logo
Орон сууцны 6 хувийн хүүтэй зээлийн асуудлыг шийдвэрлэнэ

Орон сууцны 6 хувийн хүүтэй зээлийн асуудлыг шийдвэрлэнэ

2012/02/16
Засгийн газар “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 ам метрээс дээшгүй талбайтай орон сууц авахаар анх удаа хүсэлт гаргасан иргэдэд жилийн 6 хүртэл хувийн хүүтэй зээл олгохыг зорьж байгаа юм.
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн Орон сууцны зорилтын хэрэгжилтийн талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
 Энэ дагуу зээлийн санхүүжилтийг банкуудын дотоод эх үүсвэрээс бүрдүүлэх, Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад эх үүсвэр олгох, Хөгжлийн банкны эх үүсвэрт авсан хүү, арилжааны банкаар дамжуулан зээлдүүлэх хүүгийн зөрүү зэргийг жил бүрийн улсын төсөвт тусгах оновчтой хувилбар сонгох санал боловсруулж, Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.
Түүнчлэн Улаанбаатар хотод баригдах эхний ээлжийн орон сууцны хотхон, хорооллын инженерийн шугам сүлжээ, эх үүсвэрийг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлаа шуурхайлахыг үүрэг болголоо. Дээрхээс гадна Буянт-Ухаа орон сууцны хороололд 1764 айлын орон сууц, МҮОНРТ-ийн орчим, YII, XIY хороололд гадна инженерийн шугам сүлжээ барих, орон сууц барих газрыг чөлөөлөхөд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр болжээ.
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод 75 мянга, хөдөө орон нутагт 25 мянган айлын орон сууц барихаар төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлыг эрчимжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо.  
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 9835 айлын орон сууц ашиглалтад оржээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш