logo
Инновацийн тухай хуулийг Байнгын хороогоор нухацтай хэлэлцэхээр тогтов

Инновацийн тухай хуулийг Байнгын хороогоор нухацтай хэлэлцэхээр тогтов

2012/02/06
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн эхний асуудал нь Инновацийн тухай болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүд байлаа. УИХ-ын гишүүн Н.Ганбямба болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байв. Уг асуудлыг хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Энэ хуультай холбоотой БСШУЯ, ҮХШХ-ноос гишүүдэд баахан бичиг ирээд байна. Ийм байх ёстой, тийм байх ёстой гээд хоёр газар маргалдаад яваад байна. ШУА-аас бас бичиг ирсэн байна. Энэ асуудлыг нягталж, ойлголцож байж хэлэлцэх хэрэгтэй байх гэлээ. Харин уг хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, БСШУЯ, УИХ-ын гишүүд 2 хууль өргөн бариад, тэдгээр хуулиудыг нийлүүлж хэлэлцсэн. Маргаантай хэсэг дээр яам, ҮХШХ-ний хүмүүстэй ярилцаж шийдэлд хүрсэн. Бичиг өгөөд байгаа байгууллагууд эрх мэдлийг авах тал дээр маргаад байгаа. Хуулийг зөвхөн өөрийнхөө таалалд нийүүлэх гэж гишүүд рүү бичиг барьж гүйдгээ болих хэрэгтэй гэсэн хариултыг өгсөн.
УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Төсвийн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэж байхад би цөөнх болсон. Тэр үед үүсээд байгаа байдалтай холбогдуулаад асуудлыг хэлэлцэхийг хойшлуулбал яасан юм бэ гэж хэлж байсан. Монголд ийм төрлийн 32 сан ажилладаг. Тэдгээр санд огт аудит хийлгээгүй байдаг. Бие даасан аудитын шалгалт орох ёстой. Тэр шалгалтын дүнг сонсоод, дараа нь 33 дахь сангаа байгуулья. Энэ хооронд инноваци хоцорчихгүй. Тэгээд ч Засгийн газраас ийм зорилгоор тусгай сан байгуулах нь зөв үү, үгүй юу гэдгийг бодох ёстой гэж хэлсэн юм. 
УИХ-ын гишүүн С.Ламбаа, Инновацийн хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ ажлын хэсгийн гишүүд хуульд 2 бүлэг нэмснээс болоод асуудал үүсээд байна. Өргөн барьсан хууль дээр ажлын хэсэг арай дэндүү өөрчлөлт хийжээ. Ямар лоббигоор үндсэн зарчмаас нь өөрчилсөн юм бэ. Эсвэл бодлого юм уу. Энэ хууль гарснаар ШУА татан буугдана. Тийм концепцоор явж байгаа. Инновацийн хуулиар шинжлэх ухааны зэрэг байгууллагын тогтолцоо руу холилдож орох ёсгүй байсан юм. Түүнээс болоод бичгүүд ирээд байна. Бид асуудалд бодитой хандах ёстой. Цоо шинэ бүтцийн асуудал орж ирчихээд байна. Тийм учраас асуудлыг хойшлуулах хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Ганбямба, БСШУЯ-ныхан тогтолцоог хуучнаар нь байлгаж өгөөч гээд гишүүдийн өрөөгөөр хангалттай явсан. Салбарын сайд энэ тогтолцоог дэмжиж байна гэж хэлсэн. Тэгээд гишүүдийн өрөөгөөр явсан хүмүүстэйгээ ч уулзсан гэсэн. Монголд анх удаа инновацийн тогтолцоо бий болох гэж байна. Хуульд асуудал байхгүй. Ажлын хэсэг сайн ярьсан гэлээ. 
Гишүүд ийн хэлэлцсэний эцэст Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат энэ асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг хойшлуулаад байнгын хороон дээр нухацтай ярилцья гэсэн саналыг хэлсэн тул асуудлыг энэ удаад хэлэлцэхийг хойшлууллаа.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш