logo
Нохойд ээлтэй хүн  (шог өгүүллэг)

Нохойд ээлтэй хүн (шог өгүүллэг)

2012/02/11
Мөнхөө ээлжийн амралтаараа ойрын нэгэн аймгийн малчин хадам ахындаа айлчилжээ. Хадмынхан нь ч сайхан хүлээж авч, Мөнхөө ч нэрээ хөөдөхөөргүй бэлэг сэлттэй очиж…
Хүргэн дүүгээ хүндэтгэн хонь төхөөрч, шүүс бэлтгээд зогссонгүй тогоо нэрж, хавийн айлуудыг урьснаар бяцхан найр болжээ. Энэ бүхэнд баярласан хүргэн нь биеэ сул тавьж нэлээд балгав. “Нэг суудал дээрээ найзтайгаа таван лонх сулладаг намайг энэ зэргийн шимийн архи яаж согтоохов” гэж дотроо бодно. Дуу, наргиан үүсч, бяцхан найр чинээндээ тулах үед Мөнхөөгийн нүд эрээлжилж, хөл гуйвж эхлэв. Согтсон эсэхээ шалгая гэж бодоод гуяныхаа дотор талаас чимхэж үзвэл өвдөж байсан болохоор өөрийгөө согтоогүйд тооцлоо...
Сөн чилж, найр өндөрлөх болжээ. Мөнхөө ганзагаа уудлан гурван лонх архи гаргаж ширээн дээр тавиад,
-Би согтоогүй, миний ухаан саруул байна. Худлаа гэвэл харцгаа! гээд нэгийг нь ганцаараа хөнтөрчихөв. Саахалт айлын бүсгүй,
-Ямар аймаар юм бэ хэмээн дуу алдасхийв. Мөнхөө,
-Энэ юу ч биш. Одоо би хадам ахын “Хурдан халтартай танилцана! Зуудаг нохой гэл үү? Би түүнээс айхгүй! Худлаа гэвэл харцгаа!” гээд царнаас тарган хонины сүүл шүүрэн авч, уяатай нохой руу тэнтэр тунтар алхлав. Балмагдсан хүмүүс,
-Болохгүй ээ! Яаж болдгийм, нохойд уруулчихна! гэвэл,
-Талы нь уруулахад тал нь үлдэх юм чинь хэмээн Мөнхөө цүлхгэр гэдсээ пад пад алгадав.
Нохой архирч, гинжээ шаржигнуулахад Мөнхөө нөгөө сүүлээ нулимж нулимж,
-Танилцъя, би Мөнхөө байна! Зээрэн халтар минь май! гээд хаяж өгөв.
Нохой ч үл таних зочныхоо бэлгийг тааламжтайяа зооглов. Мөнхөөгөөс дахин горьдож сүүлээ шарвагануулан эрхлэх янзтай. Хадам ах нь:
-Мөнхөө минь, одоо болно! Унтаж амарцгаая! гэсэн боловч тоосонгүй.
Мөнхөө нохойн дэргэд сууж байснаа гэнэт огиулан бөөлжив. Хурдан халтар бөөлжсий нь үнэртэж байснаа больчихоод хэвтэхэд Мөнхөө ч түүний дэргэд унаад өгөв.
Яаж ч дуудаад, аргадаад нэмэргүй. Хадам ах нь өргөе гэж бодовч даахгүйгээ мэдээд аргаа барж,
эсгий туурга авчран түүнийг хучжээ…
Үүр хаяармагц Мөнхөө овоо сэргэжээ. Хадам ах нь:
-Чи ч нохойд үнэхээр ээлтэй хүн юм аа?.. гэлээ.
Равжаагийн ДЭЛЭГ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш