Өнгөрсөн зуны баяр наадмын дараахан ХААН банк эх орны хишиг хувийг бөөнөөр нь урьдчилан авч эргэлдүүлэх боломж олгохгүй бол иргэдэд үйлчлэхгүй хэмээн увайгүйтэж, төдийгөөс өдий хүртэл тэжээж ирсэн Монголын ард түмнээс нүүр буруулж байлаа. Түүгээр ч зогсохгүй ихэс дээдэс, томоохон үйлчлүүлэгчтэй болох нь энгийн иргэдийн халамжийн мөнгө тараахаас илүүтэй гэж үзэж байснаа тухайн үед ил тод зарлаж байв. Түүнээс нь болоод салбарын тоо цөөтэй Хадгаламж банкинд ХААН банкаар мөнгөө авдаг байсан иргэд нэмэгдсэн нь хаа сайгүй оочер дугаар, хэрүүл зодоон, уур бухимдлыг үүсгэж байсан. Гэсэн ч Хадгаламж банкныхан арга эвийг нь олсоор, иргэдэд 21000-ыг тараасаар өнөөг хүрээд байгаа юм. Гэтэл сар шинийн өмнөхөн өнөөх эгэл бор, халтар гэж голсон иргэдийнхээ халамжийн мөнгийг цөөн хэдэн салбараараа тараах нь зүйтэй гэж Хаан банкныхан үзжээ. Түүнийх нь ачаар сар шинээс өмнө 21000 төгрөгөө авах гэсэн иргэд Хаан банкны зарим салбарын гадна нурж унатлаа оочерлож, хэрүүл зодооноо үүсгээд эхэлчихэж. Юмны үнэ тэнгэрт гараад тэгнээд хэвтчихсэн энэ үед хишиг хувиа нэмэрлэхээр үхэн хатан оочерлож байгаа иргэдээр Хаан банкны зохион байгуулалтгүй үйл ажиллагаа ёстой нэг даажин хийх шиг болж байна. Тус бичлэг хийгээд зураг дээр Баянзүрх дүүргийн Ундрам плазад байрладаг салбарын өнөөдрийн бодит байдал харагдаж байна.
Хишиг, хувь тарааж эхэлсэн бусад салбар ч нэг иймэрхүү л байгаа. Дээр нь оюутны 70 мянган төгрөгийг тараах болсон. Энэ нь мөн л хэл ам, хөл, бужигнаан болгож байх юм. Хэдэн сар халамж тараагаагүй болохоор теллерээсээ аваад хаалгач нь хүртэл хойргошиж, хөшсөн бололтой. Их л цухалдангуй байх агаад эмх замбараагүй бужигнаан дунд нь үйлчлүүлээд гарсан нэгнийг “гарах болоогүй, намайг зөвшөөрөл өгөхөөр гар” гэх зандрангуй өнгөөр хаалгач өвгөн тушааж байгаа юм. Үйлчлүүлэгч ямар ч шалтгаангүйгээр банкин дотор зогсохыг хүсээгүйгээ илэрхийлэхэд “Ямар ядаргаатай П... вэ” гэж ирээд л зүхэж, хаалгаар түлхэж гаргаад “хурдан зайл н...” хэмээж үднэ лээ. Энэ бол Спортын төв ордны хажуу талын Хаан банкны нэгэн салбарт 2012 оны 2-р сарын 17-ны өглөөний 10 цаг 40 минутын үед болж өнгөрсөн үйл явдал. Гэх мэтчилэн Хаан банкны явуургүй хэл ам дагуулсан үйл ажиллагаа өдрөөс өдөрт иргэдийг хохироож, бухимдуулж байна.
Дураа хүрэхээр мөнгийг чинь тараана, дургүйгээ хүрэхээр болилоо хэмээн төрийг ардтай нь дарамталдаг тус банкны муу муухай үүгээр ч дуусахгүй. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 10 гаруй арилжааны банкнуудаас хамгийн их асуудалд орж, зөрчил гаргадаг нь болчихоод байна. Харилцагчийнхаа дансыг удаа дараа хоослодог, хулгайлдаг, түүнийгээ теллерийнхээ буруу хэмээн бултах гэж оролддог тус банкны хамгийн сүүлийн хар жишээ гэхэд Налайх дүүрэг дэх салбарт нь дээрэм хийх гээд зэвсэглэсэн этгээд очоод захирлынх нь нөхрийг буудан, амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Ер нь Хаан банкны хараа хяналт, дотоод зохион байгуулалт, харилцагч, үйлчлүүлэгчээ хүндэтгэх байдал зэрэг нь аль эрт хог дээр дэвхэрчихээд байгаа нь дээрх хэргүүдээр нотлогдох мэт. Ер нь бол Хаан банкны талаарх гомдол, зөрчил үүгээр дуусахгүй. Зах зухаас нь дурдахад иймэрхүй байна. Харин “таны итгэж болох банк” гэх уриатай найдаж болохгүй банкныхан хэзээ үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрэхийг гадаад дотоод эздээс асуухад гэмгүй байна.
Ш.Булга
www.shuum.mn
Бичлэг үзэх>>>
Ш.Булга
www.shuum.mn
Бичлэг үзэх>>>