logo
“МИАТ”-компанийн сахилга, хариуцлагыг сайжруулах үүрэг өглөө

“МИАТ”-компанийн сахилга, хариуцлагыг сайжруулах үүрэг өглөө

2012/02/16
Сүүлийн үед “МИАТ” компанийн нислэгтэй холбоотой зөрчил, дутагдал, санхүүгийн алдагдал, худалдан авах ажиллагаатай холбоотой гарсан асуудал Засгийн газрын хуралдааны анхаарлын төвд байлаа.
Хуралдаанаар энэ тухай хэлэлцэн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, зөрчил дутагдлыг арилгах, аюулгүй ажиллагаа, санхүүгийн сахилга, хариуцлагыг сайжруулах арга хэмжээг шуурхай авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч О.Эрдэнэбулган нарт даалгав.
    Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орохын өмнө байгуулагдсан “Монголиан Эйрлайнз групп”-ийг бусад агаарын тээвэрлэгчдийн олон улсын нислэгийн шугамтай давхардуулан томилохоор салбарын сайдаас тухайн улсуудын яам, удирдах газарт мэдэгдэл хүргүүлээд байгааг судлах боллоо.
Энэ дагуу олон улсын шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэгчийн томилгоотой холбоотой эрх зүйн зохицуулалтыг ойрын хугацаанд бүрдүүлэхээр шийдвэрлэв.
Түүнчлэн “МИАТ” компанийн гүйцэтгэх удирдлагыг гэрээний дагуу гадаадын багаар хийлгэж байсныг цааш үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.
“МИАТ” компанийн агаарын хөлөг энэ сарын 05-ны өдөр Москва хотоос хөөрөхөөр гүйлт хийж байхдаа зүүн хөдөлгүүрийн панель мултарснаас нислэгийг цуцлан шаардлагатай сэлбэгийг тавьж 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн юм. Энэ мэт техникийн зөрчил, дутагдал үргэлжлэн гарч, энэ хэрээр нислэг саатах нь ихэссэн тухай Засгийн газрын хуралдааны үеэр яригдлаа.
Мөн тус компанийн санхүү, нислэг үйлдвэрлэл, үйл ажиллагаад шалгалт хийсэн Ажлын хэсгийн тайланг сонссон байна.
Шалгалтын дүнгээс үзэхэд компанийн бүтэц, зохион байгуулалт нь аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал болон агаарын тээврийн компанийн нийтлэг зарчимд бүрэн нийцэхгүй, катерингийн үйл ажиллагааг шилжүүлж өгөхдөө хууль, тогтоомж зөрчиж ашиггүй гэрээ хийсэн, гадаад улсад байгаа ачаа тээврийн агенттай хийсэн алдагдалтай бүх гэрээг өөрчлөх, гэрээний нөхцөл, талуудыг үүрэг, хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай болжээ.
Компанийн нислэгтэй холбоотой гарсан зөрчил, дутагдал, санхүүгийн алдагдал, худалдан авах ажиллагааны гажуудал нь гүйцэтгэх захирлын ажлын хариуцлагатай холбоотой болохыг ч Ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш