logo
ИЗН-ын дарга С.Дэмбэрэл: Нострадамус маягийн хүмүүс намайг Сү.Батболдын захилгаар ИЗНН-д орж, дарга нь болно гэж зөгнөж байсан

ИЗН-ын дарга С.Дэмбэрэл: Нострадамус маягийн хүмүүс намайг Сү.Батболдын захилгаар ИЗНН-д орж, дарга нь болно гэж зөгнөж байсан

2012/02/13
Нам бусчуудыг олон жил манлайлж ирсэн МХАҮТ-ын дарга улс төрийн цочир сонин алхмыг хийгээд удаагүй дээрээ намын даргаар сонгогдов. Амьдралдаа 2 дахь удаа 20 жилийн дараа намын хуралд амралтынхаа өдрөөр арав гаруй цаг хуралдсан түүний хувьд шинэ алба тун ч сонирхолтой байгаа бололтой.

Монголын улс төрийн намуудын хувьд шинэлэг, соёлтой, анхдагч уур амьсгалыг мэдрүүлсэн шийдлүүдийг нэвтрүүлсэндээ сэтгэл хангалуун байгаа ИЗНН-ын С.Дэмбэрэл дарга одоогоор намынхаа оффист ч очиж үзээгүй. Үе үеийн ерөнхий сайд нарын эдийн засгийн зөвлөх түүнийг өдгөө ч ерөнхий сайд С.Батболдын нөлөөгөөр сонголт хийж явна гэх хар сэр ч яваа.

-Гурван даргатай нам тэдний нэг нь шинэхэн гишүүн С.Дэмбэрэл байгаагийн сонинг гайхахгүй хүн алга?

-Сонин болсондоо баяртай байна. ИЗНН-ын хурал амралтын өдөр хуралдсан. Тэр намын хуралд би хаалгаар нь орсон. Тооно мооно гэж байхгүй байна лээ. Намын хуралд ер нь тооно мооно байдаггүй юм билээ. Индэрт нь суугаагүй, дунд нь суусан. Их хүйтэн зааланд арван хэдэн цаг хуралдсан . Гол үр дүн С.Дэмбэрэл гэдэг хүн намын дарга болсондоо биш.

Бусад улс орнуудад байдаг орчин үеийн либераль чиглэлтэй намуудын ардчилсан нээлттэй удирдлагын шинэ тогтолцоог бий болгосон. Тэр нь юугаар илэрч байна гэхээр улс төрийн бүх намууд шахаж шаардуулж байж дөрвөн жилд нэг удаа хуралддаг бол ИЗНН гишүүн төвтэй болоод жилд 1 удаа хуралдана. Хамтарсан даргын зарчмыг оруулж ирсэн. Олон оронд байдаг гэхээсээ илүү тулгын гурван чулуу гэсэн Монгол сэтгэлгээгээ бодсонЧиг үүргээ тус тусдаа хариуцсан гурван дарга юм л даа. Гэтэл зарим хүмүүс тамгаа хэн нь барих юм гэхчилэн сонин асуулт дэвшүүлсэн байна лээ. Хэн нь ч тамгаа барихгүй. Тамга ерөөсөө шаардлагагүй. Тэрийг хариуцдаг хүн нь тусдаа байгаа. Би намд ороогүй олон жил явсан болохоор дэмжигчдийн асуудлыг хариуцах юм шиг байна. Арван таван толгойтой атгаалжин мангас гэдэг шиг гурван толгойтой гэж хүмүүсийн хараад байгаагаар энэ гурван хүн хамтын шийдвэр гаргана. Гурван дарга үндэсний хороо, улс төрийн зөвлөл гээд дээрээ бас удирдлагатай. Би намын хуралд суугаагүй 20 жил болжээ. Анх Шинэ дэвшилтэт холбоо намын циркт болсон хуралд эвийн нөхөр гэсэн нэртэйгээр эдийн засгийн илтгэлийг нь бичиж уншиж байлаа. Түүнээс хойш олон жилийн дараа энэ хуралд суухад бас гоё юм. Гоё гэдэг нь асар олон хүмүүс үг хэлэх гэж оочерлодог, танхимын хурал шиг залуучууд санал бодлоо илэрхийлж байсан.

-С.Дэмбэрэл ерөнхий сайд Сү.Батболдын дүү шүү дээ гэх хүмүүс ч байгаа?

-Сү.Батболдоос би насаар бол ах. Маш эртний найз. Өндөр байранд байхад манайхтай ойр ажиллаж байсан. Намайг нэг их хэлдэггүй л болохоос би эдийн засгийнх нь зөвлөх. Би ч бүх ерөнхий сайдуудын зөвлөх байсан хүн шүү дээ. Яагаад дүү нь гэснийг ойлгохгүй байна. Бид хоёрт генетикийн хувьд ямар нэгэн холбоо байхгүй. Сайн нөхдийн харьцаа бий. Энэ маань жишээлбэл С.Дэмбэрэл гэдэг хүнийг улс төрийн сонголтоо хийхэд огт нөлөөлөөгүй.Маш олон жил намаас хөндий нам бус явчихаад гэнэт сонголтоо хийхдээ учир зүггүй Монголынхоо том нам руу ороод байх нь ч юу юм. Үзэл бодлын хувьд манай орчин үеийн намууд халамжит эцгийн, латерналист терийг байгуулах гээд өнөөдөр хүртэл нийтээр хувьцаа эзэмшсэн аз жаргалтай нийгэм байгуулах тухай л ярьж байна. Хэрвээ хүмүүс миний ярьж бичсэнийг анхаарч уншдаг бол энэ талыг би дэмждэггүй.Хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, бизнесийн орчин, ногоон хөгжил зэргийг бүх талаас нь бодоод ИЗН руу орж магадгүй гэж 2005 онд хэвлэлд өгсөн ярилцлагандаа би хэлж байсан. Зарим хүмүүс бичсэн байсан л даа. Монголд чинь ирээдүйг таадаг мундаг хүмүүс зөндөө. С.Дэмбэрэл Сү.Батболдын захиалгаар энэ намд ороод дарга нь болно гэсэн чинь нэг биелээд дарга болчихлоо. Нострадамус маягийн тэр хүнийхээр бол цаашаа үйл явдал хэрхэн өрнөхийг ард түмэн харах үлдлээ. Гэхдээ тийм юм байхгүй. Худлаа гэдгийг л хэлье.

-Намд элссэн нь таны удаан хугацааны турш хийсэн сонголт…?

-Би намд элсэнэ гээд өдөр болгон бодоод байгаагүй. Ажил хийлээ, эдийн засаг их ярилаа. Улс орон ингэж хөгжих ёстой гэж асар олон бодлогын баримт бичиг боловсруулаад энэ хүмүүст эрх чөлөөг нь олгооч, хүнд сурталаа арилгаач, бизнесийн орчин сайжрах ёстой гээд явлаа. Хараад байхад Монгол улсыг хөгжлийн зөв зам дээр зогсч байгаа гэж би хэлэхгүй.

Надтай адил бодолтой хүмүүс олон бий. Монгол буруу замаар яваад байна гэдгийг гаргаж хэлэхгүй бол болохгүй. Манай танхим “Монгол 2030 он” гэсэн баримт бичиг гаргахад асар олон хүн баяр хүргэлээ. Монгол улс одоо том том юм ярихын оронд байгаль орчны доройтлыг яаж арилгах вэ гэдгээ ярих ёстой. Ногоон хөгжил рүү дэлхийн бусад орны адил хурдаар орох зэргийг хүмүүст таниулъя гэдэг талаас улс төрийн сонголт хийлээ.

Намгүйгээр яваад байж болно л доо. Тэртээ тэргүй Монголын ард түмний ихэнх нь нам бус. Надтай ижилхэн үзэл бодолтой хүмүүстэй нийлж байгаад энийг өөрчлөх гэж үзье гэж бодсоны үндсэн дээр намд элссэн.

-Д.Энхбат даргын яриагаар бол таньд намын санхүүжилттэй холбоотой асуудлыг хариуцуулах бололтой. Намын санхүүжилт гэж амаргүй ажил байдаг . Таны толгой энэ талд нилээн өвдөх нь дээ?

-Намын санхүүжилтыг би хариуцна гэж бодохгүй байна. Тэр чинь их аймаар ажил. Тэгж новширохгүй л дээ. С.Дэмбэрэл гэдэг хүн ганцаархнаа мөнгө бодоод л сууж байдаг. Би бодлогоо л бодно. МУ-ын эдийн засаг, цаашдын хөгжлийн зөв бодлогыг хувь хүний хөгжлийн үзэл дээр суурилж бусад намуудынхаас өөрөөр гаргаж ирнэ. Намын санхүүжилтын хувьд одоогийн улс терийн намуудын тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй.

Хатуу гишүүнчэлээс гадна санхүүжилтийн ил тод байдлыг жинхэнэ утгаар нь гаргаж ирэх хэрэгтэй. Энэ намын энэ үзэл санааг дэмждэг хүмүүс мэдээж тусаа оруулах ёстой. Тийм учраас дэмжигчдийг үзэл санааных нь хувьд жаахан ч гэсэн дэмжээсэй гэсэн үүднээс угаасаа олон түмэнтэй ажиллаж ирсэн утгаараа хариуцна. Санхүүжилтийн асуудал нийт намын гишүүдийн хэрэг.

Гишүүн болгон татвараа төлөх ёстой, дэмжигчид нь чадах чинээгээрээ хандиваа өгнө. Төр нь улс төрийн намуудын сонирхолын гажигтай бүлгүүдийг нэгтгэхгүйн тулд санхүүжилт өгдег байх л даа. Энэ бүгдийг нөгөө гурван толгой чинь гурвуулаа хариуцна шүү дээ.

-Бусад намууд хэдэн арван саяар нь сонгуульд өрсөлдөхийн тулд хандив өргөж байгааг танайх бол өөрөөр хараад байгаа нь үр дүнтэй гарц болж чадах уу?

-Би намын дотоод бүтэц рүү нарийн ороогүй байна. Хурал дээр мөнгөтэй хүн ордог зарчим байж болохгүй гэж залуучууд ярьж байна. Үндэсний зөвлөлдөх хороо илүү хариуцлага хүлээснээрээ ахиу төлөх байх. Яг үнэндээ би намын оффис дээрээ ч очиж үзээгүй байна. Миний бодлоор энэ намд мөнгөөр цутгаж гарч ирдэг зүйл байхгүй.

Хамгийн түрүүнд дэмжигч гэсэн статусыг албажуулж өглөө. Квотын асуудлыг дүрмэндээ суулгаж өглөө. Удирдлагын ардчилсан гишүүн төвтэй жилд нэг удаа хуралдаж гишүүдээ сонсдог тогтолцоог анх удаа гаргаж ирлээ. Энэ орчин үеийн намын тогтолцоог гаргахгүй бол хүмүүс намд дургүй байна. Гурван даргатай нам хүмүүсийн тархинд буухгүй байна. Хэн нь тамгаа барих вэ гээд л бодоод байна.

Монгол улсад хуучирсан улс төрийн намын сэтгэлгээ өөрчлөгдөөгүй байна. Энийг өөрчлөхөд эхлэлийг нь ИЗНН гэж жмжиг нам тавьлаа. Гэхдээ би ингэж хэлснээрээ нөгөө намууд өөрчлөгдөхгүй байна гэж хэлээгүй. Тэдгээр намууд өөрчлөгдөхийг маш их эрэлхийлж байна. Даанч сонгууль болох гэж байна гээд тэр бүр хөөцөлдөж барьж авахгүй байна. Улс төрийн цөн түрж урин хавар ирж байна. Монголын ард түмний санал бодол, мэдрэмж үүнийг хэлж байна.

Цагийн аясыг мэдэрдэг, хүний төлөө хулхиддаггүй жинхэнэ улс тврчид гарч ирэхгүй бол хойч үед хэцүү. Энэ Монгол чинь муухай Монгол болсон байна. Халтар царайтай деффекттэй ардчилалтай байна гээд олон улсын ардчиллын байгууллага дүгнэчихсэн байна. Улс нь болохоор хүмүүсээ ажил хийлгэхийн оронд мөнгө өгдөг.

Эсвэл бүгдэд нь хувьцаа эзэмшүүлнэ гээд дэлхий дээр байхгүй юм яриад байна. Тэгвэл баялаг дуусахад хувьцаа эзэмшигчид яах юм гэж яагаад ярихгүй байгаа юм. Байгаль , хүн амын өвчлөл үүнийг дохиолоод байна. МАН бол Монгол хүний хөгжлийн хөтөлбөр гээд том том самбарын өмнүүр алхаж гараад гоё харагдаж байна. Энийг яаж шийдэх вэ гэсэн механизм чухал байна.

-Намууд сонгуульд бэлтгэн бужигнаж байхад ард түмний амьдрал амлалт нэхэж үнийн хөөрөгдөлт, утаатай тэмцэж бухимдалтай байна?

-Ард түмэн бухимдалтай байна. Тайтгарах ганцхан эм л байна. Энэ бол шударга ёс. Хаана ч гарсан оочертой нийгэм болсон байна. Би одоо оочер гэдэг төлевизийн нэвтрүүлэг хийе гэж бодож байгаа. Хүмүүсийн бүтээлч цагийг үрж бухимдлыг нэмэгдүүлж байна. Яахав гэрт өлсгөлөн байж болно. Энэ түр зуурын бэрхшээлийг бид давах ёстой.

Давна, давах арга механизмыг ч бид гаргаж ирнэ. Шударга ёс бол парламент дээр гоё хэлдэг үг биш. Эдийн засгийн асуудлыг эдийн засгийн аргаар нь шийдвэрлэсний дараа төр бүх юманд оролцохоо боль. Төр хүний амьдралын сексээс бусдад нь оролцох гээд байна. Хүмүүсдээ боломжийг нь олго. Түүнээс тер бүхнийг хийнэ гэж орилохоо боль.

-Давосын дэлхийн эдийн засгийн чуулган дээр Монгол хөгжлийн гараан дээр ирлээ,  ойрын жилүүдэд эдийн засгийн өсөлт нь эрчимтэй өснө гэж иш татсан байна. Гэтэл дотооддоо үл итгэлцэл улс төрийн хараат байдалд баян хоосны ялгаатай сульдаж байдаг?

-Манайхыг хошгируулж байна. Бид хошгирч болохгүй. Юун дээр бид хошгироод байна гэхээр 20 хувийн есөлт. ДНБ 10,000, дараа нь 60,000 болно гэж яриад онгироод байна. Өнөөдөр дэлхий өөрсдийнхөө амьдралыг ДНБ-ийг нэг хүнд оногдохоор хэмжихээ больж байна. Өнөөдөр МАН-ын хурал дээр эдийн засгийн өсөлтийн чанар гэж ярьж байна.

Давост очсон очоогүй тогтвортой хөгжил, тэнцвэртэй өсөлт, ногоон эдийн засаг ярьдаг. Манайх Үндсэн хуулиа өөрчлөх дуртай. Үнэхээр өөрчлөх юм бол Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл бол ногоон хөгжил байгаль орчин мөн гэсэн нэг л өгүүлбэр хийчих хэрэгтэй. Дэлхий юу гэж хэлэх нь хамаа байхгүй. Дэлхий өөрөө бас буруу боддог байхгүй юу. Дэлхий дандаа зөв байх албагүй.

Би Давост очсон. Монголыг магтаж байгаа ганцхан юм байгаа. Авилгалын эсрэг тэмцэх гэж байгаа нь сайн байна гэж сайшаасан.2004 онд Давосоос батлагдсан авилгалын эсрэг түншлэлийн санаачилгад Монгол улсын 175 компани нэгдсэнийг профессор К.Шваб илтгэлдээ дурьдсан. Энийгээ одоо нэгэнт магтуулчихсан юм чинь, магтсан хүүхэн хуримандаа унгаж болохгүй.

Бидний царайг халтартуулж байгаа авилга, хүнд суртлаас бий болдог. Хүнд суртлыг яаж арилгах вэ гэхээр тухайн үедээ Ц.Элбэгдорж бульдозероор түрж арилгадаг гэж байсан. Миний ард байгаа шүүртэй зураг байгаа биз. Үүн шиг шүүрдэж арилгана. Үүний гол арга нь бизнесийн орчны шинэтгэл гэж нэг юм байдаг. Үүнийгээ бид дутуу хийсэн. Одоо Монгол улс нүүрээ дутуу угаасан хүүхэд шиг л харагдаж байна.

-Сонгуулийн хуулийн талаар намын даргын хувиар юу хэлэх вэ?

-Би мэдэхгүй. Уншаа ч үгүй. Гэхдээ хүмүүс надад ярьж өгсөн. Би телевизээр нэг юмыг их сонсч байна. Ёстой сайхан хууль боллоо. Электрон машинаар тоолно. Урьд нь гараар тооолоход новшроод    байдаг байсан гэж сонгуулийн хууль баталсан хүмүүс нь магтаад байгаа. Батлаагүй нь болохоор хоёр нам бие биендээ зориулаад хийчихлээ.

Жижиг намуудыг шахлаа. Босго өндөр байна гэж ярьж байгаа. Энэ бол бас л Монголын царайг халтартуулж байгаа нэг зүйл. Шударга сонгуулийг хэн явуулж чадах аэ. Ард түмнии хяналт л чадна. Ард түмний хяналтын механизмыг төрийн албан хаагчид орлох нь зөв үү. Урин цагийн аяс ирээд байхад үүнийх нь эсрэг юм хийж болохгүй байх л гэж бодож байна. Монголын улс төрийн намууд ухаантай байгаасай. Үүнийг    сонгуулийн хуулийн тэддүгээр заалт гэж би мэдэхгүй. Бүгдийг нь унших гэж аягүй хэцүү гэсэн. Бүгдийг нь өнгөтөөр яриулчихна. С.Оюун, Энхбат хоёрын авчирч байгаад.

Эх сурвалж: “Монголын нэг өдөр”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш