logo

"Монголын эдийн засгийн форум"-д 1000 гаруй төлөөлөгч оролцоно

2012/02/15
Энэ жилийн эдийн засгийн форум үндсэн 3 чиглэлээр буюу эдийн засгийн хөгжил, нийгмийн бодлого, өрсөлдөх чадвар гэсэн багц сэдвээр явагдах юм. Манай эрдэмтэн мэргэд, нийгмийн идэвхтэй оролцогчид гээд 50 гаруй хүмүүс хамтран 2 сарын турш уг сэдвийг боловсруулахад ажилласан байна.
Монголын эдийн засгийн форумын зохион байгуулалт болон бэлтгэл ажлын талаар баасан гарагт тус чуулганыг зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.
Монголын эдийн засгийн форумын бэлтгэл ажил тодорхой төлөвлөгөөний дагуу эрчимтэй явагдаж байгаа гэдгийг оролцогчид хэвлэлийн хурлын эхэнд дуулгав. Түүнчлэн энэ удаагийн форумд гадна, дотны 1000 гаруй төлөөлөгчид оролцох юм. Форумын үеэр Нээлттэй нийгэм хүрээлэнгээс монголын 2021 оны хөгжлийн загварыг гаргасныг олон нийтэд таниулах аж. Монгол Улс энэ 4 чиглэлд явах бололцоо байна. Тэдгээрийн аль нь үнэн бодитой байх вэ гэдгийг бодит төсөөллөөр харуулах юм. Хэвлэлийн бага хуралд ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан, УИХ-ын гишүүн С.Оюун нар оролцов. Хэвлэлийн хурлын үеэр С.Оюун, П.Цагаан нарын хэлсэн үгийг хүргэе.
С.Оюун “Үнэндээ сүүлийн 5,6 жилд эдийн засаг өсөж байгаа ч яагаад ядуурал буурахгүй байна. Ядуурлыг хэрхэн буулгах вэ, эдийн засгийн өсөлтийг хувь хүн, айл өрхийн орлого амьжиргааг дээшлүүлэхийн тулд юунд анхаарах, хэрхэн хүргэх мэт энэ удаагийн чуулганаар нэлээн халуун хэлэлцүүлэг өрнөх байх гэж бодож байгаа. Тухайлбал ядуурлын тоон дээр хүртэл маргаантай байна. Статистикийн газар ядуурлыг 39 хувь байна гэж байхад Дэлхийн банк үүнээс бага тоо гаргасан, аргачлал өөр байна гэх мэт. Тэгэхээр энэ сэдвээр төрийн, нийгмийн хамгааллын, халамж, ТББ, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн байгууллагаас оролцон санал бодлоо чөлөөтэй ярьж хэлэлцэх байх. Өнөөдрийн нэг асуудал бол эдийн засаг өсөөд байгаа хэрнээ амьдрал яагаад сайжрахгүй байна вэ? Яавал сайжрах вэ гэдэг асуудалд гол хэлэлцүүлэг явагдах юм” гэв. Манай улсыг дэлхий даяар сонирхож байгаа энэ үед зөвхөн уул уурхай түшиглэсэн түүхий эд гаргадаг улс биш, шинжлэх ухаан, технологи агуулсан инноваци бүхий ногоон хөгжил байгаль орчинд ээлтэй монгол хүний оюун ухаан шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэдгээ танилцуулахыг чуулганаар зорьж байгаа юм. Хамгийн анхаарал татах хэсэг бол инновацийн хэсэг нь аж. Манай улсад инноваци хөгжих боломжтой. Ногоон эдийн засгийн чиглэлээр гэсэн 2012 оны 8 дугаар  сард хамгийн шинэ технологи бүхий орчин үеийн салхины парк ашиглалтад орох гэж байгаа. Бодитойгоор манай улсад тодорхой хэмжээний технологийн шинэ шийдлүүд инновацийн бараа бүтээгдэхүүн гарч ирэх боломж байгаа аж. Энэ асуудлаар ч чуулганаар ярилцах юм.
Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаа­ны хэлснээр “3 жилийн өмнө эдийн засгийн чуулган дээр хөндөгдсөн асуудал бол өрсөлдөх чадварын асуудал байсан. Өнөөдөр дэлхийн 200 гаруй улс орнууд хоорондоо өрсөлдөж байна гэж бүгд ярьдаг болсон. Ерөөсөө аливаа зүйлийг хэмжиж сурах хэрэгтэй. Дэлхийн улс орнуудын өрсөлдөөнийг хэмждэг хэмжүүр хэрэгтэй гэж 3 жилийн өмнө үзэн өрсөлдөх чадварын судалгааны төвийг байгуулан өнгөрсөн жилийн чуулган дээр Монгол Улстай ижил төстэй 15 орныг харьцуулахад манайх 14 т орсон. 330 үзүүлэлтээр хэмжиж үзсэн. Энэ жилийн уулзалтын онцлог нь манай улс 330 үзүүлэлтээрээ урагшилсан байна уу, ухарч уу гэдэгт бодитой хэмжүүр гаргаж тавина. Боловсруулаад эцсийн шатандаа явж байна. Хэмжүүр гэдэг нь бидний зохиож олсон зүйл биш, олон улсад бодож олсон хэмжүүрийг бид боловсруулаад Швейцарь руу явуулсан. Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын өрсөлдөх чадварын 2 дахь удаагийн тайлан гарна” гэсэн юм. Эдийн засгийн форум 3 дугаар сарын 5,6-нд болох юм.
Д.Сувд
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш