logo
Ж.Сүхбаатарыг дахин сонголоо

Ж.Сүхбаатарыг дахин сонголоо

2012/02/09
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр үдээс хойш Төрийн ордны “А” танхимд боллоо. Эхлээд тус байнгын хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн С.Батболд энэ үеэр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Сүхбаатарыг улираан сонгох саналаа хэлсэн. Тэрээр мөн МАН-ын бүлгийн гишүүд ч хурлаараа энэ шийдвэрийг гаргасан болохыг дурдсан.
Ингээд санал хурааж, байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний ес нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар хэвээр үлдээхийг дэмжлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын дараагийн асуудал бол Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудал байв. Ингээд тус дэд хорооны гишүүдийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах тухай байнгын хорооны тогтоолыг батлав. Үүнд хоёр намын бүлгээс нэр бүхий гишүүд багтсан бөгөөд намын бүлгүүдээс нь ирүүлсэн нэрсийг үндэслэсэн юм.
Мөн Өргөдөл, гомдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн 9 гишүүнтэй баталсан.
Дараагийн асуудал нь Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдахь хэлэлцүүлэг байлаа. Уг асуудлыг авч хэлэлцээд байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэн болно. З.Энхболд, Ч.Сайханбилэг нарын гишүүд энэ үеэр үг хэлж, асуулт асуусан. Тэд, төлөвлөгдөөгүй байсан 172 тэрбум төгрөг гэнэт ороод ирсэн юмуу, тэгвэл бонд гаргахаа болих уу, инфляцийн дараа дараагийн нөлөөллийг алс хэтэд нь бодож үзсэн үү гэх зэргээр асууж байлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш