Танай эдийн засгийн өсөлт удааширч байна уу? Харин манай эдийн засаг өсч, бидний амьдрал сайжирч байгаа гэж хятад охин ярьж байна. Хятадууд АНУ-ын ажлын байрыг булааж байгаа юу гэдэг асуулт гарч ирж байна. Харин Хятадад үйлдвэрлэл явуулж байгаа Америкийн бизнесмэн Бен Шваллын үзэж байгаагаар хятадууд америкчуудын ажлыг булаагаагүй. Харин тэдний ажлын байр хилийн чанадад гарч, Ази болон хятад иргэдийг ажлын байраар хангаж байгаа юм байна. Сүүлийн 20 жилд АНУ-д үйл ажиллагаа явуулж байсан компаниуд АУТСОРСНИНГ буюу хямд ажиллах хүч хайн хилийн чанадад гарсан. Гэхдээ энэ үзэгдэл эсрэгээрээ эргэж эхлээд байгаа юм байна. Учир нь Дундад улсын иргэдийн амжиргаа дээшилж, цалин орлого нэмэгдэхийн хэрээр орлогын татвар нэмэгдэж, ерөнхийдөө амьжиргааны өртөг хурдтай өсч байгаа. Тэгэхээр Хятадын ажиллах хүч гэсэн ойлголт багасч байгаа аж. Бизнесмэн Бен Шваллын ярьж байгаагаар 20-иод жилийн өмнө Хятад ажилчид олноороо хотод ирж түүнээс ажил олгохыг гуйдаг байсан бол одоо харин эсрэгээрээ өөрөө хятад ажилчдыг гуйж ажиллуулдаг болжээ. Өөрөөр хэлбэл Хятадад бага цалинтай үйлдвэрийн ажил хийх хүн ховордож эхэлжээ. Үйлдвэрийн менежер Ян Чунхигийн ярьж байгаагаар хангалттай ажилчин байхгүйгээс үйлдвэрлэл удаашраад байгаа гэнэ. Хятадын хөдөө орон нутагт амьдардаг оршин суугчид ажил олж хийхээр хот суурин бараадаж байна. Тэд хэдэн жилийн өмнө сард дунджаар 300 орчим долларын цалинтай ажил хийдэг байсан бол амьжиргааны өртөг өссөнтэй холбогдуулан 2 дахин илүү цалинтай ажил хайх болжээ. Үйлдвэрийн ажилчин асан Ху Яланы ярьж байгаагаар том үйлдвэрүүд өндөр цалин амладаг болж, сургаж, дадалагажуулж, нийгмийн асуудлыг нь шийддэг аж. Бен Шваллын метал бүтээгдэхүүний үйлдвэр хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байдалд хүрчээ. Учир нь хятадууд бага цалинтай хар ажил хийхээ больжээ. Хятадын экспорт буурч ажиллах хүчний дутагдалд орж эхэлсэн байна. Харин одоо Энэтхэг зэрэг Хятадаас илүү хямд ажиллах хүчтэй Азийн бусад орнууд руу Дундад улсын ажлын байр нүүж эхэлжээ. Өөрөөр хэлбэл Энэтхэгчүүд Хятадуудын ажлын байрыг булааж эхлээд байна. Энэ үзэгдэл бол хүн төрөлхтний сонгож авсан хязгаарлагдмал нөөцөөс хэрэгцээгээ хангах буюу эрэлт нийлүүлтээрээ зохицуулагдаж байдаг зах зээлийн бичигдээгүй хууль юм.
Shuum.mn
Shuum.mn