logo
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн түлшний 57 хувийг уул уурхайн компани хэрэглэж байна

Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн түлшний 57 хувийг уул уурхайн компани хэрэглэж байна

2011/06/03
Газрын Тосны Газрын дарга Амарсайхантай түлш татан авалт, нөөц, хуваарлалт, үнэ ханшын талаар ярилцлаа.
-Төмөр замд түлш саатснаас Замын-Үүд, Эрээнд гацаа үүссэн гэж ярьсан үнэн үү?
-Төмөр замд саатал гараагүй. 500 тонн түлш өгсөн. Дахин 500 тонн түлш өөр газраас олгох гэж байна. Нийтдээ 1000 тонн түлш олгоод байгаа. Төмөр замын хүсэлтийн дагуу 6-р сарын 7 хүртэл хуваарь хийлээ. 6-р сарын 5-наас эхлээд Улаанбаатарт түлш хэвийн хэмжээнд болно. Гэхдээ наана нь урьдчилан сэргийлж хоёр хоногийн илүү түлш өгч байна. Нийтийн тээвэр, Зам засварын компани зэрэг бүх газруудад илүү хуваарилж байгаа. Тээвэрлэлтээс болж саад гарч болно. Мөн гаалийн бүрдүүлэлт хийх зэрэг асуудлаас болж түлш хугацаандаа ирэхгүй байх тохиолдолд нөөцтэй өгч байгаа юм. Өнөөдрийн байдлаар тав хоногийн нөөцтэй. Түлш өдөр болгон ирж байна. Энэ долоо хоногийн тав дахь өдөр гэхэд Монгол Улсын хэмжээнд ирэх долоо хоногийг бүрэн хангах бүтээгдэхүүн ирнэ.
-Хэчнээн тонн вэ?
-6-р сарын 1 гэхэд 3000 мянган тонныг ачна. Замдаа явж байгаа 13 воган буюу 650 тонн. Дөрөв хоногийн дараа орж ирэх 24 воган буюу 1200 тонн түлшний таталт хийж байна. Монгол Улсыг долоон хоног хангах нөөцийн тухайд ийм байна. Өөрөөр хэлбэл замдаа явж байна.
-6 сард нийт хэчнээн тонн түлш татах вэ?
-Нийтдээ 91 мянган тонн түлш татна. Энэ нь энгийн хэрэглээгээр Монголын гурван сарын хэрэглээний дизелийн түлш.
-Хомсдол юунаас болж үүссэн гэж та үзэж байна вэ?
-Анх 4-р сарын 30-нд ОХУ хориг тавьж татвараа нэмсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр түлшний хомсдол бий болохыг мэдээлэнгүүт хүмүүс нөөцөлж эхэлсэн. Үүнээс болж зохиомол хомсдол үүссэн гэж бид үзсэн. Монгол Улсын нэг өдөрт хэрэглэх дизелийн түлшний хэрэглээ 1,3 тонн байдаг. 5-р сарын 10-аас эхлээд өдөрт 2,5 мянган тонн буюу хэвийн хэмжээнээс хоёр дахин их борлуулагдаж эхэлсэн. Үүнийг барихын тулд өдөрт ШТС-уудаар нэг хүнд 20 литрээс илүү худалдаалахыг хориглосон. Гэрээт компаниудад хязгаарлалт тавиагүй. Аж ахуйн нэгж гэрээт газрууддаа хүссэн хэмжээгээр нь өгсөн. Гэтэл дамлан худалдаалах явдал гарсан. Тэгэхээр нь зогсоосон. Тооцоо хийгээд үзсэн чинь 5-р сард 30 мянган тонныг борлуулсан. Хэвийн хэмжээгээр бол 28-30 мянган тонныг хэрэглэдэг. Гэтэл 30 мянган тонн түлш хүрэхгүй дууссан. Дээр нь тасралтгүй ачилт хийж байна. Эндээс харахад хүмүүс их хэмжээгээр нөөцлөөд байна. Газар тариалангийн салбарт ХААЯ-наас гаргасан тооцоогоор бүх түлшийг олгосон. Өчигдрийн байдлаар тариалах газрынхаа 82 хувьд үрсэлгээгээ хийсэн. Нэмж жижиг аж ахуйн нэгжид 986 мянган тонн түлш олгосон. Хотын захирагчын албанаас өгсөн хуваарийн дагуу  нийтийн тээврийн хэрэгцээнд хоногт 55-70 тонн түлш хуваарласан. Эмнэлэг, цагдаа, түргэн тусламж, онцгой газруудад түлш хангалттай өгсөн. Уурхай, цахилгаан станцуудад хангалттай түлш өгсөн. Энгийн хэрэглээний түлшийг ирэх долоо хоногоос чөлөөтэй олгоно. Дизелийн түлшний 57 хувийг уул уурхайн компани хэрэглэж байна. Төмөр зам 16, газар тариалан 11 хувийг тус тус хэрэглэж байна. Цаашдаа хэвийн хэмжээнд орно.

Ц.Мягмарбаяр www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш