Хэт халалт. Эдийн засаг хэт халж байна, энгийнээр хэлбэл хэт хурдацтай өсч байна. Эдийн засгийн өсөлтийг хэт хурдан байна гэж өөлөх нь сонин санагдах боловч эдийн засгийн өсөлтийн тухайд өндөр байх тусам тэр болгон сайн байдаггүй. Богино хугацаанд хэт хурдан өссөнөөр үнийн огцом хөөрөгдөл, ханшийн савалгаа, цалин хөлсний өсөлт, Голланд өвчин гэх мэтчилэн олон бэрхшээлтэй асуудлуудыг дагуулдаг. Мөн түүнчлэн эдийн засаг “хатуу буулт” хийж болзошгүй гэсэн айдас, нэн ялангуяа гадаад цочролд өртсөн тохиолдолд бий болдог. Макро эдийн засгийн тогтвортой байдал алдагдвал, урт хугацаанд илүү их хор хохирол учирдаг. Тухайлбал, Монгол Улсад бизнес эрхлэхэд илүү өндөр зардалтай болж, хөрөнгө оруулалт хийх зоригийг мохоож, Монголын аж ахуйн нэгжүүдийн олон улсад өрсөлдөх чадвар муудна. Мөн түүнчлэн инфляцийн дарамт ядууст хамгийн том ачаа болдог. Товчоор хэлэхэд өнөөдөр үүссэн хэт халалт цаашид ядуурлыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг доош татдаг. Энэ нь зөв сонголт болж чадахгүй.
Дэлхийн эдийн засгийн эрсдэл. Дэлхийн эдийн засаг нэн осолтой цэг дээр байна. 2008 онд болсонтой төстэй уналтанд орох бодит эрсдэл үүсээд байна. Хэдийгээр Европын улсуудын засгийн газрын өрийн хямрал хамгийн том толгойны өвчин болоод байгаа боловч байдал доройтсон тохиолдолд дэлхийн аль ч улс бүрэн хамгаалагдах дархлаатай байж чадахгүй. Монгол Улсын хувьд зэс, нүүрсний үнэ огцом унах нь хамгийн том сөрөг үр дагавар болох бөгөөд 2008 онд яг ийм зүйл тохиолдож, Монголын Улсын эдийн засаг маш хүнд цохилт амссан. Бодлого боловсруулагчид чухамдаа 2008-2009 оны эдийн засгийн хямралд хүргэсэн тэрхүү алдаануудыг хамгийн буруу үед нь давтаж байна. Дэлхийн эдийн засаг осолтой байдалд байгаа энэ үед агшилт, тэлэлтийн бодлого руу эргэж орсоноор Монгол Улсын эдийн засагт дахин нэг хямрал нүүрлэх эрсдэлийг дагуулж байна. Удахгүй болох УИХ-ын сонгууль нь тодорхой бус байдлын бас нэг эх сурвалж болж байна. Улс төрийн байдал өөрөө эдийн засагт итгэх итгэлийг алдагдуулахуйц алдаанд хүргэж болзошгүй байна. Монгол Улсын эдийн засаг одоогоор тийм байдалд хараахан хүрээгүй хэдий ч эдийн засгийг бат бөх суурьтай болгоход бодлогын арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай байна.
Төсвийн бодлого. Хэт халалт, эдийн засгийн тогтворгүй байдлын үндсэн шалтгаан нь төсвийн бодлого болж байна. Тодруулбал, төсвийн зарлагыг ихээр нэмсэн нь эрсдэлтэй алхам болсон.
Төсвийн нийт зарлага өнгөрсөн онд өмнөх онтой харьцуулахад 60 хувиар өссөн бол энэ онд дахин 30 хувиар нэмэгдэж батлагдсан. Хоёрхон жилийн дотор хоёр дахин нэмэгдэнэ гэдэг нь байж боломгүй юм. Энэ их өсөлт эрэлтийг өдөөж, улмаар инфляцийг хөөрөгдөн, импортыг хэт дэмжиж, ханшийн савалгааг бий болгон, хувийн хэвшлийг хавчин шахаж байна. Иймд төсвийн зарлагыг танаж, өсөлтийг илүү зохистой болгох нь эн тэргүүний зорилт болоод байна.
Гадаад валютын ханш. Уян хатан ханшийн тогтолцоо үр дүнтэй байгаа тул хадгалах нь зүйтэй.
Үнэндээ өнөөдөр болон өнгөрсөн хямралын хамгийн чухал бодлогын ялгаа бол уян хатан ханшийн тогтолцоо юм. 2008 он шиг төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тодорхой нэг түвшинд барихыг зорих эсвэл хянах бодлого руу эргэж орох нь том алдаа болох бөгөөд өмнөх хямрал дахин давтагдах нөхцөл байдлыг бүрдүүлж өгч болзошгүй.
Валютын ханшийн савалгаа нь таатай зүйл биш учраас энэ асуудлыг иргэд, улс төрчид хөндөх нь ойлгомжтой. Гадаад валютын ханшид гарч байгаа хэт их савалгааг намжаах зорилгоор төв банк интервенци хийж болно. Гэхдээ төв банкны хийж болохгүй зүйл бол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тодорхой нэг түвшинд барина гэж зорилго тавих явдал юм. Ингэлээ гээд хүссэн үр дүндээ хүрч чадахгүй, гагцхүү гадаад валютын нөөцөө барж дуусна. 2008 онтой харьцуулахад гадаад валютын нөөц хамаагүй өндөр, БНХАУ-ын төв банктай байгуулсан своп хэлцлийн дүнг оруулбал бүүр ч өндөр хэмжээнд хүрсэн боловч төгрөгийн ханшийг тодорхой нэг түвшинд хамгаалж үлдэхэд хангалттай биш юм.Хэдийгээр ийм бодлого богинохон хугацаанд хэрэгжих боломжтой юм шиг харагдах боловч гадаад валютын нөөц барагдаж ирмэгц ашиг хонжоо олох гэсэн оролдлого эрчимжиж, эцсийн дүндээ 2008-2009 онд болсон шиг ханшийн огцом, том, дарамт дагуулсан уналт байх болно. Тэр алдааг давтаж болохгүй ээ.
Инфляци. Төсвийн зарлагын ердийн бус өсөлтийн улмаас инфляци Монгол Улсад өндөр болоод удаж байгаад гайхах зүйлгүй. Хэрэглээний үнийн ерөнхий индексээр тооцсон инфляцийн үзүүлэлт хүнсний барааны үнийн өсөлтөөс хамаарч тогтворгүй байдаг. Иймд цахилгаан халаалт гэх мэт зохицуулалттай үйлчилгээний үнэ болон хүнсний барааны үнийг хасч тооцсон суурь инфляцийн үзүүлэлтийг авч үзэх нь хэрэгтэй байдаг.
Монгол Улсын хувьд энэ үзүүлэлт илүү тогтвортой байж, 2011 онд үндсэндээ 15 хувьтай, 12-р сард 16 гаруй хувьтай байсан. Гэхдээ энэ нь хэт өндөр, бодлогын хүүнээс ч дээгүүр байна. Бодлогын хүүгийн нэрлэсэн түвшин 12.25 хувь байгаа нь өндөр мэт харагдах боловч эдийн засгийн утгаараа энэ нь дэндүү доогуур байна. Инфляцийн тохируулга хийвэл бодлогын хүү 2011 онд үндсэндээ сөрөг утгатай, өнөөдөр ч гэсэн -4 хувьтай байна.
Тэгэхлээр бодлогын хүүг нэмж өсгөх шаардлагатай бөгөөд дараах хоёр сувгаар дамжуулан инфляцийг барихад энэ нь дэмжлэг болох учиртай. Нэгдүгээрт, зээлийн өртөг нэмэгдэж, аж ахуйн нэгжүүдийн зардал өсөх учраас зээлийн өсөлт саарч, улмаар төсвийн зарлагын өсөлтөөр дэмжигдсэн эрэлтийн нөлөөллийг зарим талаар сулруулж өгдөг. Хоёрдугаарт, хадгаламжаа төгрөгөөр байршуулах нь ашигтай болох учраас төгрөгийн ханшийн уналтыг багасгана. Төгрөгийн ханш суларч байгаагаас импортын өртөг нэмэгдэж, инфляци өсч байгаа нь тодорхой.
Хэдийгээр бодлогын хүүгийн өсөлтөөр инфляцийг хазаарлах бодлого нь төгрөгийн ханшийг давхар чангаруулж байж үр дүнд хүрч байгаа боловч энэ нь ханшийг тодорхой нэг түвшинд барих зорилтоос зарчмын том ялгаатай, андуурч болохгүй. Ханш уян хатан байж, зах зээлийн нөхцөлийг даган хэлбэлзэх бөгөөд зөвхөн хүүг өсгөсөн нь зах зээлийн нөхцөлийг өөрчилж байна.
Бодлогын хослол. Төсвийн бодлого нь тэлсэн, мөнгөний бодлого нь хатуу байх нь бодлогын оновчтой хослол биш. Үр дүнд нь эдийн засаг дахь засгийн газрын оролцоо данхайж, харин хувийн хэвшил хумигдана. Мөнгөний бодлого засгийн газрын хэт их тэлэлтийг хувийн хэвшлийг шахах замаар тэнцвэржүүлэхэд чиглэж байна. Иймд төсвийн зарлагыг мэдэгдэхүйц танаж, хувийн хэвшилд илүү их орон зай тавьж өгөх бодлогын хослол илүү үр дүнтэй сонголт болно.
Санаачлагыг төсвийн бодлого гартаа авч, 2012 оны зарлагаа бууруулах арга хэмжээ авах ёстой.
Эцэст нь дүгнэхэд, Монгол Улсын зэс, нүүрсний баялаг нөөцийг нийт иргэдэд хөгжил цэцэглэлт авчирсан, хүртээмжтэй өсөлт болгон хувиргахад төсвийн илүү зохистой бодлого үгүйлэгдэж байна.
МОНЦАМЭ