Бээжингийн төвд орших “Америк шарсан мах ба өндөг” нэртэй жижиг кафед Америк маягийн бургер, шарсан төмс зардаг. Энэ газар хоол идэж байгаа залуус саяхан их сургуулиа төгссөн Хятадын шинэ үе. Өөрөөр хэлбэл энэ жил Ерөнхийлөгч болох, одоогийн дэд ерөнхийлөгч Ши Жинпений эрин үеийн залуучууд юм. Эдгээр залуусын хувьд Ши Жинпенийг төдийлөн үнэлдэггүй эсвэл түүний талаар сайн мэдэхгүй байгаа ч ирээдүйдээ итгэлтэй байна. Харин Хятад улс SUPER POWER буюу хэт их гүрэн мөн үү гэсэн асуултад их гүрэн биш харин өсөн өндийж байгаа гүрэн гэдэгт санал нэг байна. Учир нь Хятадын дотоодод зөндөө шийдвэрлэх асуудал байгаа. Хэдийгээр Дундад улсын эдийн засаг хурдтай өсч байгаа ч худалдаа болон эдийн засаг нь АНУ болон ЕХ-ноос хамаарч байгаа учраас дагаад удаашрах төлөв ажилглагдаж байгаа аж. Харин Хятадын эрх баригчдын хувьд цэрэг зэвсгийн хүчээ зузаалж, дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болох АНУ-ыг сөрөн зогсох чадвартай болохоор чармайж байгаа, бэлтгэж ч байгаа. Ялангуяа Сирийн асуудлыг зохицуулахын тулд арга хэмжээ авах байсан НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолыг Дундад улс эсэргүүцсэн санал өгсөн нь 1-рт Хятад улс Сирийн дэглэм, цаашлаад Сирид байгаа хөрөнгө болон ашиг сонирхлоо хамгаалсан хэрэг болсон. Учир нь Хятадын хувьд Сири улс нь 3 дахь том худалдааны түнш. 2-рт Хятадын хувьд шинэ гүрэн дэлхийн бодлогод оролцдог болсон гэдгээ харуулсан хэрэг болсон юм. Залуучуудын ярьж байгаагаар тэд Хятадын коммунист намыг дэмжиж байгаа. Баян чинээлэг л амьдарч байвал ардчилсан эсвэл ардчилалгүй нийгэм байх нь хамаагүй юм байна. Мөн тэдний үзэж байгаагаар барууны орнууд хүний эрх болон ардчиллыг хамгаалж Ливи, Египетийн дотоод хэрэгт оролцоогүй. Зөвхөн хувийн эрх ашиг байсан гэж үзэж байна. Учир нь Ливи, Египетэд одоо ч олон хүн амь насаа алдаж байгаа тэд юу ч дугарахгүй байна гэсэн байна. Ямартай ч Хятадын ирээдүй болсон залуучууд удаан боловч өөрчлөлт шинэчлэлт ирж байна гэж ирээдүйгээ эерэгээр харж байна.
Shuum.mn
Shuum.mn