logo
Гондурасын шоронд гал гарч 360 орчим хоригдол амиа алдлаа

Гондурасын шоронд гал гарч 360 орчим хоригдол амиа алдлаа

2012/02/17
Төв Америкийн Гондурас улсын Комаяагуа шоронгийн хорих байранд том хэмжээний гал гарч 360 орчим хоригдол амиа алдсан байна. Амиа алдагсдын тоо цаашид өсөх нь.  Хоригдлууд цоожтой байснаас олноороо галд шатаж амиа алджээ. Цагдаа нар гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хоригдлууд оргож, эмх замбараагүй байдал үүсгэхийн тулд зориуд унтлагын матрассаа шатаасан эсвэл цахилгааны гэмтлээс болж гал гарсан байж болзошгүй гэж таамаглаж байна. Шоронгийн багтаамж нь 400 хүнд зориулсан боловч, 850 гаруй хүн хоригдож байсан нь хоригдлуудын аюулгүй байдал, эрүүл ахуйн талаасаа ч шаардлага хангаагүй байсан нь тогтоогдсон байна. Шоронгийн гадаа аавыгаа, ахынхаа амийг аврах гэсэн хоригдогчдын төрөл төрөгсөд шорон руу дайран орохыг завдан цагдаа нартай мөргөлдөж эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Цагдаа нар хоригдогчдын эмэгтэй голдуу ар гэрийнхний өөдөөс нулимс асгуруулагч хий цацан агаарт бууджээ. Нийслэл Тегусигальпа хотоос 75 км-т орших Комаяагуа шоронгийн гал мягмар гаригт гарч эхэлсэн байна. 8 сая орчим хүн амтай Төв Америкийн Гондурас улс нь гэмт хэрэг гаралтын тоогоор дэлхийд дээгүүр ордог. Голдуу хар тамхины гэмт хэрэг үйлдэгддэг аж. Комаяагуа шоронгийн бүлэглэлүүд бие биенийхээ дээр гарах гэж дотроо тэмцэлддэгээс хүний амь ихээр үрэгддэг байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш