logo
Энэтхэгт нийт хүүхдийн 50 орчим хувь нь өлмөн зэлмэн амьдарч байна

Энэтхэгт нийт хүүхдийн 50 орчим хувь нь өлмөн зэлмэн амьдарч байна

2012/02/18
Энэтхэгийн эдийн засаг өсөлттэй байгаа ч энэ өсөлтийн нөлөө зарим газар огт ажиглагдахгүй байна. Энэ улсын эдийн засаг 1990-ээс 2005 оны хооронд хоёр дахин өсч, хэмжээгээрээ Азид гуравдугаарт бичигдэх болсон. Гэхдээ энэ амжилтын үр дүн Шинэ Дэли хотын ядуусын хороололд харагдахгүй байна. Энэтхэг дэх ядуурлын талаар шинэ статистик мэдээлэл гарсан байна. "Save the Children" байгууллагын гаргасан тайланд дурдсанаар Энэтхэгт хоол тэжээлийн дутагдлаас болж нийт хүүхдийн 48 хувийнх нь өсөлт бойжилт нь дутуу байгаа аж. Өнгөрсөн сард засгийн газрын дэмжлэгтэйгээр явуулсан судалгааны дүнгээс үзэхэд таваас доош насны нийт хүүхдийн 42 хувь нь  хэвийн хэмжээнээс хэтэрхий бага жинтэй байгаа юм. Энэ статистик мэдээлэл гарсны дараа ерөнхий сайд Манмохан Син үүссэн нөхцөл байдлыг ичгүүр гутамшигтай явдал гэж мэдэгджээ. Save the Children байгууллагын захирал Жасмин Витбрэд ярихдаа "Олон сая хүүхэд өлсгөлөнд нэрвэгдчихээд байна, үүнээс болж олон хүүхэд дутуу өсөлттэй байгаа, бүр зарим нь амиа алдаж байна, энэ нь тэдний бие эрхтэнд төдийгүй оюуны хөгжилд муугаар нөлөөлж байна" гэжээ.
Энэтхэгт хүнс тэжээлийн хомсдлын эсрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд  засгийн газар олон тэрбум долларын төсөл хэрэгжүүлж иргэдэд хоол хүнс олгох юм байна. Гэхдээ мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Энэтхэгийн удирдлагууд 2015 он гэхэд хоол тэжээлийн дутагдалд орсон хүүхдийн тоог 1990 оны үеийнхээс хоёр дахин бууруулах Мянганы хөгжлийн зорилтдоо хүрэхгүй байх магадлал өндөр байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш