Захирлууд “аав”-ынд суусан хэвээр, Н.Даваа нь наранд нэг хэсэг жаргаж, хөдөлгөөн энэ тэртэй хутгалдаад эргээд заларчихаад байгаа юм. Тэрээр суусан даруйдаа л элдэв захидал бичиж, санаатайгаар Анодыг дампууруулсан, улс төрийн золигт гаргасан гэх мэдэгдэл хүртэл хийж байсан.
Гурван он дамжсан Анод банкны хэргийн мөрдөн байцаах ажиллагаа сунжирч эцэслэн шийдэгдэхгүй л байна. 1200 хохирогчтой уг хэрэгт хяналт тавьж буй прокурор нь тус банкыг дампуурахад нөлөөлсөн хохирлоо төлөөгүй томоохон зээлдэгч нарт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсоноор шалгуулах даалгаврыг бичиж мөрдөн байцаагчид явуулсан гэнэ. Өөрөөр хэлбэл уг банкнаас зээл авсан хэр нь өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулаагүй томоохон зээлдэгч нар болох хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг олон тэрбумаар нь “залгисан” баячуудын өрийг төлүүлэхээр цагдаа, прокурорынхон хөдөлж “Тас петролеум”-ын Л.Пүрэвсүрэн, “Монроуд”-ын Б.Гарамгайбаатар зэрэг олон хүнийг хариуцагчаар татсан байна.
Хууль хяналтынхны зүгээс дээрх арга хэмжээг авах болсон нь Анод банкны харилцагч хадгаламж эзэмшигч нарт учирсан хохирлыг шуурхай барагдуулах, гэмт хэрэгт оролцсон хүн нэг бүрийн үйлдлийг нарийвчлан тогтоох боломжтой болгож байгаа аж. Бидэнд ирсэн мэдээллээр Анод банкнаас их хэмжээний зээл авсан “Мон-Уран”-ны Б.Наранхүү “Дүнжингарав” худалдааны төвийг барихдаа тус банкнаас 20 орчим тэрбум төгрөг зээлсэн бол “Монгол газар”-ын хувьд 15 сая гаруй ам.долларын зээлийн үлдэгдэлтэй гэнэ. Б.Наранхүүгийн хувьд дээрх хэмжээний зээлийг авахын тулд “Дүнжингарав” худалдааны төвөө эзэмшлийнх нь газартай, бас одоогийн “Анод” банкны төв байрлаж байгаа барилгыг барьцаанд тавьж байсан гэнэ. Тэднээс гадна олны танил “Сити такси”, “Эрхэс майнинг”, “Аэро монголия” зэрэг компаниудын нэр ч уг жагсаалтад орсон бололтой. Түүний араас монголын уул уурхайн салбарын акулуудын нэг “Гацуурт”-ын Л.Чинбатын нэр ч дуулдаад эхэллээ.
Прокурорын даалгавраар Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дахь хэсэгт зааснаар түүнийг сэжигтнээр татжээ. Л.Чинбатыг банкны зээлээс гадна санхүүгийн луйвар хийхэд хамтран оролцсон гэж хардаж буй бололтой. Учир нь арилжааны томоохон банкнуудын нэг Анодыг үүсгэн байгуулах гэрээнд одоогоос 14 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 14-ний өдөр Д.Энхтөр, “Эрчим хүч байгаль орчин” ХХК-ийн ерөнхий захирал С.Жаргалсайхан, “Анома” ХХК-ийн ерөнхий захирал Т.Батсүх, “Амонда” ХХК-ийн ерөнхий захирал Н.Даваа, “Гүн төгөл” ХХК-ийн ерөнхий захирал Э.Гүр-Аранз, “Очир төв” ХХК-ийн захирал Д.Дамба-Очир (одоогийн УИХ-ын гишүүн) нар гарын үсэг зуржээ. Ингэж үйл ажиллагаа нь эхэлсэн Анод банкинд “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат 2003 онд нэг тэрбум, иргэн Д.Наранбаатар 200 сая төгрөгийн хувь эзэмшихээр тус банкны дүрмийн санд оруулж, гэрээ байгуулсан байх юм. Түүнчлэн “Түшиг” ХХК таван тэрбум, иргэн Д.Батмөнх 500 сая төгрөгийн хувь эзэмшихээр болсон байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Очир төв” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2004 оны хоёрдугаар сард нэг тэрбум төгрөгийг тус банкны дүрмийн санд оруулсан байна. Гэвч хувь нийлүүлэгчид бүх хувьцаагаа Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт бэлэглэж, хариуд нь их хэмжээний зээл авч байсан гэх баримт бий. Тэгэхдээ томоохон компанийн эзэд Д.Энхтөр нартай үгсэн хуйвалдаж тус банкийг санхүүгийн асуудал гарах үед нь их хэмжээний хувьцаа худалдан авдаг эсвэл хувь нийлүүлэгч хэмээн зарлаж мөнгө оруулахад тусалдаг байсан гэнэ. Тэдэнтэй зэрэгцэн хөшигний ард санхүүгийн луйвар хийхэд гар бие оролцсон хүмүүсийн нэгт Л.Чинбатыг мөрдөгчид зүй ёсоор тооцжээ. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи уул уурхайн кадастрын албаны даргын хэвлэлд өгсөн мэдээллээр Монголдоо хамгийн олон буюу 57 лицензийг эзэмшдэг эл эрхэм үе үе хувь нийлүүлэгчийн дүрд хувирч ирсэн нь хуулийнхны овоо хараанд өртөхөд хүргэсэн байна. Тэрбээр Анод банкнаас долоон компанийнхаа нэрээр 5.4 тэрбум төгрөгийн зээл авсан ч өдийг хүртэл төлөхгүй гүрийж яваа нь ч эрүүгийн хэрэгт татагдах бас нэгэн шалтгаан болсон гэдгийг эх сурвалж хэлж байна. Тиймээс Л.Чинбат, Б.Наранхүү, Д.Энхтөр нар олон мянган хадгаламж эзэмшигчдийн мөнгийг баруун солгойгүй цацахад их хэмжээний зээл аваад ч зогсохгүй дампуурахад нь санхүүгийн хуйвалдаан зохион байгуулж байсан гэдгээр ч давхар буруутгагдаж буй бололтой.
Анх хэрэг сөхөгдөх үед Монголбанкнаас гаргасан мэдээлэлд дурдсанаар тус банкнаас зээл авсан хувь хүн, компанийн нийт зээлийн хэмжээ 54,4 тэрбум төгрөг эргэн төлөгдөөгүйгээс Анод банкийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж эхэлсэн юм. Үүн дээр банкны холбогдох этгээдийн гаргасан нийт аккредитив, батлан даалтын дүн дөрвөн сая ам.доллар (Япон улсын Иточу корпорацийн Анод банкнаас нэхэмжилж байгаа аккредитивийн дүнг оруулахгүйгээр), банкны хувь нийлүүлэгч, удирдлагад ажиллаж байсан Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нараас авах авлага 58,6 тэрбум төгрөг, тус банкны үндсэн хөрөнгөтэй холбоотой авлагын дүн 7,8 тэрбум төгрөгийг оруулан тооцвол нийт 120,8 тэрбум төгрөг, дөрвөн сая ам.долларыг банкны холбогдох удирдлагуудтай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтэн яллагдагчаар татан шалгасаар өдийг хүргэсэн юм.
П.Дөлгөөн