Иран цөмийн зэвсэгтэй болж, Израйль болон АНУ-ын зүгээс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орвол яах вэ? Ямар төрлийн дайн байлдаан болох бол гэдгийг шинжээчид урьдчилан таамаглаж байна. Иран улс жижиг оврын хурдтай завь ашиглан АНУ-ын байлдааны хөлөг онгоцуудад хорлон сүйтгэх ажиллагаа явуулж магадгүй. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хэрэв АНУ болон Иран улсуудын хооронд дайн гарвал далай тэнгисийн өргөн цар хүрээтэй дайн бус харин бага хэмжээний, голдуу хорлон сүйтгэх ажиллагаанд тулгуурласан дайн болж магадгүй гэнэ. Учир нь Ираны тэнгисийн хүчний хүчин чадал цар хүрээ АНУ болон бусад орны далай тэнгисийн хүчнээс сул дорой. Тиймээс Ираны зүгээс энд тэнд дэлбэрэлт зохион байгуулж болзошгүй аж. Мөн газрын тосны худалдааны замд усны мина байрлуулж, нефтийн тээвэрт садаа болно. Иранчууд мөн ОХУ болон Хятадаас дэмжлэг авч тэднээс орчин үеийн зэвсэг авч ашиглаж магадгүй гэж гавьяандаа гарсан хурандаа Жэймс үзжээ. Цаашлаад Иран улс Саудын Араб зэрэг АНУ-ын холбоотон орнуудын газар нутагт Хувьсгалт гвардын армийн мэргэжлийн дайчдаа десантаар буулгаж, цэвэр усны байгууламжинд халдлага үйлдэж магадгүй. Учир нь Персийн булангийн амин сүнс, чухал асуудал бол цэвэр усны нөөц. АНУ зунаас наана багтаж Персийн булангаас байлдааны техник хэрэгсэл зөөдөг аварга том ачааны усан онгоцуудаа татаж, болзошгүй мөргөлдөөнд бэлтгэж байна. Сөргөлдөгч талуудын хооронд дайн мөргөлдөн болох магадлал тун бага байгаа ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дайн гарвал дэлхийн 2-р дайны үеийнх шиг тэнгсийн хүчний том тулаан бус харин зардал багатай жижиг хэмжээний мөргөлдөөн гарах байх гэж урьдчилсан байдлаар таамаглаж байна.
Shuum.mn
Shuum.mn