logo

"Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг Байнгын хороод дэмжлээ

2012/02/14
УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хамтран хуралдлаа.  Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулах "Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв.
“Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийг 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр боловсруулаад байгаа бөгөөд богино болон дунд хугацаанд үр өгөөжөө өгөх арга хэмжээнүүд гэж ангилж үзээд тодорхой үйл ажиллагаа хийхээр төлөвлөжээ. Богино хугацаанд хамгийн бага хөрөнгө оруулалтаар үр дүн нь гарах ажил нь гэр хорооллын айл, албан байгууллага, сургууль цэцэрлэгийн энгийн зуух, ханын пийшин, усан халаалттай зуухнуудыг солих юм байна. Төслийн зорилго нь Улаанбаатар хотын гэр хороололд тоосонцор, хорт утаа ялгаруулдаггүй халаалтын зуух, ханын пийшин, усан халаалттай зуухын тоог хүртээмжтэй болгох, тоосонцорыг бууруулах дунд болон урт хугацааны арга хэмжээ, бодлогын зөвлөмж боловсруулах аж.
Улаанбаатар хотын 1.2 орчим сая оршин суугч, тэр дундаа гэр хорооллын 175.000 орчим өрхийн 44 хувь нь гэрт, 56 хувь нь ердийн байшинд амьдарч байгаа аж. Гэр хороололд ойролцоогоор 600.000-аад хүн амьдарч байгаагийн 53 хувь нь эмэгтэйчүүд юм. Эдгээр хүмүүс төслийн үр шимийг хүртэх юм. Дээрх Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах "Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөрийн хоёр дахь шатны зээлийн хэлэлцээр"-ийн төслийг зөвшилцлөө.
2008-2009 онд үүссэн санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах, макро эдийн засгийг тогтворжуулах, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Монгол Улсын Засгийн газар гадаад түнш орон, олон улсын байгууллагуудад хандан төсвийн шууд дэмжлэг үзүүлэх хүсэлтээ Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон, АНУ, Энэтхэг Австрали Улсын Засгийн газарт тавьсан билээ. Улмаар Азийн хөгжлийн банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага / ЯОУХАБ/-аас нийт 110 сая ам.долларын зээл, тусламж өгөхөөр амалж, Засгийн газартай хамтран “Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөр”-ийг 2009 оны долдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн юм.
Хөтөлбөрийн хүрээнд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн халамж, боловсролын салбарын шинэчлэлийг хийхэд чиглэгдсэн 12 бодлогын арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж,  холбогдох 17 нөхцлийг бүрэн хангасны үндсэн дээр төсвийн алдагдлыг нөхөж, шаардлагатай зардлыг санхүүжүүлэхэд зориулж ЯОУХАБ-аас хөтөлбөрийн хоёр дахь шатны санхүүжилт болох 20 сая ам.долларын олгох нөхцөл бүрдэж хоёр тал зээлийн хэлэлцээрийн төслөө тохиролцсон байна. Зээлийн жилийн хүү 0.8 хувь, үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 6 жил, зээлийг буцаан төлөх хугацаа 20 жил юм байна. Дээрх зээлийн хэлэлцээрийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон.
Үүний дараа хуралдсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтарсан байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцээд соёрхон батлах нь зүйтэй гэж үзлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш