсэн давхцал бий болно гэж үзэж байна. Тухайлбал, Ховд аймаг. Аймгийн төв нь Жаргалант сум. Төвийг нь хот болговол Ховд хот болно. Ингэхээр Ховд аймаг, Жаргалант сум, Ховд хот гэсэн статус бий болно. Төсөл санаач­лагч­дын тайлбарласнаар орон нутгийн засаг дарга нь хотын захирагч байх гэнэ. Хэрэв ингэх юм бол аймгийн засаг даргын тамгын газар, сумын засаг даргын тамгын газраас гадна хотын захирагчийн ажлын алба гэж бий болно. Зөвхөн орон тоо талаас нь бодоход л холион бантан шиг юм болохоор байгаа аж.

Түүнчлэн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд 50000-аас дээш оршин суугчтай хотод улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэж байгаа үүрэг, хотжилт, дэд бүтцийн хөгж­лийн түвшинг нь харгалзан улсын зэ­рэглэл тогтоож болно гэж заасан байдаг. Гэтэл энэ хуулийн заалтыг хангах хот ердөө хэдхэн байдаг аж. Гэтэл хэлэлцүүлгийн үед Д.Загд­жав гишүүн нийслэлийн Бага­нуур дүүргийг хот болгох санал гарга­лаа.

Түүний хэлж байгаагаар хүн ам, эдийн засгийн хувьд зэргэлдээ аймаг сумаасаа хавьгүй илүү давж гар­сан төдийгүй нийслэлээсээ аймаг алгасан 100 гаруй км-т байдаг, өмнө нь хотын статустай байсан гэдгээс нь харахад ч хотын статустай бол­гоход болохгүй юмгүй гэнэ.

Түүнээс гадна энэ асуудлыг хэлэлцэх дээр тулах юм бол Үнд­сэн хууль руу хүссэн хүсээгүй орох болно гэж зарим гишүүд хэлж байсан юм. Гишүүд тогтоолын төслийг нэлээн шүүмжилсэн ч ямар ч байсан УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдэх нь зүйтэй гэж үзэн дэмжлээ.

МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш