logo
Иран улс Сирийн дэглэмийг дэмжиж байна

Иран улс Сирийн дэглэмийг дэмжиж байна

2012/02/14
Сирид Засгийн газрын эсрэг босогчид болон эрх баригчдын хоорондын тэмцэл ширүүн өрнөж байгаа. Башар Ассадын арми танк их буу ашиглан Хомс хотод босогчдыг хүчээр дарахыг оролдсоор байгаа. Тэгвэл Иран улс Сирийн дэглэмийг дэмжиж байгаа. Ялангуяа Ираны зэвсэгт хүчний командлагч генерал Хассан Сулемани Сирид ирж, Башар Ассадтай уулзаад явсан болон Иран улс Сирийн армид тусалж, цэргийн ажиллагааг чиглүүлж өгч байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Америкийн  албаны хүмүүс Саудын Арабаас АНУ-д суух Элчин сайдын амийг хөнөөхөд генерал Сулемани оролцсон гэж үзэж байгаа. Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар Сулеманигийн удирдлаган доор Ираны санхүүжүүлдэг Хезболлах бүлэг Аргентин болон бусад барууны улсуудад халдлага үйлдсэн байна. Сулемани 1980-аад онд болсон Иран Иракийн дайны үед Иракийн байлдааны шугамын ард талд чухал ажиллагаа явуулж анх нэр нь тодорсон. Сулемани гэгч нь маш их эрх мэдэлтэй бөгөөд Ираны хувьсгалын их удирдагч Хаменитэй шууд харьцаж, болж байгаа нөхцөл байдлыг илтгэдэг байна. Тэрээр Ираны Ерөнхийлөгч Ахмаденижадтай харьцдаггүй нэгэн гэнэ. Сулемани Сирийн армийг сургаж, мэргэжлийн болгоход нь тусалдаг бөгөөд 2009 онд Иранд болсон Засгийн газрын эсрэг хөдөлгөөнийг цус асгаруулан хүчээр дарахад гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн юм. Ираны хувьд Сири улс нь ойрын холбоотон бөгөөд Хезболлах, Хамас болон бусад  террорист бүлгүүдэд зэвсэг нийлүүлэх гол гүүр нь болж өгдөг байна. Гэхдээ НҮБ-д суух Ираны элчин төлөөлөгч Сулемани Сири улсад байгаа гэсэн мэдээллийг няцаасан юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш