logo
“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаар гарчээ

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаар гарчээ

2012/02/18
Эмхтгэлийн шинэ дугаарт, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг нийтэллээ. Хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шалтгаан нөхцөлийг нь тогтоон арилгах, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах  энэ хуулийг дагалдан гарсан хуулиудын хамт нийтэллээ. Хуулинд хүн худалдаалахтай тэмцэх талаарх төрийн байгууллагын бүрэн эрх, хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Дэд зөвлөлийн бүрэн эрх, хуулийн этгээд, хэвлэл, мэдээллийн байгууллагын үүрэг, хүн худалдаалахтай тэмцэх үйл ажиллагааны арга хэлбэр, хууль тогтоомж зөрчөгчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой хуульчилсан байна.
Мөн дугаарт, Улсын Дээд шүүхийн шүүгчийг болон зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалд томилох, Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулах талаар тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, НҮБ-аас гаргасан “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах тухай дэлхийн стратеги”-ийг дэмжих, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг хангах зорилгоор Засгийн Газраас “Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй“ үндэсний стратегийг сайшаан баталсан байна. Энэ тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.
Эмхтгэлийн шинэ дугаарт, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Ойн менежментийн улсын ерөнхий төлөвлөгөөний тухай”, ”Тусгай зориулалтаар 2012 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” ,” Дүрэм батлах тухай” Засгийн газрын  тогтоолыг тус тус нийтлэв.
      “Дүрэм батлах тухай” тогтоолоор Өрхийн эрүүл мэндийн нэг төвд ногдох иргэний тоог нийслэлд 8000-аас, аймаг, суурин газарт 6000-аас доошгүй бөгөөд нийт ногдох иргэний тоо 14000-аас хэтрэхгүй байхаар тогтоож, өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох зардлын хэмжээг хүн амын бүтэц, тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээ, нэр төрөл, бодит өртөг, үнийн өсөлттэй уялдуулан шинэчлэн тогтоож байхыг Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд нарт  даалгажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш