logo
Б.Догмид: Орос хүн, орос ган хоёрын чанарыг магтаад баршгүй

Б.Догмид: Орос хүн, орос ган хоёрын чанарыг магтаад баршгүй

2012/02/15
Төрийн шагналт зохиолч Б.Догмид найруулагч Ж.Солонготой хамтран Монголын тал нутагт төмөр зам тавьж буй сэдвээр “Дархан хүн жинхэнэ ганг зүрхнийхээ галд ширээдэг” нэртэй кино хийж байна. Киноных нь талаар түүнтэй ярилцлаа.  

-Таныг “Улаан тарианы хүүхнүүд” зохиолоо кино болгож байна гэж сонссон. Хожим дахиад дуулах нь ээ төмөр замыг анх барьсан тухай болж хувирсан бололтой. Киноны жинхэнэ нэр юу билээ? 

-Би төмөр замын тухай кино хийгээд байгаа ухаантай юм. 1949 онд Улаанбаатар-Наушки чиглэлийн төмөр замын нээлт болсноор Монгол Улс гадаад ертөнцтэй хамгийн бат бөх дэд бүтцээр холбогдсон. Төмөр замыг дагаж хот суурин, бүхэл бүтэн соёл иргэншил, үндэсний мэргэжлийн ажилчин анги үүссэн юм шүү. Төмөр замыг бүтээн байгуулахад Оросын цэрэг армийнхан голчлон, гэрээний ажилчид. Монголчууд ч оролцсон. Бидний мэддэгээр 505-ынхан буюу Валасовын армийн үлдэгдэл болсон хүмүүс. Тэднийг өнөөдөр сайнаар бүү хэл муугаар дурсах нь ховорджээ. 505-ынхан Орос эх орныхоо төлөө эцсээ хүртэл тулалдаж, цагийн салхинд хэлмэгдэж Монголд ирж төмөр зам тавьсан. Тухайн үеийн ЗХУ-ын удирдлага, цэргийнхний хоорондын үл ойлголцол, улс төрийн гадаад, дотоод бодлогын буруу, зөрүү ойлголтын золиос болж хэлмэгдсэн хүмүүс. Тэднийг Монголд ирээд муу муухай юм хийж Орос хүний мөн чанарыг шороотой хутгасан гэж боддоггүй. Кинондоо жинхэнэ орос хүн, орос төмөр хоёрын чанарын тухай өгүүлэхийг зорьсон. Оросын гангийн чанарыг давхар илтгэнэ. Одоогоор кинондоо “Дархан хүн жинхэнэ ганг зүрхнийхээ галд ширээдэг” гэсэн урт нэр өгөөд байна. 1946-1956 оны хооронд арван жилийн түүхийг өгүүлнэ. Монголд анхдугаар таван жилийн төлөвлөгөө гарсан үе.  Эхлээд гурван жил байсан. Дайны дараах их бүтээн байгуулалт өрнөхөд энх цаг ирж манай армийнхан цомхотголд орж улс ардын аж ахуйд нэгдэл, баг, намын хорооны даргаар томилогдон ажиллаж байв. Армийнхан хамгийн мэдлэг боловсролтой, хүнтэй, техниктэй харьцаж сурсан шалгарсан шилдгүүд байсан. Эднээс нэртэй Хөдөлмөрийн баатар найм ес төрсөн юм. Хүн амыг эрүүлжүүлэх бодлого явсан. Зөвлөлтийн 2000 гаруй эмч, сувилагч, машин техниктэйгээ 35 экспедици болж арван жил идэвхтэй зүтгэсний хүчинд монголчуудыг арьс өнгөний өвчнөөс нь салгаж эрүүлжүүлсэн. Хүн амын нас баралт төрөлтөөсөө давсан тухайн үед гадаадын зарим судлаач Монгол бол мөхөж буй жижиг үндэстэн. Жижиг үндэстний мөхөл ингэж эхэлдэг гэж бичиж байсан үе. Оросууд хүнийг нь эрүүлжүүлсэн төдийгүй өтөг бууц, мал сүрэг, газар шороог нь хүртэл ариутгаж өгсөн. Тэдний ач тусыг мэдэхгүй хүмүүс л муу хэлдэг. Би хувьдаа Оросгүйгээр Монгол байхгүй байсан гэж бодож явдаг. 1921 он гэхэд хүн ам 500 мянга хүрэхтэй үгүйтэй байсан. 1919 оны хүн амын тооллогоор Да хүрээнд 140 мянга орчим хүн байсны 30 мянга нь Монгол, 0.5 хувь европчууд, 70 хувь нь хятад байжээ.
Кинонд уран торгон гоё шигтгээнүүд олон бий. Монгол Улсын хөгжил хэнээс эхлэлтэй, гурван сая болтлоо хүн ам өссөн нь хэний ач тус вэ гэдгийг онцолж Орос хүнийг хамгийн сайхан талаас нь харуулахыг хичээлээ. Монгол хүний сэтгэлд Орос хүний эзлэх орон зай ямар их вэ гэдгийг ихэсгэл болоод багасгалаар уран сайхны аргаар үзүүлнэ.

 -Түүхэн баримт ховор бололтой. Дан уран сайхны сэтгэмжээр хийж байна гэсэн үг үү? 

-Баримт бол ховор. Тагнуулын газрынхан өгөхгүй нь тодорхой. Гэхдээ өнөө цагт бол нууцлах юу байхав. Сүүлийн үед шинэ Оросуудын бүтээж буй кинонууд сайн байна. Манайхан өмнөх уламжлалаа хаяад 1990 оноос хойш Монгол Улс бий болсон юм шиг ханддаг. Оросын шинэ үеийнхэн дээд тал нь 50 нас орчмынхон. Тэд өмнөх түүхээ ямар сайхан үнэнээр, шинэ соргогоор мэдэрч кино бүтээж байна вэ. Бид Солонгосын олон ангит кинонуудаас загвар аваад байх шиг. 

-Таныг төмөр замыг нэлээд гадарлах хүн гэж боддог юм. Яагаад гэвэл Дорноговийнх. Дэд бүтэц хөгжих бүрэн боломжтой нутаг шүү дээ? 

-Би анх сургуульд орохдоо төмөр замаар явсан. Анхны галт тэрэг Сайншандад ирэхэд хараад зогсож байлаа. Төмөр зам барих гээд далангийн шороо зөөж шоргоолж шиг сүлжилдсэн самсволуудыг, анхны эксковатор Сайншандын хойд дэнж дээр шороо ухаж, түрэхийг хараад зогсож байсан. Тэр байтугай 505-ынхантай айл, саахалт шахам хүүхэд насныхаа нэгээхэн үеийг өнгөрүүлсэн. 

-505-ынхан зөвхөн төмөр зам бариад зогсоогүй харилцаа холбоо, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан гэдгийг тодотгох гэж байна уу?

 -Төмөр замаар хэмжигдэхгүй. Сайншандаас Дорнодын чиглэлд цахилгаан утасны шугам татаж байхад нь манайх 505-ынхантай айл саахалт байлаа гэж хэлсэн. Олон зуун хүн байна. Нүүгээд явна, удалгүй нүүгээд л ирнэ. Дарга нар нь манайхаар бууж мордоно. Тухайн үед Монголын 250 орчим сум байсан гэвэл утсан харилцааг нь тэр Оросууд бүтээсэн. Налайхаас бусад бүх уурхайг оросууд нээсэн, бүтээсэн.  Нефть олборлох, боловсруулах анхны үйлдвэрийг 505-ынхан улаан гараараа босгосон. Утасны модны нүх ухаж буй Оросуудыг ямар хүмүүс байсан гэж санана. Дандаа хүүхнүүд. Эмэгтэйчүүд нь арай хөнгөвтөр, эрчүүд нь уурхай, жонш зэрэг хүнд ажилд явна. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд бодоход тэр хүүхнүүд офицер голдуу эмнэлгийнхэн, холбоочид, нисгэгчид байжээ.  Хожим 1950-аад оны дундуур Сибирьт аваачиж газар доогуур уурхайд оруулсан гэж сонссон. 1953 оны гуравдугаар сарын 28-нд И.В.Сталиныг нас барсны дараа К.У.Ворошиловын тушаалаар зарим хүнийг анги, нэгтгэлээр нь нэр зааж цагаатгасан байдаг. Монголчууд тэднийг хоригдол, ялтан, эх орноосоо урвагч гэж үздэггүй байсан. Үр хүүхэд, ахан дүүс шигээ халуун дотноор хандсан. Бид жаахан хүүхэд өглөөд утасны модны нүх ухаж буй орос хүүхнүүд дээр хонь, ямаагаа туугаад очно. Тэд төмөр аягаа барьж гүйлдээд ямааны сүүг сааж авна. Орос дарга нар гэрээр ирнэ. Монголчуудад бүжиг наадам зааж, дуу хуур болно. Оросуудын хүчинд Монголчууд өдий зэрэгтэй хөгжсөн юм шүү. Зарим хүний яриад байгаачлан Оросууд Монголыг мөхөөе гэж санаархсан бол улаан тариагаар эрүүлжүүлэхгүй зөнд нь орхиход л бүх зүйл дуусах байсан. Намайг багад нүдгүй, хамаргүй, оюун ухааны сааталтай олон хүн байлаа. Энэ бүхнийг Оросууд эрүүлжүүлсэн. Алив зүйлийг үнэнээр хэлэх ёстой. Оросуудын ач буяныг бид энэ насандаа төлөөд барахгүй. 

-Киноны зураг авалт хэр хэмжээнд явна. Санхүүжилт яаж шийдэгдэх вэ? 

-Зураг авалт шалиагүй, эхлэл төдий. Оросоос өндөр үнээр жүжигчид авч байна. Нийт 500 сая төгрөгийн санхүүжилт шаардагдана. Замын дарга Т.Очирхүүд найдаж байна. Болох биз дээ. Нэг зүйлийг саналаа. Намайг 505-ынхан, төмөр зам байгуулагдсан талаар кино хийж байгаа сургаар “шум” тараасан байна лээ. Сонссон уу. 

-Ямар “шум”вэ? 

-Б.Догмид, Ж.Солонго хоёр Монголд төмөр зам тавьсан Оросуудын тухай аймшгийн кино хийж байгаа. Монголын тал нутагт Оросууд хүний эрхийг хэмжээ хязгааргүй зөрчиж байсныг харуулна. Олон улсын шүүхэд шилжихээр кино гэсэн цуурхал тараасан байна билээ. Сонссон хүнд их муухай сэтгэгдэл төрүүлнэ шүү дээ. Бидний бүтээж буй кинонд тийм зүйл юу ч байхгүй. Хамгийн сайхан хүүхнүүд эрчүүдийн нүдэнд өртөж, янз бүрийн өвчин тусдаг байсан. Гэхдээ бид нарийвчлан харуулахгүй. Миний зохиолд гардаг даа. “Энэ Дэнсмааг Шараваас өөр эр, шараас өөр нохой тоох биш” гэж улаан тарианд явж буй хүүхнүүд дооглон, шоолж хөхрөлддөг. Тэр муу царай муутай хүүхэн нь эрүүл, бас нөхөртэй, хүүхэд төрүүлээд байдаг байхгүй юу. Цаагуур чинь хүний эрхийг зөрчсөн гэж бодлогоор цуурхсан хүмүүс бий. Бидний кинонд атаархагчдын яриад байгаачлан 505-ын орос хоригдлыг Монгол айлын гадаа буудаж булчихаад яваад байдаг зүйл байхгүй. Энэ муухай цуурхлаа бүр Оросуудад хүртэл хүргэсэн байна лээ. Хэн тараасныг мэдэж л байна.

-Хэн гэдгийг нэрлэж болох уу? 

-Хэрэггүй биз. Өөрсдөө хийж чадахгүй бусад нь хийхээр атаархдаг хүмүүсийн яриа. Киноны зураг авч байх үеэр энд тэндхийн янз бүрийн хов хутгадаг юмнууд хажуу дэргэд хараад зогсож л байдаг байхгүй юу. 

-Оросоос жүжигчид авчирч таарна. Хөлс гэж өндөр гарна даа? 

-Таарна гэх юмгүй авчирсан. Хөлс өндөр. Гурваас дээш одтой зочид буудалд байрлана, эрүүл мэнд, даатгал, кинонд тоглосны хөлс, аюулгүй байдлыг хангах гээд явж өгнө дөө. Энэ бүхнийг гэрээ хийсний үндсэн дээр авна. 200-гаад орос ирсэн. Ирсэн хойно нь халаасны мөнгө өгнө, аялал жуулчлалаар явуулна. Буцахад нь, хүн бүрт 1000 ам.доллар өгөх жишээтэй.  

-Энэ бүх санхүүжилтийг та нар гаргаж байгаа юу? 

-Зээл аваад байна. Юун 500 сая төгрөг, тэрбум руу дөхөж байгаа биз. Зээлийн хүү талийсан. Эхнэр, охидынхоо ээмэг бөгж, унаж яваа машин, уяж байгаа морио худалдах нь холгүй болдог. Бид мөнгө ашиг олох гэж, нийгэмд дуулиан тарих гэж энэ киног бүтээгээд байгаа юм биш. Манайд киноноос ашиг олно гэвэл худлаа. Дуртайдаа уран бүтээлчийн сэтгэлийн дуудлагаар бүтээж байгаа кино. Би эдийн засагч мэргэжилтэй хүн. Хэрэв амин хувиа бодоод ашиг олъё гэвэл өөрийнхөө ендөрт гарсан нэр сүрийг бариад дарга нараас зөвшөөрөл авч аль нэгэн байшингийн буланд жижигхэн дэлгүүр нээж өлхөн дөнгөнө. Атгын чинээ газар аваад худалдаж чадах байх. Тийм зүйл хийх завгүй явна. Энэ бүхнийг ойлгодог хүн цөөн. Кино гарсан хойно ойлгох нэг нь ойшооно байлгүй. Өнөөгийн нийгэмд оюуны хөдөлмөрийн үнэлгээ алга. Морь, бөх хоёр л үнэтэй байх шив. Найруулагч Ж.Солонго бид хоёрын бүтээсэн кино Азийн кино наадамд дээгүүр давхиж байна. 

-Дээр бүтээгээд байсан “Чонын дурлал” уу. Таны найруулагч Н.Нямгаваатай хамтарч хийсэн “Догшин хутагтын сахиус” кино дэлхийн шилдэг 100 киноны жагсаалтад багтсан санагдах юм? 

-Дэлхийн шилдэг 100 киноноос 31 дүгээрт “Догшин хутагтын сахиус” кино жагссан. И.Нямгаваа маань Холливудад урилгаар очоод найруулагч хийж байна. Шилтгээнтэй, эдлэн газартай, сарын 10 мянган ам.долларын цалинтай сайхан амьдарч байгаа. Охид нь тэнд сургууль төгсчихсөн, өөрөө АНУ-ын иргэн болчихсон байх жишээтэй. 

-И.Нямгаваа найруулагчтай холбоотой байдаг уу? 

-Холбоотой байдаг. Балжирын Догмид ийм зиндааны амьдраад явбал явах байлаа. Даанч гэртээ хоргодоод. 

-Гэртээ юу, нутагтаа юу? 

-Нутагтаа, говьдоо, Монголдоо хоргодоод байх юм. 

-Та ер нь их бухимдалтай байх шиг ? 

-Харин тийм, дургүй хүрээд байх юм. Хэнд гэдгийг мэдэхгүй. Дарга, албан тушаалтнуудад юм уу, атаархагчдад юм уу. Лав л ард түмэнд, уншигчдад уур, дургүй хүрнэ гэж байхгүй. 

-1950-1960-аад оны үеийн кино бүтээхэд тухайн үед хэрэглэж байсан машин техник, хувцас хунар шаардлагатай. Арга эвийг нь яаж олж байна вэ? 

-Монгол кино үйлдвэрийнхэн их тус нэмэр болж байна. Тэдгээр мэргэжилтнийг, баазыг түшиглэх юм. Түүнээс би хувиараа хийнэ гэвэл ганц камерийн нэг өдрийн түрээсийн мөнгийг дийлэхгүй амьтан шүү дээ. 50.000-100.000 гэж байна. Кино урагшлаад байгаа нь найруулагч Ж.Солонгын минь хүч. 

- Азийн кино фестивальд дээгүүр яваа “Чонын дурлал” кино юу болсон бэ? 

-Ж.Солонго бид хоёрын уу? Дээгүүр яваа, дээгүүр яваа, нэлээд найдлага тавьж байна. Саяхан би Сингапур яваад ирлээ. “Чонын дурлал” маань шуугиулж байхтай таарлаа. Маш өндөр үнэлгээтэй, техникийн талаар л жаахан гологдоод байгаа бололтой. Монгол кино үйлдвэр чинь гурван жилийн өмнө техникийн шинэчлэл хийгээд Холливудын хэрэглэдэг тоног төхөөрөмжид их дөхөж очсон юм, уг нь. Жинхэнэ нэр нь “Чонын дурлал буюу Оосор бүчгүй орчлон” юм шүү дээ. Яахав, гадаадад “Чонын дурлал” гэж явж байна. 250 орчим киноноос дээхнэ 40-д явна гэсэн.

-Жинхэнэ зэрлэг чонын зургийг авсан гэж сонссон? 

-Монголчууд дэлхийн хэмжээний кино хийж чадна. Харин техникийн хүмүүсээ сургах ёстой. Зохиолч, найруулагч, жүжигчин нь байдаг. Залуучууд маань кпипнээс хэтрэхгүй юм. Салхинаас өөр зүйл биед нь хүрээгүй чонын тухай кинондоо өгүүлсэн. Ази, Африкийн амьтны хүрээлэнд байдаг шиг үс нь ноолорсон өрвийсөн чононцор оролцоогүй. Миний кинонд чоно тоглосон гэж боддог. Хэрэв амьтанд гавьяа шагнал өгдөгсөн бол кинонд орсон арваад чоно, хоёр нохой, хэдэн бэлтрэг, гөлөг “Соёлын тэргүүний ажилтан” болсон шүү! Гайхалтай тоглосон. Бүтэн зун, намаржин зураглаачаасаа эхлээд бүх хүн чоно, нохойтой хоблоо хувааж идэх шахам явж бүтээсэн. 

-Хоёулаа үндсэн сэдвээсээ хазайчихлаа. Төмөр зам барьсан тухай өгүүлэх киноны зураг авалт хэзээнээс үргэлжлэх вэ? 

-Орос, Монгол олон хүнийг хөлдөө чирч байна. Багаар бодоход 1000-3000 хүн оролцоно. Төмөр зам тавьж буй хүмүүс нэг үзүүрээс нөгөө тал нь харагдахгүй байх ёстой. Монгол кино үйлдвэрт дээр үеийн 4-5 машин, цэргийн хувцас, хунар, аяга, шанага, майхан бий. Батлан хамгаалах яам ч зохих хэмжээнд тусалсан. Цэцэг навч дэлгэрч, хүн малын зоо тэнийж, нар шувуу хоёр наашлахаар киноныхоо зураг авалтыг үргэлжлүүлнэ. Ний нуугүй хэлэхэд, санхүүгийн бэрхшээл бий. Хоёр ангитай кино юм. 

-Төмөр замын тухай кино учраас төмөр замчид оролцож байгаа болов уу? 

-Киноны бэлтгэл бүрэн хангагдсан. Төмөр замын ажилчдын салаа авсан. Налайхын наад талд ашиглагдаагүй төмөр зам дээр зураг авахад оролцуулсан. Анх баригдаж байгаа үеийн кино учраас төмөр замыг салгаж, буцааж угсрахад мэргэжлийн хүмүүсийн дэмжлэг шаардагдана. 

-Ийм кино бүтээх юмсан гэж олон жил бодсон байх даа? 

-Хүүхэд насны нэгээхэн хэсэг маань 505-ын Оросуудын дунд өнгөрсөн. Өгүүллэг ч бичиж байлаа. Монгол Улсын төмөр замын үүслийн тухай түүхийг үнэн мөнөөр өгүүлсэн кино. Би төмөр замын тухай хийсэн бүтээсэн кинонуудыг мэднэ л дээ. Жирийн ажилчин, малчин залуу илгээлтээр ч юм уу очоод , ажилд ороод эхнэр хүүхэдтэй болж, сүүлдээ Хөдөлмөрийн баатар болоод кино төгсдөг. Яахав дээ, хуучин нийгмийн үед захиалгаар, албан даалгавраар бүтээсэн байдаг байх.

Бидний кино тийм биш. Төмөр замыг, хөгжлийн чухал түлхүүрийг ямар их үнэ цэнээр, хөлс хүчээр яаж бүтээснийг, төмөр зам баригдсаныхаа дараа улс оронд ямар их ач тустайг өгүүлнэ. Төмөр замаар үр хүүхэд маань явж гадаад ертөнцөд сурдаг. Төмөр замаар ачаа тээврийн дийлэнх хэсэг өнгөрдөг. Монгол Улсын хөгжилд их хувь нэмэр оруулсан юм шүү дээ, төмөр зам.

Д.Дамдин
Эх сурвалж: “Ган зам”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш