АНУ болон Египтийн харилцаа хүйтрээд байна. Египтийн Каир хотод хэвлэгддэг төрийн мэдлийн сонин хэвэлэл дээр Америкийн бэлэг тэмдэг Анкл Саймыг Египтийн хаалгыг онгойлгож тагнуул хийж байгаагаар зуржээ. Арабын хувьсгал Египетд ялснаас хойш эртний түүхт энэ улсын үндэсний үзэл сэргэсэн. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Египтийн эрх баригчид Каирт үйл ажиллагаа явуулж байсан гадаадын ТББ-ын 42 ажилтныг барьж саатуулжээ. Эдгээрийн 19 нь АНУ-ын иргэн байсан нь Америк болон Египтийн уламжлалт найрсаг харилцаанд сэв суулгасан алхам болсон байна. Шүүгчдийн мэдэгдснээр Олон Улсын бүгд Найрамдах Институт ТТБ-ын ажилтнуудын гэрээс Египт улсыг аймаг, мужаар нь 4 хуваасан газрын зураг олдсон бөгөөд тэд Египтийг салгаж, ард түмнийг хагаруулдах гэж оролдсон гэж уг ТББ-ыг буруутгаад байгаа юм байна. Мөн Олон Улсын бүгд Найрамдах Институт ТТБ-ыг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, гадагш мөнгө гуйвуулдаг байсан гэсэн үндэслэлээр буруутгаад байна. АНУ-ын зүгээс хэрэв ТББ-ын ажилтнуудыг хэрэгт тулгавал Египт рүү жил болгон илгээдэг 1.3 тэрбум долларын өртөг бүхий зэвсгийн тусламжаа зогсоох болно гэж сүрдүүлээд байгаа юм. 2011 онд явуулсан санал асуулгаар Египтийн ард иргэдийн 70 хувь нь АНУ-аас авдаг тэрбум долларын зэвсгийн тусламж хэрэггүй гэж хариулсан дүн гарчээ. Хосни Мубаракийн дэглэмийн үед ард иргэд юу хүсэх, эсэх нь хамаагүй байдаг байж. Харин ардчилсан хувьсгал ялсны дараа иргэд үгээ чөлөөтэй хэлдэг болсон юм. Ард иргэдийн ярьж байгаагаар АНУ-ын санхүүгийн тусламж нь Египтийг улам сулран доройтуулж, эдийн засгийн хувьд хараат болгож байна гэж үзжээ. Ард иргэдийн дунд гадны гүрнүүд Египтийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаад дургүйцсэн уур амьсгал дэлгэрээд байна. АНУ-ын зэвсэгт хүчний командлагч ирэх 7 хоногоос Египтэд хүрэлцэн ирж Каирын эрх баригчидтай уулзана. Энэ үеэрээ ТББ-ын ажилтнуудыг саатуулаад байгаа асуудлыг хөндөж ярих юм байна. Судлаачдын үзэж байгаагаар шинэ Египтийн харилцаа урдны Мубаракийн дэглэмийн үеийн АНУ-Египтийн харилцаа шиг байх боломжгүй. Египтийн эрх баригчид Америкаас хараат бус, илүү бие даасан бодлого явуулахаар төлөвлөж байгаа юм байна. Араб Израйлийн 3 удаагийн дайны дараа 1979 онд Египт болон Израйль улсууд энхийн гэрээ байгуулж, АНУ оронд нь Египтэд жил бүр зэвсгийн болон санхүүгийн тусламж үзүүлж байхаар болсон бараг нууц тохиролцоо хийгдсэн юм. Түүнээс хойш АНУ болон Египтийн харилцаа дулаарч, 30 гаруй жил холбоотнууд явсан юм.
Shuum.mn
Shuum.mn