logo
ЖДҮ эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжинэ

ЖДҮ эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжинэ

2012/02/16
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зөвлөгөөнийг 2012 оны 1 дүгээр сарын 10-наас 2 дугаар сарын 3-ны хооронд зохион байгуулсан юм.
Зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Төлөвлөгөөнд хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөв,  гадаадын зээл, тусламж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс гаргах юм байна.
“Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолд бүсийн ялгавартай татварын бодлого баримтлах, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг тодорхой хугацаанд чөлөөлөх, малын гаралтай түүхий эдийг аль болох гүн боловсруулан ажлын байр нэмэгдүүлэх зэргийг тусгажээ.
Тогтоолын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Нийгмийн шуум
Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд нэг удаа нөхөн төлбөр олгоно
Төрийн өмчийн байгууллагад ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 352 хүнд нэг удаа нөхөн төлбөр олгох болов.
Үүнд шаардагдах 98 сая 840 гаруй мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.
1990-ээд оны дунд үеэс уул уурхайн үйлдвэрүүд хувьчлагдан, зарим нь дампуурснаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд харъяалагдах байгууллагагүй болсон юм.
Засгийн газар үүнд дүгнэлт хийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн өнгөрсөн онд 1731 уурхайчинд 486 сая төгрөгийн нөхөн төлбөр өгсөн байна.
Тухайлбал Налайх, Хэнтий аймгийн Бэрх-Уул, Ховд аймгийн Хөшөөт, Дорнод аймгийн Адуунчулуун улсын үйлдвэрийн газар, Дархан-Уул аймгийн Шарын гол, Хөвсгөл аймгийн Могойн гол, Дундговь аймгийн Тэвшийн говь, Өвөрхангай аймгийн Баянтээг, Булган аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Тавантолгойн уурхайг тус тус төрийн өмчид байсан хугацааг нь тооцож, уурхайчдад нөхөн төлбөр олгожээ.
Мөн Говь-Алтай аймгийн Зээгт, Хэнтий аймгийн Чандгана, Төв аймгийн Иххайрхан, Сүхбаатар аймгийн Бүрэнцогт, Дундговь аймгийн Цагаан-Овоо зэрэг татан буугдсан уурхайд ажиллаж байсан хүмүүсийг ч  хамруулсан байна. 
Гэвч аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээр дамжуулан нөхөн төлбөр авах эрхтэй болсон ч судалгаанд бүрэн хамрагдаагүй 352 хүн нэмэгдсэн тул Засгийн газар нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш