logo
Хүргэний нүд (хошин өгүүллэг)

Хүргэний нүд (хошин өгүүллэг)

2012/02/15
Дунгаамаа сайхан охин ажээ. Энэ жил хувийн дээд сургууль төгсөх, том алаг нүдтэй, урт шулуухан хөлтэй, эрвээхэй хөмсөгтэй, оо энгэсэг тавиагүй байхад нь шувуу алим хэмээн тоншчихмоор ягаан хацартай хөөрхөн бүсгүйд сэтгэлийн жолоогоо алдсан хөвүүд тэдний босгыг хэдэн хуруу элээх шиг болов. Гэвч хуучин орлогч сайдын эхнэр байж, албаны унаагаар зугаалж, тусгай дэлгүүрт орон, жилдээ нэг удаа Хар далай юм уу, Чехийн Карла Вар рашаанд явж тарвалзан, эм хүний амьдралын сайн мууг, эрчүүлийн сайхан муухайг бишгүй үзчихсэн ээж нь тэднийд хүргэн орох гэсэн хархүү нарыг нийгмийн гарал үүслээс нь эхлээд, эр хүний гоо үзэсгэлэн, мэргэжил мэдлэгээр нь сайтар дэнслэх тул сэтгэлд нь таарсан нөхөр сонгож чадахгүй уджээ.
Хоёрдугаар курсэд байхдаа охин нь нэгэн намхавтар нуруутай боловч үс зүс сайтай залууг дагуулж ирэв. Ээж нь хотон дотроосоо муулах хонь шилэх мэт тэр залууг ажаад бусгасан морины дуугаар нэгэнтээ хамраа дуугарган:
-Энэ чинь хөдөөний малчны хүү юм уу даа? гэж тааламжгүй асуув.
-Гамбаа минь хуулийн ангийнхан дотроо сурлагаар дандаа онц гардаг шүү дээ ээж ээ! гэж Дунгаамаа хайртай залуугаа өмөөрчээ.
-Түүний сурлагаар нүүрээ тахлах биш. Чи сайдын охин… Эцгээ дагаад хүлээн авалт, элитүүдийн хурим найр, сүлд модны наадамд орж л таарна. Хажуудаа дагуулсан хүн чинь дугуй унасан юм шиг майга амьтан байвал амьтны доог болох байлгүй. Хөдөөний бүдүүлэгчүүд хүүхдийг бага наснаас нь морь унуулж хөлийг нь майга болгодог. Чи энэ хүүг битгий дагуулж ирж бай! хэмээн эх зарлиг буулгажээ. Үнэндээ тэр хөвгүүн багадаа рахит хэмээх өвчтэй байснаас бус хөдөө гэгчийг бараг үзээгүй байсан гэдэг.
Гуравдугаар курсэд зулзаган хус шиг гоолиг нуруутай хархүү тэднийхээр орж гарах болов. Ээж үерхдэг залууг шинжээд,
-Сүүтэй өтгөн цайнд дуртай юм. Эсвэл энэ хүү бүр хөгшин, тэтгэврийн насны эцэг эхтэй байх. Эсхүл баруун аймгийн борцуулын хүүхэд байх… Тэгвэл миний охинтой зиндаа таарахгүй хэмээн дотроо голжээ.
-Миний энэ Сайханбаяр хөл бөмбөг сайн тоглодог. Сургуулийн аварга довтлогч шүү. Ирээдүйд улсын шигшээ багт авах юм гэнэ билээ… гэж Дунгаамаа сайрхав. Сайн тамирчин хэрэгтэй. Магадгүй манай хүргэн дэлхийн нэртэй хөл бөмбөгчдийн тоонд ирээдүйд орвол, охин минь гадаад оронд суух ч юм уу? Дор хаяад ногоон цаасаар цалин авдаг болбол, эх нь баяжих биш үү. Сайдын охин дэлхийн шигшээ багийн довтлогч Сайханбаярын эхнэр нь шүү гэж хэлүүлбэл аштай юу даа гэж ээж нь боджээ.
Нэгэн орой Сайханбаярыг ирэхэд Дунгаамаа байдгаараа дайлж хэл амыг нь сугалчих шахав.
-Хүү чи, шигшээ багтаа явсаар уу? хэмээн асуугаад толгой дохимогц, -Ирээдүйд чамайг улсын шигшээ багт авах янз байна уу? гэж асуултаа лавшруулав. Залуу эр инээмсэглэн дасгалжуулагч нь залуу эрийг Увсын Тэс нутагт багаасаа усанд шумбаж бие чийрэгжүүлсэн тул тийм ирээдүй чамд байж болох юм гэснийг хархүү нуусангүй.
-Юу? Тэгвэл чи цэвэр халх биш, харин бага ястан дөрвөдийн хүүхэд байх нь ээ? гэж эх дуун алджээ.
-Би дөрвөд биш, харин баруун аймгийн эрт цагт арван хошуу эзлэн байсан баядын удам хэмээн Сайханбаяр бахархах янзтай хэлэх нь тэр.
-Юу гэнэ ээ хүүхээ? Тэгвэл эцэг эх чинь ямар ажил хийдэг билээ?
-Аав багт малын эмч, ээж саальчин… гэсэн үг Дунгаамаагийн ээжид зэвүүн сонсогджээ.
-Энэ хархүүг битгий дагуулан ирж бай. Баруун аймаг хол. Хадмууддаа золгохоор явахад дор хаяад хоёр хүний онгоцны зардал нь дийлдэхгүй. Тэгээд энэ хүү харваас давхраатай том алаг нүдтэй биш, хамар томтой, хөл нь царцааных шиг урт том… гэж ээж голжээ.
Дараагийн ангидаа өөр хэдэн залуутай танилцсан боловч ээж нь нэгийг зузаан уруулаар нь, нөгөөг духандаа мэнгэтэй хэмээн голов. Ингээд охин сургуулиа төгсөх цаг нь болжээ. Энэ жилийн төгсөлтийнхнийг хөдөө аймаг, суманд шүүгчээр томилно гэсэн яриа гарав. Гагцхүү яах аргагүй жирэмсэн юм уу, саяхан хүүхдээ гаргасан нялх хүүхэдтэй бүсгүйг хотод үлдээх юм бас дуулдлаа. Ханд ээж яах ухаанаа олохгүй хэдэн өдөр мунгинав. Хуучин цагийнх шиг биш, нөхөр нь сайдын албаа өгөөд уджээ. Ар өврийн хаалга хэрэглэх аргагүй болов. Гэвч Хандаа эм хүнийхээ арван гурав биш гэхнээ арваад мэхийг хэрэглэе. Юу ч болохноо боломжийн эрхэм гишүүн юм уу, нэртэйхэн том компанийн бэр болгоод охиноо хүнтэй суулгая гэж шийджээ. Дунгаамаа өрийн эрх мэдэл үгүй тул Ханд ээжийнхээ олсон хүнтэй л суухаас аргагү болов. Хичнээн сайхан залууд дурлаж, өөрийн сэтгэл тарсан хүнтэй ханилъя гэж хичээсэн боловч эх зөвшөөрсөнгүй тул хөдөө явж үзээгүйгээ бодоод ээждээ таалагдсан хүнтэй дэр нийлүүлээд хотод үлдье гэж бүсгүй боджээ.
Санаснаас амархнаар Хандаа авгай хүргэн олов. Яаран сандран охиноо түүнд өгчээ. Хуримын ёслол нүргээнтэй болов. Нүднээсээ хар шил салгахгүй зүүдэг, энэ жил Анагаахын их сургууль төгссөн, бөөрний эмчийн мэргэжилтэй, өтгөн хөмсөгтэй, өндөр нуруутай, бага зэрэг гүзээлэх янз орсон Гангантөгс хэмээх тэр залуу, цав цагаан царайгаараа дөчин размерийн гутал өмсдөг том хөлөөрөө, хамгийн гол нь Эрээн хотод их орлоготой ажилладаг монгол гэрийн хуушуурын гуанзтай, дээд газар танил ихтэй аавтайгаараа Ханд авгайн сэтгэлд нийцжээ. Хуримын дараа охиныхоо хадам, хялар эрийг дагуулан зовлон жаргалаа уяртал ярьж үгэндээ оруулаад, дээд газрын хүнд дүүгийнхээ сая төрсөн нялхыг өлгийтэй нь тэврэн очив. Ханд болоод Дунгаамаагийн хадам хялар эр хоёулан уйлан дуугарч зовлонгоо тоочин, манай хүүхдүүд нялх хүүхэдтэй, хөдөө байтугай, тусдаа амьдрах ямар ч бололцоогүй тул хотод үлдээж өгөхийг гуйв. Санаснаар хамаг хэрэг бүтэв.
Хотод охин, хүргэнээ үлдээх болсны дараа, нэгэн өглөө эрт залуу хосын өрөөнд Ханд өлмийдөн гишгэж оров. Тэр өрөөнөөс урд өмнө гараагүй хачин үнэр ханхлахад авгай цочин хамраа даржээ.
Хүргэн хамаг хувцсаа тийрэн нүв нүцгэн унтаж байв. Ойрд угаагаагүй шивэртэй оймсоо тайлж хаяад явган ширээн дээр хар шилээ тавьжээ. Эх сайтар үүнийг ажлаа.
Гангантөгс өтгөн хөмсөгтэй боловч хөл нь майгадуу, нүднийхээ зовхин дор мэнгэтэй, уруул зузаантай залуу ажээ.
-Паах! хэмээн Хандаа цочин дуу алдав. Охин сэржээ. Гангантөгс ч нүдээ нээв. Гайхмаар нь шинэ хүргэний нэг нүд баруун тийшээ хялар, нөгөө нь зүүн тал руугаа хялар тул хоёр зүг рүү зэрэг хараад Гангантөгс бушуухан хар шилээ зүүв.
-Ай яа, яа! хэмээн Хандаа сайд байсан нөхөр өдөө гүйн одлоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш