800 сая гаруй буюу дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй Facebook компани хувийн хэрэглэгчдийн статусаа олон нийтийн болон компанийн статус болгож өөрчиллөө. Өөрөөр хэлбэл Facebook компани IPO буюу анх удаа олон нийтэд хувьцаагаа гаргажээ. Нийт хувьцаагаа 5 тэрбум доллараар үнэлж байгаа юм байна. Facebook компани хувьцаа гаргаснаар ашиг нь хэд дахин өснө гэж тооцоолжээ. Өнгөрсөн жил уг компани реклам сурталчилгаанд харамгүй мөнгө зарцуулж, компанийхаа ашгийг 85 хувиар өсгөж, ойролцоогоор тэрбум долларын ашигтай ажилласан байна. “Сэйжворкс” компаний захирал Брайн Хамилтоны ярьж байгаагаар Facebook аль хэдийнэ өөрсдийн гэсэн орон зайтай болсон бөгөөд урьдчилан тооцоолж байгаагаар Facebook компаний үнэлгээ 100 дахин нэмэгдэж, одоо байгаагаас 18-25 дахин ашигтай ажиллах гэнэ. Мөн энэ байдлаараа бол Facebook компанийн хувьцаа хөрөнгийн биржийн түүхэн дэх хамгийн өндрөөр үнэлэгдсэн хувьцаа болох магадлалтай байна. 12 сарын байдлаар 845 сая Facebook-ийн байнгын хэрэглэгч бүртгэгдэж, тэдгээрийн тал хувь нь өдөр бүр өөрсдийнхөө дансанд нэвтэрч, хэрэглэж байсан баримт байна. Энэ нь уг вебсайтыг үндэслэгч Марк Зукербергийг илүү завгүй, илүү их мөнгөтэй болгоно гэсэн үг юм. Морган Станли, Жэй-Пи Морган, Голдман Сакс зэрэг санхүүгийн компаниуд Facebook-ийн хувьцааг хөрөнгө оруулагчид нь зуучилж өгнө. Одоогоор ямар хөрөнгийн бирж дээр Facebook-ийн хувьцаа зарагдах нь тодорхойгүй байна.
Shuum.mn
Shuum.mn