Оросын эрдэмтэд 20 жил өрөмдсөний эцэст Антрактидын мөсөн бүрхүүлийн доор байгаа Восток нуурын усны гадаргууд хүрсэнээ зарлалаа. Восток нуур нь Антарктидын 4 км зузаан мөсөн хучлагын дор 14 сая жил оршсон. Хүний гар хүрээгүй нуур бөгөөд 800 метр гүн, 15 мянга орчим кв/км талбайтай юм. Санкт Петербургт төвтэй Арктик болон Антарктид судлалын Институтын захирал, Восток нуурын төслийн удирдагч Валерий Лукины ярьж байгаагаар урд өмнө нь хүний гар хүрч байгаагүй нуурнаас шинжлэх ухаанд тайлагдаагүй олон зүйл, магадгүй нарны гэрэл болон хүчилтөрөгч бага хэрэглэдэг, агаарт гардаггүй амьтан, ургамал, бичил биетен олдож магадгүй гэж найдаж байна. Ялангуяа Антарктидын географи болон цаг уурын өөрчлөлт, түүхийн судалгаа хийхэд хэрэг болохуйц дээж олдоно гэж найдаж буй аж. Хэрэв Восток нууранд амьд биет байна гэж үзвэл, Ангараг гариг дээр амьдрал байж болохыг үгүйсгэхгүй гэж Валерий Лукин үзэж байна. Мөн түүнийхээр бол 4 км зузаан мөс өрөмдөнө гэдэг нь цаашид манай нарны аймгийн бусад гариг дээрх хөрс шороог өрөмдөх гайхалтай төхник, технологийн туршилт болж байгааг онцолсон байна. Эрдэмтэд энэ сарын 5-нд нуурын усны гадаргууд хүрсэн. Гэхдээ дараагийн шатны өрөмдлөгийн ажил болон, судалгааны дээж авах ажлаа зун болтол түр хойшлуулаад байгаа аж. Оросуудыг түр амрах зуур АНУ болон Их Британийн эрдэмтэд Восток нуурын нөгөө хэсэгт өрөмдлөг явуулж, нэг ёсондоо Оросуудаас түрүүлж, нууранд амьтан, ургамал, бичил биетэн байгаа эсэхийг олж нээхээр уралдан ажиллаж байна.
Shuum.mn
Shuum.mn