logo
V цахилгаан станцын барилгын ажлыг эрчимжүүлнэ

V цахилгаан станцын барилгын ажлыг эрчимжүүлнэ

2012/02/16
Засгийн газрын хуралдаанаар “Дулааны цахилгаан станц 5” төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Төслийг хэрэгжүүлэхдээ уралдаант шалгаруулалт явуулсны дараа Засгийн газраас концессын гэрээ байгуулах эрх олгох болон гэрээний төслийг нүүрс нийлүүлэлт, цахилгаан, дулааны эрчим хүч худалдан авах гэрээний төслийн хамт хуралдаанд танилцуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нарт даалгав.
Мөн станцыг ашиглалтад орох үед нүүрсний хангамж, үйлдвэрлэх дулаан, цахилгааны эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэхэд шаардлагатай инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг бэлэн байлгах үүднээс хэд хэдэн арга хэмжээ авахаар боллоо.
Тухайлбал Багануур, Шивээ-Овоогийн уурхайн нүүрс олборлолтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн өргөтгөл хийх техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, үүнтэй холбогдон гарах барилга угсралтын ажилд шаардагдах хөрөнгийг гадаадын зээл, тусламж болон ирэх оноос улсын төсвийн хөрөнгөөр бүрдүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн станцын үйлдвэрлэсэн дулаан, цахилгааны эрчим хүч дамжуулах, түгээх систем байгуулах, хотын дулаан хангамжийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох тооцоо хийх, үүнтэй холбогдсон бусад ажлын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, станцын усан хангамжийг баталгаажуулах, нүүрс тээвэрлэлтийн найдвартай байдлыг хангах, станцаас гарах үнсний байгаль орчин, хүн амд үзүүлэх нөлөөллийг гаргах зэрэг үүргийг холбогдох сайд нарт өглөө.
“Дулааны цахилгаан станц 5” төслийн уралдаант шалгаруулалтад 34 компани оролцох хүсэлтээ илэрхийлснээс 11 санал ирээд байна. Үүнээс 4 оролцогч дараагийн шатанд оролцохоор шалгараад байгаа юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш