Энэ жил НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн орны 4-д нь буюу АНУ, ОХУ, Франц, Хятадад төрийн тэргүүнийн сонгууль болно. Хятад улсын дараагийн Ерөнхийлөгч хэн болох нь аль хэдий нь тодроод байгаа. Энэ хүн бол Хятадын одоогийн дэд ерөнхийлөгч Ши Жинпин юм. Энэ удаад та бүхэндээ Францын сонгууль хэрхэн явагдах, ямар хүмүүс Ерөнхийлөгчид өрсөлдөхийг Францчуудын амтархан иддэг амтат Пайтай харьцуулан хүргэе. Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд маш олон нэр дэвшигч өрсөлдөх учир хоолондоо өндөг, давс, сүү зэрэг олон хольц хийлээ. Гэхдээ гол өрсөлдөөн үндсэн 4 нэр дэвшигчийн хооронд болох төлөвтэй байгаа. Одоогийн Ерөнхийлөгч Консерватив намаас нэр дэвших Николя Саркозиг сонгинотой зүйрлэлээ. Учир нь түүний явуулж байгаа бодлого гашуун мөн олон хүнийг уйлахад хүргэж байгаа. Саркозигийн хүчтэй өрсөлдөгч гэгдэж байгаа Социалист намаас нэр дэвших Франсуа Холландег гахайн шарсан махтай зүйрлэлээ. Учир нь тэрээр социалист буюу илүү нийгмийн баримжаатай бодлого явуулж, төрийн аппаратыг томруулж төрийн албан хаагчдыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Харин Ардчилсан намын Франсуа Бэйруг хэрчсэн бяслагтай зүйрлэлээ. Тэрээр маш уян хатан бодлого явуулж, иргэдэд хүрч ажиллаж байгаа юм. Улаан чинжүүтэй эмэгтэй дэвшигч, хэт барууны үзэлт Марине Ле Пенг зүйрлэлээ. Тэрээр Францын улс төрд хүч түрэн орж ирж, хурц хурц асуудлуудыг дэвшүүлж байгаа. Энэ оны улс төрд яалт ч үгүй улаан чинжүүний амтыг мэдрүүлэхээр зорьж байгаа. Харин бусад 10 гаруй нэр дэвшигчийг бусад хоолны орцтой зүйрлээд нэгтгээд чаналаа. Эдгээр дэвшигчдийн хэн нь ч олонхи болохгүй төлөв харагдаж байгаа. Францын сонгууль 2 шаттай болдог. Тодорхой тогтоосон босгоноос дээш хувийн санал авсан дэвшигчид цааш өрсөлдөнө. Шинжээчдийн үзэж байгаагаар гол өрсөлдөөн сонгино болон гахайн махны хооронд болно. Сонирхуулахад Францчууд сонгино, гахайн шарсан маханд дуртай ард түмэн. Улаан чинжүү хэт халуун байгаа учир 3-рт орох магадлалтай байгаа юм. Харин бяслагны хувьд сонгино болон гахайн утсан махнаас уйдсан хүмүүсийн саналыг авах магадлалтай байгаа юм. Ямартай ч Европт төдийгүй дэлхийд нэр хүндтэй Франц улсын төрийн тэргүүний сонгууль хаяанд иржээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ жил дэлхийн бодлогыг тодорхойлдог томоохон гүрнүүдийн удирдлага солигдож магадгүй байгаа болохоор дэлхийн улс төрд өөрчлөлт гарах төлөв харагдаж байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn