logo
БНСУ-ын Элчин сайд нутаг буцаж байна

БНСУ-ын Элчин сайд нутаг буцаж байна

2012/02/17
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайд Жөн Ирийг эх орондоо бүр мөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзжээ.
Ноён Элчин сайд манай улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, иргэдийн харилцааг өргөжүүлэхэд хүчин чармайлт гаргаж, хамтран ажилласанд талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлсэн байна.
Мөн энэ хугацаанд Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар БНСУ-д, Ерөнхийлөгч Ли Мен Баг Монгол Улсад айлчилж, хоёр орны харилцаа Иж бүрэн түншлэлийн түвшинд шат ахиж, хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг байгуулсан нь  харилцааны чиг хандлагыг тодорхойлсон чухал ач холбогдолтой болсон гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ.  
Иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, иргэний агаарын тээврийн харилцааг өргөжүүлэх, уул уурхайн томоохон ордуудыг ашиглах  зэрэг асуудлаар хоёр тал харилцан ашигтай тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд дурдаад ноён Жөн Ирийг Монгол Улсын найз, цаашид найз нөхрийн хувиар Монгол Солонгосын харилцаанд  ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаа гэжээ.   
Элчин сайд Жөн Ир Монгол Улсын Засгийн газар анхаарал тавьж, хамтарч  ажилласанд талархлаа илэрхийлээд шинэ Элчин сайдаар эрч хүчтэй залуу хүн томилогдон ирж байгаа бөгөөд хоёр орны харилцааг хэрхэн улам хөгжүүлэх талаар түүнд зөвлөж байгаа гэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш