logo
Хос тэргүүнт бүргэдийн “эзэн”

Хос тэргүүнт бүргэдийн “эзэн”

2012/02/14
Хойд хөршийн хос тэргүүнт бүргэд сийлсэн төрийн тамга хэнд шилжих нь ганцхан сарын дараа тодорхой болох гэж байна. ОХУ-д ирэх гуравдугаар сарын 4-ний өдөр Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэр хүртэл ердөө 20-иодхон  хоног үлджээ. Хойд хөршийн Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөгчдөөс Ерөнхийлөгчийн сэнтий рүү нэр нөлөө, туршлага, улс төрийн хүрээнд “хор найруулж” сурсан байдлаараа Ерөнхий сайд В.Путин илүү найдвар төрүүлэхүйц явна. Саяхан явуулсан санал асуулгад оролцсон Оросын иргэдийн талаас илүү нь “Хамтаараа Орос орныг өөрчлөхийн төлөө” уриатай В.Путинийг дэмжихээ илэрхийлжээ.  Тэгэхээр ганц сарын дараа В.Путин 2008 онд “түр” орхисон Ерөнхийлөгчийн суудалдаа эргэн тухалж, хос тэргүүнт бүргэдийн эзэн болж мэдэх юм.

Дөрвөн жилийн өмнө В.Путины Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд АНУ, барууны орнуудын ажиглагчид түүнийг Төрийн тэргүүний албандаа эргэн ирэхийн төлөө эр хүний 13 мэхийг уралдуулах хүн хэмээн дүгнэж байв. “Хоёр бүрэн эрхийн хугацаанд дараалан Ерөнхийлөгч байсан хүн гурав дахь удаагаа улиран сонгогдох боломжийг хаасан хууль Орост үйлчилдэггүй байсан бол В.Путин хэрхэвч Кремлиэс гарахгүй байсан. Д.Медведевийг өөрийнхөө оронд дөрвөн жилээр суудлаа мануулан “түр” үлдээлээ” хэмээн тэд хэлсэн байдаг. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Америкийн  нэгдүгээр зэргийн Орос судлаач гэгддэг хатагтай Кондализа Райс хоёр сарын өмнө “В.Путин эргэж Ерөнхийлөгч болно гэдэг нь Оросын ардчилал, сонгуулийн үйл ажиллагааг үл тоон элэг барьсантай ижилхэн харагдаж байна” гэжээ. “В.Путин Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохоор болж байгаа нь сайн хэрэг үү” гэсэн асуултад тэрбээр “Үгүй. Энэ бол ердөө л гуниг” гэжээ. В.Путин Кремльд буцан ирснээр Оросын ардчилал, эрх чөлөөнд хаалт болох тодорхой хэмжээний эрсдэл дагуулна гэж К.Райс үзсэн байна. Гэлээ ч экс Ерөнхийлөгч өнөөдөр сонгуулийн кампаниа ид өрнүүлж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев  Нэгдсэн Орос намын ээлжит уулзалтаар намын дарга В.Путиныг 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг уриалсан юм. Тэр ч мэдээж дөрвөн жилийн өмнөх Володя ахын захиасыг гүйцэтгэсэн хэрэг. В.Путин ахын захисныг мартаагүй Дима дүүгийн мөрийг алгадаж   "Та бүхэн намайг Оросын дараагийн Ерөнхийлөгч гэж харж байгаад талархаж байна. Миний хувьд энэ саналыг хүлээн авах нь нэр төрийн хэрэг юм” хэмээн тэр даруй мэдэгдсэн.

Ямар ч гэсэн Кремлийн гадна өнгөрөөсөн дөрвөн жилд тэрбээр зүгээр суугаагүй юм. ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн нэг бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байсныг зургаа болгон сунгаж, түүнийгээ 2012 оноос хэрэгжүүлэхээр болгосон. Хэрэв В.Путин Төрийн тэргүүний албандаа эргэж ирвэл 2018 он хүртэл Оросын төр түүний гарт байх болно.

Гэхдээ В.Путин Ерөнхийлөгч болж чадахгүй байж мэдэх нэлээд илэрхий атлаа зарим талаар нуугдмал шалтгааныг ажиглагчид гаргаж тавьжээ. Түүгээр бол хэрэв В.Путин Ерөнхийлөгчийн суудалдаа эргэн ирэхийг хүссэн бол 2008 оны сонгуулиас жил, жил хагасын дараа Д.Медведевээс аль нэг аргаар Төрийн тэргүүний тамгыг шилжүүлэн авч болох байжээ. Тухайн үед В.Путин Ерөнхийлөгчийн даашгүй ачаа, гадаад бодлогоос залхаснаа илэрхийлсэн байдаг.  Тиймдээ ч тэрбээр нэг хэсэг гадаад орнуудад, гаднын төр, засгийн тэргүүнүүдтэй уулзах аливаа уулзалтаас зайлсхийж аль болохоор “гэртээ суухыг” илүүд үздэг болоод байв. Ингэснээр В.Медведевт Оросын гадаад бодлогыг тодорхойлох шийдвэрлэх үүрэг оногджээ. Барууны орнуудад ч нэр нөлөө нь хурдан өсчээ. Гэвч түүний ард В.Путины тодорхой оролцоо байсан нь маргаангүй. Ямар боловч барууны улстөрчид, бизнесийн төлөөллийн хувьд В.Путин эргэж Ерөнхийлөгч болох хангалттай шалтгаан олж харахгүй байна гэж хэлэх болсон нь түүний гадаад бодлогоос хөндийрсөнтэй ямар нэг байдлаар холбоотой.

Оросын дотоодод Ерөнхийлөгч Д.Медведевийн өсч дэвжиж буй нэр хүнд, идэвхтэй үйл ажиллагаа,  хааяа хааяа В.Путиныг няцаадаг үйлдлүүд нь Ерөнхий сайдад суудлыг нь “буцааж” өгөх дургүйн шинж хэмээн харагдах болсон аж. В.Путиныг Кремльд эргэн ирвэл либеральчууд зай барьж, элитүүдийн дунд хагарал гарах шалтаг үүснэ гэжээ. Үүний баталгаа гэвэл В.Путин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсноо анх мэдэгдэхдээ Оросын либерал улс төрийн хүчнүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. ОХУ-ын анхны Ерөнхийлөгч асан Борис Ельциний үед  Ерөнхий сайдын орлогч байсан Б.Немцов В.Путиныг олон жил дангаар ноёрхох засаглалыг хэрэгжүүлсэн Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой зүйрлэж байв.

Нөгөөтэйгүүр, Оросын эдийн засгийн уналт, хүрээгээ улам бүр тэлж буй авлига, Ходорковскийг барьж хорьсноос шалтгаалсан сөрөг үр дагавар зэрэг нь Москва болон бусад томоохон хотуудын иргэд, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж Ерөнхий сайдын рейтингийг доошлуулж буй талаар зарим хэвлэлд дурдсаар байна. В.Путин төрийн толгойд эргэн суувал улс төрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, туйлын хангалтгүй байгаа эрс шинэчлэлийн замд саад тотгор болно гэж үзэх ажиглагчид ч бас байна.

В.Путины хатуу гар, Д.Медведевийн аядуу дулаарлын аль нь дээр вэ гэсэн яриа хөөрөө өнөөдөр Орос орны хаа сайгүй дуулдах болжээ. В.Путин зогсонги нийгэм, авлига хээл хахууль, үеэ өнгөрөөсөн телевизийн РR, өөрчлөлтгүй царцанги Орос орны бэлгэдэл бол Д.Медведев нийгмийн шинэчлэлт, авлигатай хийх тэмцэл, цахим РR, өөрчлөлт, итгэл найдварын бэлгэдэл гэх имижийг олон нийтээс хүртжээ.

Гэхдээ л ОХУ-д хамгийн нөлөөтэй улс төрийн хүчин болох Нэгдсэн Орос намыг тэргүүлдэг В.Путин Кремльд эргэж очих нь тодорхой боллоо гэж дийлэнх ажиглагч үзсээр байна. Үүний хариуд В.Путин  Засгийн газрын залуу, эрч хүчтэй танхимыг удирдах дараагийн Ерөнхий сайдаар Д.Медведевийг томилохоо амлаад буй.  Энэ ч мөн л дөрвөн жилийн өмнө тодорхой болсон нүүдэл юм. Володя ах, Дима дүү хоёрын тохироо бараг хэрэгжих байх гэсэн таамаг Орост бараг үүсчээ.
Гэхдээ Орос даяар “Путингүй Оросын төлөө” хөдөлгөөн өрнөөд байна. Хос тэргүүнт тамгаа атгах эсэхийг шийдэх өдөр хоног дөхөж буй энэ өдрүүдэд ноён Путины алхам ч яван чангарсаар байгаа юм.

Д.ОЮУНЦЭЦЭГ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш