logo
Түүхт ой, төрийн одон медалийн нэр хүнд, үнэ цэнэ буурсаар байх уу….

Түүхт ой, төрийн одон медалийн нэр хүнд, үнэ цэнэ буурсаар байх уу….

2012/02/13
Аливаа түүхт ой, тэмдэглэлт үйл явдлыг дагаж төрийн дээд шагнал, одон медаль салбарын тэргүүний ажилтан цол тэмдгүүдийн нэр хүнд, үнэ цэнэ дээшилж, эзнээ олж олгогддог болов уу?Улс эх орондоо хөдөлмөрлөсөн зүтгэлээ үнэлүүлэх нь хөдөлмөрийн хүний гавъяа мөн. Хүмүүст би тэдэн жил зүтгэсэн дээ, манай баг, байгууллага, сум, удирдлагууд намайг мэдэж тодорхойлох биз гэсэн горьдлого төрдөг нь тодорхой. Ингэж ярьцгаадаг нь нууцгүй.2011 он олон түүхт ой, онцгой үйл явдлаар дүүрэн болж, шинэ онтойгоо золголоо. Нийгмийн салбар бүрт ажилласан буюу ажиллаж буй хүмүүс олон цөөн ч ялгаагүй хэдэн жил ч бай ажилласнаа үнэлүүлж дүгнүүлэх учиртай нь мэдээж.  Архангай аймгийн Хашаат суманд ахмад, залуу дунд үеийнхэн олон хүн, ардын хувьсгалын, залуучуудын, худалдааны, сургуулийн, улс төрийн ууган хүчин МАН байгуулагдсаны 90 жилийн ойнуудаар энгэртээ “юм” зүүх горьдлого бодолтой байснаа ярьж гомдонгуйрхан байгааг сонсоод бодмоор байтугай анхаармаар асуудал гэж санагдлаа.Ардын хувьсгалын 90 жил дөрвөн тэгш ой тохиосон гэхэд энэ баярын өдрүүдэд одон медалийн сураг ч гараагүйд иргэд, хөдөлмөрчид сэтгэл дундуур байлаа.
Харин намын ой, сургуулийн ой, ахмадын баяр тэмдэглэх үеэр намын дарга, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн гишүүн, Засаг даргын хүсэлт гуйлтаар хэдэн медаль ирж, тэр гуйж хүссэн дарга нар л арга буюу гардууллаа.Дам ярианаас сонсоход зарим хүнд яахаараа давхарддаг юм? Ямар шугамаар ирдэг юм бол доо хөөрхийс гэх үг дуулдаадахсан шүү. Уг нь төрийн одон медалийн тодорхойлолт, материал төр захиргааны байгууллагаар уламжлагдан дамжих журамтайсан.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдох шагнал л гэхэд байгууллага, аж ахуйн нэгж, хамт олны хурал, багийн ИНХ, сумын ИТХ-ын тэргүүлэгчдээр хэлэлцэгдэн шагнуулах үндэслэлийг тодорхойлсон материал бүрдүүлж, аймгийн ЗДТГазарт очиж, аймгийн Засаг дарга саналаа ИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн мэдүүлж, Ерөнхийлөгчийн Тамгын Газарт очдог ёстой.Гэтэл ойгоороо олгогдохгүй өнгөрсөн хойно нь юм уу, Их хурлын гишүүн, намын удирдлага, ажилтан, хэнээр ч хамаагүй ирж, гэр орноор нь өгөх, чимээ аниргүй олгогдох болсныг юугаар тайлбарлах вэ,Юутай ч томоохон ой, тэмдэглэлт өдөр, одон медаль, тэргүүний ажилтны цол, тэмдгийн нэр хүнд, үнэ цэнэ буурсаар байгаа нь хэтрүүлэг биш. Одон горьдож хоцорсон, олгогдоогүй хүмүүсийн идэвх зүтгэл суларч, итгэл үнэмшил алдарсаар сэтгэл гонсгор байдгийг аймаг сумын ИТХ, төр захиргааны удирдлага анхааралдаа авч алдаа болсноо засч, залруулан ёс журмаар нь явмаар юм даа.

Чамайг, таныг одон шагналд тодорхойлсон гээд хэлчихдэг болохоор харж хүлээдэг л байх даа. Юу хэцүү вэ, хүлээх, яах зовлонтой вэ, харах горилох.

Хөдөлмөр зүтгэлээ зөв үнэлүүлбэл хэн хүнгүй л баярлаж талархах байх. Бүтэц, зохион байгуулалтаар өөрчлөгдсөн, татан буугдсан байгууллага, нэгж, салбар цэг, хувийн хэвшлийнхэн, малчид, тариаланчдыг шагналд хаанаас яаж тодорхойлохыг эргэн харж боловсронгуй болгон одон медалийн нэр хүндийг өндөржүүлэх цаг болсон биш үү. Энэ талаар иргэдтэй уулзвал жишээ, баримттай юм их л гарах буй заа. 

А.Лхагвасүрэн
Эх сурвалж: “Архангайн амьдрал” сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш