logo
Сирийн Хомс хот манай гаригийн хамгийн халуун цэг болоод байна

Сирийн Хомс хот манай гаригийн хамгийн халуун цэг болоод байна

2012/02/11
Сирийн хямрал хүчирхийлэл дээд цэгтээ хүрсэн энэ мөчид НҮБ-ын Аюулгүйн зөвлөл юу ч хийж чадахгүй байна. Өнгөрсөн жилийн Арабын хавраас өнөөг хүртэл дэлхий дахины анхаарлын төвд халуун цэг болон үлдсэн нь Сири улс юм. Сирийг дөчөөд жил үе улиран захирч байгаа Ерөнхийлөгч Башар Ассад өөрийг нь зөөлөн сэнтийгээс нь авч хаяхаар тэмцсэн босогч, эсэргүү нэртэй сөрөг хүчнийхний голомт болсон боомт хот Хомсыг газрын хөрстэй тэгшлэх даалгавар өгсөн тухай хэвлэлүүдээр шуугиж байна. Сүүлийн хоёр долоо хоногт Сири дэх аллага, хүчирхийлэл улам бүр хяналтаа алдаж өдөрт зуу зуугаар мөргөлдөөнд өртсөн энгийн номхон иргэд амиа алдсаар байгаа юм. Чөлөөт Сирийн хувьсгалт арми хэмээх цэргийн хүчин командлагчийнхаа хамт Ерөнхийлөгчөөсөө урваж босогчдын талд орон Башар Ассадын эсрэг тэмцэж байгаа ч танк, их буу, пуужин харвагч зэрэг хүнд зэвсгүүд, агаарын хүчин, тэнгисийн байлдааны хөлөг онгоцоор дэмжүүлсэн Засгийн газрын цэргүүдийн өөдөөс хүч мөхөсдөж байгаа юм. Башар Ассадын ордонд Турк, Иран, Арабын лиг, Европын холбоо, НҮБ, АНУ-ын төлөөлөгчид өч төчнөөнөөрөө ирж очин байх зуур өдөр бүр танк, их бууны галд өртөн Сирийн хотууд балгас болж хүний цус гол мөрөн шиг урссаар ирлээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаж цэрэг зэвсгийн хүчээр энэхүү хямралыг зохицуулахаас өөр аргагүй боллоо хэмээн олонхи улсууд санал нэгтэй дуугарсан. Гэвч ОХУ, Хятад улсууд өнгөрсөн жилийнхтэй адил Аюулгүйн зөвлөл дээр хориг тавьж Сирийн асуудалд хөндлөнгөөс оролцохыг таслав. Үүнийг олон улсын ажиглагчид ОХУ ойрхи дорнод дахь өөрийн сүүлчийн үнэнч холбоотноо алдахгүйг чармайж байна хэмээн дүгнэж байгаа. Мөн ОХУ үеээ өнгөрөөж буй асар их зэвсэг техникээ шахах найдвартай зах зээлээ үл алдахыг хүснэ, Оросуудын зэвсгээр хуяг дуулгаа зузаалах Башар Ассад Сири орны хөрөнгийг Кремльд илгээж хариуд нь найдвартай ар тал хүсэмжилнэ. Харин АНУ болон түүний дагалдагсадтай Африк тивийн баялаг дээр ид өрсөлдөж буй хятадууд ойрын арван жилдээ багтаж ойрхи дорнод руу тэмүүлэх болно. Энэ жил Хятадын коммунист намын шинэ үе төрийн удирдлагад гарч үүнийхээ зэрэгцээ ойрхи дорнод дахь цоо шинэ бодлого хэрэгжиж эхлэх аж. Тиймээс ойрхи дорнодод нэг ч гэсэн улсыг барууныханд алдахыг Хятад хүсэхгүй байгаа. Энэ мэтийн учир шалтгаануудын улмаас НҮБ-ын Аюлгүйн зөвлөл өнөөг хүртэл Сирийн талаар тав дахь удаагаа хуралдсан ч Хятад, Оросын бойкотноос хэтэрч хямралын галыг унтраах ямар нэгэн дорвитой алхам хийж чадсангүй. Үнэхээр дэлхийн халуун цэгт явуулах НҮБ-ын бодлого аль нэгэн гүрний үзэмжээр шийдэгддэг, тиймээс энэ байгууллагын нэр хүнд, нөлөө унасаар сөргөлдөгч гүрнүүдийн байгуулсан НАТО, Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэг гэх мэт байгууллагуудад дэлхий дахин үзэл бодлоороо хуваагдах вий хэмээх айдас ч энэ цаг мөчид бий болж байгаа. Сирийн тухай асуудал НҮБ-ын тавцанд мухардлаас гарч чадахгүй гацах зуурт Хомс хотод дайны галд хүмүүс зуу зуугаараа хөнөөгдсөөр байгаа юм. Засгийн газрын цэргүүд Хомс хотыг газрын хөрснөөс арчихаар улайран довтолсоор л.  Сири хэрвээ Ливи шиг газрын баялагтай байсан бол өдийд байдал шал өөр байх байсан хэмээх сэтгэгдэл CNN-ий Сиритэй холбоотой мэдээллүүдийн доор урссаар л. Энэ ч үнэний ортой. Том гүрнүүдийн шуналыг татсан байгалийн баялагтай улс байсан бол Сири хэзээний Ливийн араас орж Башар Ассадын толгой босогчдын хөлд өнхрөх байсан бизээ. Зовлонт Каддафигаас ч илүү их гараа цусанд бялдсаар байгаа Башар Ассадын хугацаа нь тодорхойгүй уналтын төлөө ард түмэн нь үхлээрээ наймаалсаар л. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг дагалдан яваа хүмүүсийн цувааг Сирийн нийслэл Дамаск хотноо очиход Ерөнхийлөгч Башар Ассадыг дэмжигч нийслэлийн иргэд халуун дотноор угтан авсан. Иргэд ОХУ-ын туг далбааг барьж зам дагуу жагссан байх бөгөөд хэд хоногийн өмнө НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр Арабын Лигээр дамжуулан Сирийн эсрэг арга хэмжээ авах гэж байсанд  хориг тавин зогсоосонд нь Оросуудад ихэд талархаж буйгаа илэрхийлж байсан. Сергей Лавров, Башар Ассад нарын уулзалт ажиглагчдын үзэж байснаас богино хугацаанд болж өнгөрсөн. Уулзалтын дараа сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэл болон Итар Тасс агентлагаар цацагдсан мэдээлэлд ОХУ-аас тавьсан гал зогсоож сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээрийн ширээний ард суух саналыг Сирийн Ерөнхийлөгч хүлээн авсан тухай дурджээ. Олон улсын ажиглагчид үүнийг Башар Ассадын ээлжит цаг хожих гэсэн оролдлого хэмээн үзэж байгаа. Сирийн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас Сергей Лавров, Башар Ассад нарын уулзалтын дараа хийсэн мэдээлэлд дурдсанаар “Сирийн Засгийн газар нь улс орныхоо төлөө алан хядагч болон бусармаг, хууль бус аргаар төрийн эрхийг авахыг хүссэн, арабын хавар нэртэй хувьсгалын давалгаагаар далимдуулж төрийн эргэлт хийж улс оронд тогтворгүй байдал үүсгэхээр завдсан гадаадын хатгалгын эсрэг ийнхүү тэмцэж байгаа юм” хэмээжээ. Засгийн газрын тайлбараар бол одоо Сирийн хамгийн халуун цэг болоод буй Хомс хот нь алан хядагч болон төрийн эрхийг авах гэсэн зэвсэгт бүлэглэлүүдийн үүр уурхай болоод буй бөгөөд тэднийг дарахаар тулалдаж буй Сирийн зэвсэгт хүчнийг энгийн иргэдийг хоморголон хөнөөж буй мэтээр худлаа мэдээлэл цацаж буй барууны хэвлэлүүдийг буруутгасан байна. Гэсэн хэдий ч Сирийн засгийн газрын мэдээлэлд итгэхэд бэрх юм. Учир нь Хомс төдийгүй Сирийн олон хотод мөргөлдөөний хөлд олон зуун гэмгүй номхон иргэд өртөж амиа алдсаар байгаа юм. Сирийн аюулгүй  хүчнийхэн босогчдын тулалдаж буй хэдий ч нийт ард иргэдийн санаа бодол Ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг байгаа учраас тэдний зүгт ч мөн бууныхаа амыг хайр найргүй чиглүүлсээр байгаа аж. Үүнийг Сирид сурвалжлагчдаа ажилуулж байгаа олон улсын мэдээллийн агентлагууд Сири иргэд гэрэл зураг, видео бичлэг зэрэг хөдлөшгүй баримтаар нотолж байгаа юм. Зарим бичлэгт Сирийн Хомс хотын иргэд “Ерөнхийлөгчийнхөө дэглэмийг эсэргүүцсэнийхээ төлөө Засгийн газрын цэргүүдэд хайр найргүй хядуулж байгаа Сирийн ард түмнийг юу ч хийлгүй ажиглаж байгаа хүн төрөлхтөнд баярлалаа” гэсэн утга бүхий харууслын үгс хэлсэн нь телевизүүдээр цацагдсан байна. Байдал нэгэнт ийм болсон хойно ОХУ төлөөлөгчдөө илгээж хямралыг зохицуулах арга хэмжээ авч буй нь нэгэнт оройтсон тухай барууны орнууд мэдэгдэж эхлээд байна.  Сирийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор АНУ зэрэг хэд хэдэн улсууд тус улс дахь элчин сайдын яамаа Дамаскаас татсан. АНУ-ын эрх баригчид  Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад тус улсын төрийн эрхэнд байх хугацаа хэдхэн хоногоор хэмжигдэх болсон ба АНУ-ын зүгээс яаралтай арга хэмжээ авах болсон гэж мэдэгдсэн. Ажиглагчид үүнийг АНУ-аас Сирийн эсрэг авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээ, эсхүл ОХУ-тай тохиролцсон тохиолдолд НҮБ-ын мандаттай цэрэг оруулах тухай асуудал ч байж мэднэ хэмээн таамаглаж байгаа юм. Яг одоогийн байдлаар Хомс хот хүмүүс хамгийн олноороо амиа алдаж буй манай гаригийн аймшигт цэг болоод байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш