logo
Эх оронд аюул учирвал (шог өгүүллэг)

Эх оронд аюул учирвал (шог өгүүллэг)

2012/02/17
Аймгийн хамаг дарга хөдөө явсан цагаар дайсан довтолбол яах вэ гэсэн сэдвээр наяад оны дундуур нэгэн шог гарсан билээ.
Зөвлөлт Монгол цэргийн ангиуд өмнөд хилд ойрхон хээрийн сургууль хийсэн, Сайншандад байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн ангийн зэвсгийн агуулах дэлбэрсэн зэрэг нь энэ шог төрж гарах хээл нь болсон байх.
Аймгийн Намын хорооны товчоо, Захиргааны гишүүд гэж ширүүн дүртэй, шилэн нүдтэй, бадриун биетэй, бараан царайтай хүмүүс байсан шиг санагддаг юм. Товчоо, захиргааны гишүүн хүн суманд ирсэн үед албан хариуцлагатнууд хэзээ дуудаж, юу гэж загнах бол гэж их айдаг, тэр ч чанараараа өгсөн үүрэг даалгавар нь заавал биелэгддэг байлаа.
Сумын захиргааны нарийн бичгийн дарга нарыг хотод сургалтанд явуулсан чинь Хөвсгөл сумын нарийн бичгийн дарга ирсэнгүй гэнэ. Тэгэхээр нь аймгийн Намын хорооны хоёрдугаар дарга Ванжил машин явуулж авч ирүүлээд, замын зардлыг нь хоёр нугалж төлүүлэн тэр оройд нь хот руу гал тэргээр явуулсан гэсэн. Тэр нь Ванжил даргын төрсөн эгчийн хүүхэд гээч! Иймэрхүү жишээ олныг хэлж болно.
Хариуцлага гэдэг юм үнэхээр байсан шүү. Тэр жилийн хавар нийт нутгаар цасан шуурга тавьж, хүйтний эрч эрс чангаран “мал аж ахуйн үйлдвэрлэлд аюул учирсан” тул товчоо, захиргааны гишүүд сумдад хуваарилагдаж ажиллацгаажээ. Тийнхүү аймгийн төв “эзэнгүй” болсон хойгуур, боохой борооноор гэгчээр Улаанбадрах сумын нутаг Таван толгой хэмээх газарт дайсны цэргүүд орж ирсэн мэдээг Намын Хорооны жижүүр хүлээн авчээ.
Дайсны цэргүүд үндсэн хүчээ тэнд байрлуулж, нуувч ухаж, хаалт хамгаалалт хийж байна, араас нь цэрэг, техник тасралгүй цувж ирж байна, хүчээ бөөгнүүлээд Зүүнбаяны зүгт давшилтад орох төлөвтэй гэсэн мэдээг авсан жижүүр хэнд хэлэхээ мэдэхгүй гайхаш тасарснаа хөдөө яваагүй нэг мэргэжилтнийг санаж түүн рүү утасдвал тэр дорхноо хүрч ирж гэнэ. Батхуяг гэх энэ мэргэжилтэн ихээхэн алиа марзан бөгөөд дарга нарын дуу хоолойгоор, тэдний намба төрхийг яг дууриаж ярих нь улам үнэмшилтэй болгож, энэ онигоог олонд алдаршуулсан билээ. Товчоо, захиргааны гишүүд хэдий хатуу ширүүн ч гэсэн хүн л болохоор хүний хийдгийг хийлгүй яах вэ. Салхи шуурга намдсан, уруудсан мал, төөрсөн хүнээ олсон, аймгаас өвс тэжээл хугацаандаа очсон зэрэгт тайвширч, бас ням гариг байсан тул чоно харах нь харж, малчин айлд Монгол архиар дайлуулах нь дайлуулж, сумын зочид буудалд таван гар үзэх нь үзэж байжээ.
Тийнхүү Батхуяг, дарга нар руугаа ээлж дараалан утасдаж дээ. Эхлээд Намын хорооны даргатай ярихаар Мандах сум руу залгавал дарга хөдөө яваа, шөнөдөө ирж хонох байх гэсэн хариу сонслоо.
Дараа нь аймгийн даргатай ярихаар Хатанбулаг сум руу залгавал дарга ашгүй суман дээр байж хэл ам авалцлаа. Тэрээр цагийн байдлыг сонсоод, Сайншанд дахь Зөвлөлтийн цэргийн ангийн даргатай холбож яриулах, товчоо, захиргааны гишүүдийг өнөө шөнөдөө багтааж Сайншандад ирүүлсэн байх даалгавар өглөө. Хамгийн хэцүү нь товчоо, захиргааны гишүүдийг шөнөд нь багтааж Сайншандад ирүүлэх даалгавар байсан, яагаад гэвэл дарга нар хүнд үүрэг өгдөг болохоос биш, үүрэг авна гэж гонжийнжоо ажээ.
Тийнхүү Батхуяг дарга нартай хэрхэн ярьснаа өгүүлсэн нь:
Ванжил дарга:
-За, нөхөр минь чи хариуцлагатай ярьж байгаа биз? Мэдээллийг хэдэн цагт, хэнээс авсан, хэн хэнд хэзээ дамжуулсанаа нэг бүрчлэн тэмдэглэх хэрэгтэй шүү. Таван толгой чинь нутгийн гүнд байгаа газар! Улаанбадрахын нөхдүүд яагаад одоо болтол чимээгүй байгаа юм бэ? Холбооны даргыг одоо гарч шугамаа зас гэж хэл!.. Юу? Чи яагаад үүрэг өгч болдоггүй юм бэ, Тэг!
Ванжил дарга хэсэг загнаад, шөнөдөө ирэх талаар ганц ч үг хэлсэнгүй утсаа чулуудчихлаа.
Цанжид дарга:
-Тагнуулын албаны дарга аль суманд яваа билээ? Тийм үү? Түүнийг дуудаж, над руу яаралтай яриул. Ярьж болохгүй байна аа? Холбооны газрын даргыг явуулж, гэмтлийг яаралтай зас гэж хэл! гэлээ.
Холбооны даргыг Хөвсгөл сум руу явж холбоогоо зас гэсэн үүргийг Ванжил дарга өгсөн гэсэн чинь дайран дээр нь давс нэмж орхилоо. Цанжид дарга “миний үүрэг үүрэг биш байна уу?” гэж тачигналаа.
“Таныг өнөө шөнөдөө багтааж Сайншандад ирсэн бай гэсэн байна шүү” гэж зүрх гарган дахин сануулбал,
-Хн! гэснээс өөр юм хэлсэнгүй утсаа чулуудлаа.
Мөнгөн дарга:
-Цэргийн хэлтсийн дарга хаана байна? Юу? Эх оронд нь аюул учраад байхад Хар далайн хөвөөн дээр тэрийж хэвтдэг яасан задарсан амьтан бэ? Дууд түүнийг! “Хаа байсан Хар далайгаас битгий хэл Хөвсгөл, Улаанбадрах сумаасаа хүн дуудаж чадахгүй байна аа, дарга минь” гэтэл Мөнгөн дарга учиргүй уурлаж, утасны цаанаас золтой л цохиод авсангүй. Шөнөдөө ирэх талаар бас л таг чиг.Энэ мэтээр есөн даргад загнуулаад тус бүрээс нь нэмэлт үүрэг авсан Батхуяг арай гэж ажлаа амжуулаад шөнө гэртээ харьж түр зуур дуг хийгээд өглөө гүйж ирвэл, харин бүх дарга нар ирцгээсэн байжээ. Хариуцлага гэдэг энэ дээ.
Ингэхэд, нөгөөх дайсан яалаа? Улаанбадрах сумын таван толгой гэдэг газар хаваржиж байсан. Дандар гуай шөнө дунд гарч нялх хургануудыг илүү гэрт оруулаад орж ирэх үед ач хүү нь сэрж “өвөө та хаачаад ирсэн юм бэ?” гэж асуухад Дандар гуай ач хүүгээ, бас хавсарганаар төрсөн хэдэн муу хургаа өхөөрдөж, “Дандар баатар дайраад очсон” гэснийг нь тэднийд хоносон замын жолооч аймагт ирээд хүнд ярьсан нь цуу яриа болж өрнөөд Намын хорооны жижүүрт хүрсэн нь тэр байжээ.
Ц.ГАНБААТАР (Дорноговь)
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш