logo
Улаанбаатарт үүсмэл цацраг их байдаг ч холбогдох албаныхан үүнийг нуудаг

Улаанбаатарт үүсмэл цацраг их байдаг ч холбогдох албаныхан үүнийг нуудаг

2012/02/13

Улаанбаатар хотод үүсмэл цац­рагийн хэмжээ хэвийн түвш­нээс илүү байдаг талаар хол­богдох мэргэжилтнүүд но­толсон. Энэ нь уран болон цө­мийн хаягдалтай хол­боо­гүй ч заавал хяналтад байл­гах ёстой цацрагийн үүс­гүүр маш олон байдаг аж. Хамгийн гол нь хүний эрүүл мэнд, тэр ч бүү хэл удмын санг өөрчлөх аюултай цацраг идэвхт үүсгүүр хэрэглэлээ ч хя­налтад байлгаж чадвал тийм ч ноцтой биш юм байна. Цацрагийн үүсгүүр хэрэг­лэдэг газруудад компьютер, томог­раф, анграфийн оно­­шил­гооны төвүүд, туяа эмчилгээ, барилгын материал үйлдвэрлэгчид, ураны бус ашигт малтмалын уур­хай, гадаад орчны хянал­тын цэгүүд ордог гэнэ. Нэг үгээр эдгээрээс тодорхой хэмжээний цацраг агаарт дэгдсээр байдаг. Мэдээж эд анги нь бүрэн бүтэн, хянал­тын шинжилгээнд байнга хам­рагдвал ямар түвшинд ял­гарч буйг нь мэдэж болдог гэсэн.

Гэтэл өнгөрсөн онд 500 гаруй байгууллагыг цац­рагийн хяналтад оруу­лахад 390 зөрчил илэрсэн бол хоёр жилийн өмнө энэ тоо 280 байжээ. Үүнээс харахад цацрагийн аюулгүй байдлыг хангадаггүй газар олширч байгаа аж. Мөн цацрагтай нөхцөлд ажиллагсдын тоо ч тогтмол өсч, зөвхөн Улаанбаатарын хэмжээнд 1227 болжээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар цацраг идэвхт бодис чанараа алдалгүй 10 мянган жил хадгалагдах чадвартай. Тиймээс олон улсад ялангуяа хөгжингүй орнуудад ийм бодисоор бохирдсон хувцас хэрэглэл, багаж, төхөөрөмж, ер нь бүх зүйлийг цөмийн хаягдал гэж нэрлэн, ариутгаж, хорыг саар­маг­жуулдаг. Харин ма­найд энэ талын хя­налт сул учраас хичнээн хүн хордож байгааг тогтоох боломж­гүй гэнэ.

Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараа шүүхэд хандаж, албан тушаалаа эргүүлэн авахаар оролдож байгаа. Гэхдээ энэ эрхэм үндэсний аюулгүй байдлыг алдагдуулж мэдэх салбарыг зохицуулж явахдаа ямар ажил бүтээснийг нь хэлэхэд бэрх.

Уг нь Цөмийн энергийн газрын хийх ёстой ажлуудын дунд хяналт томоохон байр эзэлмээр юм шиг. Гэтэл өнөөд­рийг хүртэл манайд цө­мийн материалын шил­жилт, хөдөлгөөний тоо бүртгэл, мэдээллийн сан хангалттай байдаггүй. Энэ талын стандартыг боловс­руулсан ч цацрагийн үүс­гүүр хэрэглэдэг газрууд хэзээ ч мөрддөггүй. Эмч нарын хэлснээр цээжний зураг авахуулах, рентгенд харуулах зэрэг нь тийм ч хүсээд байхаар зүйл биш тул шаардлагатай тохиолдолд л үзүүлэх хэрэгтэй гэдэг. Гэтэл Орос-III сургуулийн захиргаа сурагчдыг байнга шахам цээжний зараг авахуулж ир гэх үүрэг өгдөг хэмээн эцэг эхчүүд гомдоллож байсан. Энэ нь халдварт сүрьеэ өвчнөөс сэргийлэх алхам гэдэг ч үүнээс болж хүүхдүүд хэрхэн хордож буйг захирал нь мэддэггүй юм билээ. Энэ нь цацрагийн талаар мэдлэг иргэдэд хангалттай байдаггүйтэй холбоотой.

Засгийн газрын агент­ла­гуудын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх ёстой ч Цөмийн энергийн газрын хувьд энэ нь хаалттай. Цац­рагийн хяналтын та­лаарх мэ­дээлэл авахаар хэд хэдэн удаа очсон ч хүмүүс нь энэ талаар тоймтой зүйл ярьж чадахгүй гэдэг. Энэ нь мэдэхгүй, эсвэл чадах­гүй гэсний аль нэгийг илэр­хийлж байгаа.

Цацрагийн асуудал Улаанбаатарт зөвхөн үүсгүүр ашигладаг газруудаас болж нэмэгдээгүй. Учир нь өнгөрсөн наймдугаар сард Япон улсаас оруулж ирсэн машинуудаас цацраг идэвхт бодис илэрсэн. Үүнийг тэр дор нь зохицуулж, зохих хяналтад оруулж байгаа ч каргогоор оруулж ирж буй бусад бараанд хя­налт тавь­даггүй. Эдгээр бараа нь ихэвч­лэн хувцас, тоглоом байд­гаас гадна эм тариа хүр­тэл бий. Иргэд кар­го­гоос авсан барааг шууд ашигладаг.

Эдгээрийг нэгтгэн дүг­нэвээс эрхэм С.Энхбат аж­лаа эргүүлэн авахаар тэм­цэж буй нь хийж ам­жаагүй ажлаа дуусгахын тулд, эсвэл ураны ашиглалт ихэс­сэн үед жин ихтэй сууд­лаа бусдад алдахыг хүсээ­гүй бололтой. Манай том­чууд цөмийн сал­барыг томоор харахаас биш иймэр­хүү “жижиг” асууд­лаар оролдохыг хүсдэггүй. Учир нь өнөөдрийг хүртэл нийслэл дэх цацрагийн дэг­дэлтийг хэн нь ч хөндөж байгаагүй юм.

Өглөөний сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш