"Нэг гэр бүл-нэг хүүхэд" журмыг зөрчин Хонконгт төрсөн эхчүүдийг шийтгэнэ гэж Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн дээд тушаалын түшмэл анхааруулжээ.
Сүүлийн үед БНХАУ-ын Засгийн газрын хоригоос зугтан Хонконгийг зорих жирэмсэн хятад эмэгтэйчүүдийн тоо улам олон болсон байна.
Эх газрын Хятадын оршин суугчдыг царцаатай зүйрлэсэн сонины бүхэл бүтэн нүүр дүүрэн зар Хонконгт гарсны дараа Гуандун мужийн Гэр бүл төлөвлөлтийн газрын нэг дарга дээрх мэдэгдлийг хийжээ.
Өнгөрсөн онд Хонконгт төрсөн нялхсын гуравны нэг нь эх газраас ирсэн эхээс төрсөн байв. 2001 онд тэдний тоо 600 орчим байсан бол 2010 онд бараг 30 мянгад хүрчээ.
Бие давхар хятад эмэгтэйчүүдийн довтолгоо Хонконгт ихээхэн хүндрэл учруулдаг аж. Тодруулбал, Хонконгийн төрөх газруудын ачаалал хэт ихсэж, ирэх есдүгээр сар хүртэл захиалга дууссан байна.
Хятадын албаны хүмүүсийн ярьснаар бол "төрөх аялал" хийсэн хүнд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулж, харин төрийн албан хаагчдыг ажлаас нь халахаар сүрдүүлж байна.
З.Амгалан