Хүүхдэд зориулсан нэрийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ бий болгосон иргэн, хамт олон, байгууллага, хөдөлгөөний санаачилгыг дэмжих зорилгоор “Бүүвэйн дуутай Монголын төлөө хамтдаа“, “Бойтогтой монгол” үндэсний анхдугаар наадмыг амжилттай зохион байгууллаа.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд нээлтээ хийсэн уг наадам сар гаруй үргэлжилсний эцэст шилдгүүдээ шалгарууллаа. Энэ хугацаанд Засгийн газрын хөтөлбөрт дэвшүүлсэн хүүхдийн хөгжил, хамгаал¬лыг сайжруулах зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд боди¬той хувь нэмэр оруулж буй олон нийтийн санаачилга, идэвх зүтгэлийг дэмжиж, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээндээ хүүхдийн эрхийг дээдлэх хандлагыг хэвшүүлж буй иргэн, хамт олон, байгууллага, хөдөлгөөнийг нийтэд, зарлаж алдаршууллаа.
“Хам¬гийн олон бяцхан хэрэглэгчтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” компаниар “Өгөөж – Чихэр боов” ХХК тодорсон бол
“Хамгийн олон хүүхэд хамарсан үндэсний хөтөлбөр”-өөр БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа “Үдийн цай” хөтөлбөр “Хүүхдийн үзэх дуртай нэвтрүүлэг”-ээр “Боловсрол суваг” телевизийн “Бонго” нэвтрүүлэг, “Хүүхдийн дуртай амттан” үйлдвэрлэгчээр Интер-Имекс компанийн “Мr.Pizza”, “Хүүхдийн чөлөөт цагийн таатай өргөө”-гөөр “Өргөө Синема” кино театр
“Хүүхдэд ээлтэй урлагийн байгууллага”-аар УДЭТ, “Хүүхдийн элч уран бүтээлч”-ээр Хүүхдийн хөгжмийн зохиолч, багш С.Батболд, “Охид эмэгтэйчүүдийн төлөөх сайн үйлс” байгууллагаар “ЭКПАТ” Үндэсний сүлжээ, “Хүүхдэд хүртээмжтэй төсөл хөтөлбөр” хэрэгжүүлсэн байгууллагаар “Дэлхийн зөн Монголд” олон улсын байгууллага, “Хүүхдээ дээдэлсэн гэр бүл”-ээр Б.Батбаярын гэр бүл тус тус шалгарчээ.
Д.Догсмаа
МОНЦАМЭ