Хүүхдийн нэр барьж, өргөмжлөл хүртэн бизнес хийж яваа дуучид, уран бүтээлчид борооны дараах мөөг шиг олширчээ. Тэдний тэргүүн эгнээнд мэдээж НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин, “Ариун сэтгэл” сангийн тэргүүн, МУГЖ Т.Ариунаа багтаж байгаа юм. Хүүхдийн төлөө “За” гэж хэлцгээе хэмээн рок, попынхныг уриалж, “Нарны хаан хүүхдүүд” дууг бидний чихэнд хоногштол дуулан нэг хэсэг хүүхдийн нэрээр чамгүй нэр хүнд олж авсаар Т.Ариунаа Монгол улсын гавъяат хэмээх эрхэм цолыг хүртээд авсан. Хүн бүр, хүүхэд бүхэн түүнийг хүүхдийн төлөө сайн сайхныг хийж бүтээж, дуулж яваа нэгэн гэдэгт итгэдэг. Гэхдээ сайн бодоод үзвэл үнэхээр хүүхдийн төлөө Ариунаа яг ийм зүйл хийсэн, тэрийг хийсэн гээд оноогоод хэлчих зүйл байдаггүй нь түүний хоосон өргөмжлөлийн нэгэн илрэл биз ээ.
Монголын чансаа өндөртэй дуучдын тэргүүнд нь алхдаг энэ “эрхэм” бүсгүй телевиз, радиогоор хүүхдийн төлөө бүхнийг зориулж яваа мэт ярьдаг. Гэвч гурван сая төгрөгний ханштай дуулдаг хүүхдийн элч дуучин маань хүүхдийн төлөө хийж буй арга хэмжээ, аливаа хандивын тоглолтонд мөнгө нэхэж, өгч чадаагүйд нь татгалзсан хариу өгдөг ажээ. Хүүхдийн нэрээр шоудаж, хэтэвчээ зузаалж яваа уран бүтээлчид ганц Ариунаагаар зогсохгүй, ар араасаа шил дараалан энэ сэдвээр бизнес хийсээр байгаа юм.