Европ тив хөлдөж байна. Франц улсад л гэхэд цасан шуурганы улмаас -10 хэм хүртэл хүйтэрч, их хэмжээний цас унажээ. Алдарт Эйфелийн цамхаг цантан цайрч, хүйтэн жавар тус улсын 41 мужид “ноёлж” байна.
Италийн Ром, Венец хотуудад цасны улмаас суваг хөлдсөнөөс гадна Балканы уулсаар дөрвөн метр цасан бүрхүүл тогтож, -22 хэм хүрч хүйтэрчээ. Хүйтнээс болж Украинд маш олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Тус улсад 131 хүн хөлдөж, амиа алдсан бол 1800 иргэн эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Хүмүүс гадаа байтугай гэртээ осгож байгаа аж. Ойрын үед Крымд -36 хэм хүртэл хүйтэрч, рекорд тогтоосон байна.
Саяхан л дэлхийн хүн ам хэт халалт, бүгчим агаараас болж амиа алдацгааж байсан. Шинэ жилийн өдрүүдэд хүртэл өвөл огт болохгүй мэт Европын ихэнх орнуудад бороо орж байсан билээ. Гэтэл хүссэн юм хүзүүгээр татна гэгчээр цас ихээр унан цочир хүйтэрч, европчуудыг сандаргаж эхэллээ.
Чухам юунаас болж ингэтлээ хүйтрэх болов? Метафизикийн онол, майягийн зөгнөлийг хойш тавиад, эрдэмтдийн судалгааг сонирхъё. Тэдний үзэж буйгаар энэ бүхэнд дэлхийн дулаарал буруутай гэнэ. Ялангуяа манай гарагийн хойд хагас дахь далайн усны хэт халалт ийм хүйтрэлийг үүсгэсэн аж.
Юуны түрүүнд уур амьсгал өмнө нь хэрхэн өөрчлөгддөг байсныг авч үзье. Европт өвөл ихэвчлэн эх газар, эргэн тойрны усны даралт эрс ялгаатай болоход буюу нэгдүгээр сарын дундуур эхэлдэг байжээ. Исландын дээр тогтвортой нам даралтын бүс үүсч, өмнөд хэсэгт Азорын арлуудад хүчтэй даралтын урсгал бий болдог байна. Энэ эсрэг циклон нь хэдэн мянган километр үргэлжилсэн их орон зайд тархдаг бөгөөд хоёр том хуй салхи бие биетэйгээ нэгдэж, Европыг дулаан, чийглэг агаараар хангадаг.
Эдгээр хуй салхи дорно зүгт циклон үүсгэж, цагийн зүүний эсрэг эргэн, эхлээд дулааны урь оруулж, Арктикийн хүйтэн агаарыг сорж авдаг аж. Үүнтэй холбоотойгоор цас их ордог байна. Гэвч хуй салхи алгуурхан дүүрч, агаарын урсгал хүйтэн, хуурай болдог бөгөөд Сибирьт хүрч, тэндхийн жавар буюу өвлийн эсрэг циклонтой нэгддэг байжээ.
Харин одоо бүх зүйл эсрэгээрээ эргэжээ. Энэ жил дэлхийн хойд хэсгийн усны хэм ердийнхөөс илүү бүлээн байсныг эрдэмтэд олж тогтоосон байна. Үүнд Балтын тэнгис, умард тэнгисүүд ч багтсан аж. Далай, тэнгисийн усны хэм өндөр байснаас болж, өвөл оройтож эхэлсэн байна.
Альфред Вегенерийн нэрэмжит туйлын судалгааны хүрээлэн, Гельмгольцын газрын судалгааны төвийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар мөсний хэмжээ багасч, усны хэм өндөр байснаас болж, агаарын хэвийн урсгал өөрчлөгджээ. Бүлээн ус агаарыг халааж, дээш дэгдэнэ. Жирийн үед умард далайнууд мөсөөр хучигдсан байдаг учраас ийм зүйл огт тохиож байгаагүй юм.
Тэгвэл 2010 онд Британийн Рэдингийн их сургуулийн ажилтан Майкл Блэкберн өвлийн эхээр, мөн зун агаарын урсгал хэсэг хугацаанд зогсож байна гэсэн таамаглал дэвшүүлжээ. Үүнээс болж эсрэг, эерэг циклон нэгдэх нь багасч, хэт хүйтрэл, эсвэл хэт халалт үүсдэг байна. Баруун Европ дээгүүр хуйн урсгал 150-200 км/цаг хурдтай шилждэг байсан бол одоо 30 км/цаг болтлоо буурчээ. Агаарын урсгалын хурд саарсан шалтгааныг эрдэмтэд одоогоор тогтоож чадаагүй байна.
Тэгэхээр уур амьсгалын дээрх өөрчлөлтөөс болж европчууд төдийгүй бид ч гэсэн илүү хүйтэн өвөл, гантай зун байнга тохиох магадлалтай болжээ.
Хамгийн аюултай нь энэ хүйтрэл өвлийн улирлын хугацааг уртасгаж, мөн гэнэт урь оруулснаас болж, үерт автуулж мэднэ. Тиймээс европчууд сайтар дулаалах, түүнчлэн үерээс сэргийлэн усны гутлаа бэлдэхийг сануулах болжээ.
Өглөөний сонин