logo
Шалгалт /хошин өгүүллэг/

Шалгалт /хошин өгүүллэг/

2012/02/04
Дондог багшийг өглөө гэрээсээ гарахад авгай нь:
-Миний өвгөн, ээ дээ, биеэ бариарай гэж дахин дахин захиж байлаа. Түүний мэдлэгтэй сайн багш болохыг бүгд хүлээн зөвшөөрдөг хэдий ч сүүлийн арван жилд хорин сургууль дамжчихаад байгаа хүн. Золигийн шалгалтаас болж л сургуулийн хаалгыг тас савчихдаг зуршлаа өнөөдөр цэглэхээр шийдэв. ”Алийн болгон амьтанд адлуулж явахав. Энэ сургуульдаа цаашдаа суурьшиж ажиллая” гэж Дондогт бодогдлоо.
Шалгалт эхлэхэд Дондог ”биеэ л барих юм шүү” гэж өөртөө дахин дахин шивнэж байлаа. Хамгийн түрүүнд гал Гэрэлээ гэх, сурлагаар ч, урлагаар ч галтай охин инээмсэглэсээр босож ирлээ.
-Билет арван гурав, Шүүх хурлыг хойшлуулах... гэж эхлээд овоо дуржигнах аядсанаа мэддэг орос хэл дуусав бололтой таг боллоо. Нэмэлт асуултад хариулж чадсангүй. Ангидаа толгой цохидог сурлагатайг нь бодоод Гэрэлээд зуун оноо тавих ёстой боловч хуруу нь хөдөлж өгөх биш. Шүдээ чихартал зууж, хуруугаа нужигнатал хүчилж байгаад 95 ”А” гэж тавилаа. Гэрэлээгийн нүд томрон гайхаж байснаа царай нь хувьсгээд хаалга саван гарав. Түүний араас сурлага урлагт биш ам хэлэнд галтай Сувдаа босож байна.
-Хичээл ярихгүй шууд дүнгээ авна гээд толгойгоо хаяллаа.
-Юу...? гэх зуур Дондогийн гар чичирч, шүд шажигнан зуурч ирсэн боловч биеэ хүчлэн барилаа.
-За яагаад тэр билээ? гэж асуулаа. Сувдаа хэнэг ч үгүй толгойгоо хаялсаар жалир жалирхийлгэн бохь зажилж байх агаад,
-Ном авсан хүүхдүүдэд шууд ”ная бий” тавьдаг юм ш дээ гэж хэлээд бохио тасхийлгэн дуугаргав. Тэр өмнө энэ хичээлийг зааж байсан Ганаа багшийн номыг дөрвөн мянгаар авсан юм санж. Сувдаагийн сурлагын дэвтэрт 80 ”В” тавьж байхуйд гарын арван хуруу нь гадаа гудамжинд яваа хүнд дуулдахаар нужигнан дуугарч байснаар барахгүй гарын үсэг зурахад дэвтрийн цаас ширхийн урагдлаа.
Дондогт ”өнөөдрийн шалгалтыг яагаад ч давшгүй нь” гэх бодол зурсхийв. Дотроо буцалж буй уур хорслыг нуун оюутнуудын өмнө төв царай гаргахыг хичээлээ. Хартал Баатар босоод түүн рүү алхаж явна. “Энэ одоо яаж халаадаг бол!” гэхээс дотор арзганалаа.
-За, Баата-а-р! Нээрээ бэлэн гэж үү? гэж асуувал, Баатар нэрэндээ хэтэрхий жижигдсэн бор хүү өмнөөс зориг муутай харлаа. Оюутнууд ”яах нь вэ?” гэсэн байртай хаалганы завсраар шагайж, чих тавин чагнаж, бие биенээ нударч байгааг Дондог багш зөнгөөрөө мэдэрч байв. ”Хоёрдугаар дамжаанд дөнгөж арван гурван оюутан үлдсэн. Хүүхэд унагааж хэрхэвч болохгүй” гэх захирлын үг чихэнд шуугина. Юу ч мэдэхгүй, мулгуугийн цаад мулгуу, оюуны хомсдолыг унагаад өгөх юмсан гэх аазгай дотор загатнуулж байсан ч тэр яаж ч чадахгүйгээ мэдэж байлаа!
-Эрх зүй гэж.., зүйг хэлнэ... гээд Баатар таг боллоо.
-Ямар зүйг хэлнэ гэнэ ээ?
-Нөгөө юу яадаг.., юм оёдог зүү..! Билет сугалаад асуултаа бичиж суусан гурван оюутан түсхийтэл инээсэн бол Дондог дэмий л санаа алдлаа. Баатарын сурлагын дэвтэрт 60 ”D” гэсэн дүн тавьж байхдаа гар чичирч байсан ч итгэмээргүй тайвширчихсан байлаа. Тэгтэл өнөөх чинь нүдээ бүлтийлгэчихсэн,
-Багш аа, би ном худалдаж авсан шүү дээ гэж байна.
-Юу..? гэвэл,
-Бас баяраар танд бэлэг авахад тал мөнгий нь би гаргасан..! гэх нь тэр. Дондог өөрийн мэдэлгүй,
-Гар зайл! Муу оюуны хомсдол! хэмээн чарлачихсан байлаа. Дараа нь бас нэг гай нь таталдсан амьтан хүрч ирж 0 ”F” дүн тавиулаад гартал түүнтэй зөрөн сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгчээ дагуулан харайн орж ирлээ.
-Нэг хүүхэд унагана гэдэг чинь, сургууль дөрвөн зуун мянган төгрөгөөр хохирно гэсэн үг шүү дээ, Дондо-о-г гэж байна. Эрхлэгч захирлын үгэн дээр хошуу нэмж,
-Гэрэлээ ”өөр сургуульд шилжинэ” гэж уйлж над дээр ирсэн. Манай шилдэг оюутныг ингэх гэж байх уу?.. гэснээ уруул нь өмөлзлөө.
Дондог сургуулийн хаалгыг тасхийтэл саван хаалаа. Уур нь орой болтол гарсангүй. Үдэш авгай нь түүний дуртай цэцгэн буузыг хийн аргадаж, ”Монголд хуулийн дээд сургууль мундсан биш, өөр нэгэнд нь орчихно шүү дээ” гэж тайвшруулж байлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш