logo
Зовхины дасгалаар хөгшрөлтөөс сэргийлээрэй

Зовхины дасгалаар хөгшрөлтөөс сэргийлээрэй

2012/02/06
Өглөө бүр нүүрээ будахын өмнө зовхи, хөмсөгний дасгал хийхийг хичээ. Толинд харж байгаад эхлээд доод зовхио өргө, дараа нь хөмсгөө өргөх мэтээр дасгалыг үргэлжлүүлээрэй.

Дараагийн дасгал, толгойгоо эгц байлгаж, урагш хараад нүдээрээ эргэх хөдөлгөөнийг цагийн зүүний дагуу болон цагийн зүүний эсрэг хийнэ.

Гимнастик хийсний дараа зовхиндоо чийгшүүлэгч крем түрхээд 5-10 минут болсны дараа тэжээлийн тосыг түрхэнэ. Орой унтахын өмнө сормуусны будаг, зовхины тенийг тогтмол, зөв арчиж цэвэрлэх нь зовхинд үрчлээ суухаас сэргийлэх чухал ач холбогдолтой. Нүдний будалтыг тусгай зориулалтын будаг арилгагч эсвэл бүлээсгэсэн ургамлын тосоор арчиж цэвэрлэх хэрэгтэй.

Сормуусыг үзүүрт нь хөвөн ороосон савхаар цэвэрлэх нь илүү тохиромжтой байдаг. Тенийг гоо сайхны салфетикаар нүдний давхраанаас сормуусны чигт арчиж цэвэрлэнэ. Дараа нь зовхийг нүдний дотоод булангаас хөмсөгний дагуу нүдний гадна булан руу доод зовхийг нүдний гадна булангаас дотно булан уруу тус тус цэвэрлэдэг.

Долоо хоногт 2-3 удаа зовхиндоо халгайн хандаар 15-20 минут жин тавиад массаж хийхийг зөвлөж байна. Нүдний орчимд массажийг тун болгоомжтой хийгээрэй. Дээд зовхинд хамраас хөмсөгний дагуу нүдний гадна булан хүртэл доод зовхинд нүдний гадна булангаас хамрын чигт хурууны өнгөөр иллэг хийгээд дараа нь дээрх чиглэлийн дагуу тогшилт хийж массажийг дуусгана.

Бактерийн эсрэг саванг удаан хэрэглэх хэрэггүй
Шингэн, шүүлттэй, бактерийн эсрэг, цайруулах үйлчилгээтэй, кремтэй гэх мэтчилэн олон төрлийн саван худалдаанд бий болжээ. Эдгээрээс сонголтоо хэрхэн зөв хийх вэ?

Кремтэй саван
Хатуу болон шингэн хэлбэрээр байдаг. Үлэмж хэмжээний чийгшүүлэгч бодис агуулсан ийм төрлийн савангаар угаахад арьс хуурайшдаггүй. Харшилтай, эмзэг арьсанд ч тохиромжтой. Гэхдээ энд нэг зүйлийг анхааруулахад хуурамч үйлдвэрлэгч нар олширсон тул зөвхөн нэртэй фирмийн кремтэй саванг худалдан аваарай.

Бактерийн эсрэг үйлчилгээтэй саван
Уг савангаар удаан хугацаанд угаах хэрэггүй. Учир нь ийм төрлийн саванд триклозан хэмээх хортой бодис байдаг эсэх тухай маргаан өнөө ч үргэлжилсээр байна. Нүүрээ энэ савангаар угаахгүй байхыг зөвлөе.

Шингэн саван
Хатуу хэлбэрийн савантай харьцуулахад шингэн саванд чийгшүүлэгч элемент их байдаг. Жимстэй, самартай гээд элдэв төрлийн тансаг үнэртэй шингэн саванг шүршүүрт орох үедээ гель маягаар хэрэглэж болно. Шингэн саван нь тайвшруулах элементтэй тул эмзэг, улайлт өгдөг арьсанд тохиромжтой.

Шүлттэй саван
Энэ төрлийн саванг тослог арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Шүлт нь тослогийг багасгаж, нүх сүвийг агшаах, үрэвсэх явцыг зогсоодог байна. Ердөө л 2-3 долоо хоногийн дараа, богино хугацаанд үр дүн нь мэдэгддэг давуу талтай. Мөн энэ төрлийн саван нь мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй байдаг юм шүү.

Цайруулах үйлчилгээтэй саван
Ховор боловч ийм төрлийн саван байдаг. Ийм төрлийн саванд цайруулах гэхээсээ илүү чийгшүүлэгч бодис давамгайлсан байна. Тиймээс энэ төрлийн саван арьсанд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй.

/Геологи уул уурхайн/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш