logo
Хоцрогдсон бүдүүлэг Монгол гэдгээ болъё

Хоцрогдсон бүдүүлэг Монгол гэдгээ болъё

2012/02/20
№177 2010.07.28 Өдрийн сонины “Баабар иргэж өгүүлэв” буландахь“Гучаад оны соёлын хувьсгал” нийтлэлээс үүдсэн сэтгэгдэл

Фото зургаас нь харахад суурин иргэншлийн америк, хятад маягийн соёлтой, боловсролтой, олон улсад нэр нь цуурайтаж яваа хэмээн өөрийгөө үнэлдэг залуу та хоцрогдсон бүдүүлэг Монголын орчин цагийн монгол дээл өмсөж, энгэртээ үзэг, нүдэндээ шил зүүж, хагас буруу харан, уурлаж байгаа чээж зургаа тавьж, зүүн нүдээ дарж, баруун нүдээрээ хялайн харж байгаа нь нүүдлийн хоцрогдсон бүдүүлэг Монголын үр сад болж төрсөн заяандаа гутарч байгаа ч юм уу, эсвэл далд мэлмийд нь хоцрогдлын алтан хараацайнууд бүртэлзээд, уур нь хүрснээ ил мэлмийгээрээ илэрхийлж суугаа ч юм шиг, эсвэл хэд хэдэн удаа дахин сонгоогүй сонгогчдоо уурлаж байгаа ч юм шиг, эсвэл хагартлаа идээд байгаа өөрийн болон эсрэг талын нөхөддөө атаархаж, уурсаж байгаа ч юм уу, эсвэл өөрийн болон эсрэг намуудын идэж ууж, эвдэж сүйтгэснийг хичнээн баримт сэлт гарган олон түмэнд зарлан тунхагласан ч дахин дахин сонгогдоод, эх нутгаа хуваагаад, хувь хүртээлгүй дуусгачихуй гэхээс айдас нь хүрээд байгаа ч юм шиг, ямар ч гэсэн Монголоо, эх орноо, малчин заяагаа, эцэг эх элэнц хуланцаа гэсэн элгэн халуун сэтгэлээ аль хэдийн гээж, ичих нүүрэндээ илэг нааж, гурав дах орны дээдсийн ихэмсэг, “Би” хэмээх өвчинд идэгдсэн, нүүдэлчдийн хоцрогдсон сэтгэлгээгээр бол бяруу болоогүй бух болчихиж, эсвэл чээж баян болж, хөрөнгө нь бөгс рүүгээ шингэхгүй, буцаж гарах гээд чээж нь гашуу оргиод ярвайгаад байгаа мэт харагдав. Ёстой л дотроо паланцаг, гаднаа гяланцаг гэдэг л болоод байх шиг. Харин та “Нүүдлийн хоцрогдсон бүдүүлэг Монгол” сэтхүйгээсээ ухарч, ард түмнээсээ уучлалт гуйх цаг ойртосныг сануулах юун. Гэмээ мэдэж хүн болдог, бэлчээрээ мэдэж мал болдог хэмээн таны нагац юу хэлнэ вэ.

“Нүүдлийн хоцрогдсон бүдүүлэг Монгол” хэмээн тодорхойлох үндэслэлийг хаанаас олж харсан бэ? Хүн төрлөхтөний түүхэнд нүүдлийн ба суурин хоёрхон иргэншил байсан, одоо ч байна, гуравдах иргэншил байгаагүй. Энэ хоёр иргэншил зэрэг үүсч, зэрэгцэн оршин тогтнож, харилцан “өгч авсаар” өнөөг хүрч ирсэн амьдралын түүхийн урт хугацааны үйл явцыг өнөөдрийн “залуу” нүдээр олж харж чадахгүй, “хүнийг залуу насандаа сэтгэн бодхоор, ахмад насандаа бясалган ухаарахаар заяасан” учраас таны “ХХ зууны монгол” нүүдэл суудал номын чинь талаар дуугаа хурааж өнгөрөөсөн бол эр өсч, эрийн цээнд хүрч, их ч олон ном зохиол бичиж, Бааварын нийтлэлийг унших гэсэн уншигчтай болж, “Баабар иргэж өгүүлэв” булантай болсон ч гэсэн өөрийнх хэлснээр “ярихдаа муу, бичихдээ сайн” гэсэн нь “ухаан төрмөл, сэтгэхүй олдмол” гэдгийг ухаарч байна уу даа гэж бодож байтал “Нүүдлийн хоцрогдсон бүдүүлэг Монгол” хэмээн бичсээр байгаад арга буюу өчих мэх хийхэд хүрэв.

Өчих нь: Нүүдлийн иргэншлийг эхнээс нь өнөөг хүртэл авч явсан дэлхийн ганц  оронг хоцрогдсон бүдүүлэг хэмээн дүгнэх нь өөрийгөө хэн болохыг олон түмэнд зарлаж буй хэрэг буйзаа. Нүүдэлчдийн хэн болох, тэдний хүн төрлөхтөний түүхэнд оруулсан хувь нэмэр, амьдрахуйн ухаан болон дэлхийн шинжлэх ухаанд оруулсан ололт амжилт, өрх айл бүхэн тусгаар тогтносон бүрэн эрхит бичил улс болтлоо хөгжсөн түүхэн замнал, дэлхийн хүн төрлөхтөнг бүхэлд нь нэгтгэн нэгэн хот айлын системд оруулсан түүхэн  үйл явц, түүний задрал, дахин сэргэлт гээд хий махбодтой, хөх толботой, хөх тэнгэр эцэгтэй, хөрст дэлхий эхтэй, урт ухаант Монголчуудыг бүхэлд нь хараар харлуулсан нүгэл нүдээр чинь гарна шүү. Учир нь:

1.    Нүүдлийн иргэншлийг хоцрогдсон гэвэл суурин иргэншил боловсон болж таарах учраас та өөрөө боловсон иргэншлийн иргэн болж төрсөн үү? “Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь” гэсэн хоцрогдсон бүдүүлэг сургааль юу хэлнэ вэ? Баавараа. Ер нь “сайн муу нийлж хүүдий дүүрдэг” сургааль аль ч иргэншилд хүчин төгөлдөр болохыг мэдэх үү. Биофизикч мэргэлжилтэй учраас сайн нь хэдэн хувь, муу нь хэдэн хувь байж хорвоо оршин тогтнохыг гадарлах бизээ. Хариуг фи тоо буюу алтан харьцаа 1,6180… тооноос хайгаарай.

2.    Б. Ринчингуай “том жижиг аливаа үндэстэн ястаны ёс заншил, соёлд хоцрогдсон бүдүүлэг гэсэн ойлголт байж болохгүй” гэж хэлснээс таны тодорхойлолт Монголоо гэсэн сэтгэлтэй  хүний үг биш, “хүү нь хотоос ирээд хот танайх, хонь минийх” гэсэнтэй адил, эсвэл хотон дахь бөөрөнхий цагаан юу вэ гэсэнтэй адил, эсвэл Би үхэхээс Чи үх гэсэнтэй адил, эсвэл муу нохойн гэдсэнд шар тос тогтохгүй гэсэнтэй адил, эсвэл илжигний чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ, ус ч хийсэн сэгсэрнэ гэдэгтэй адил, эсвэл тэмээ гэхэд ямаа гэсэнтэй адил, эсвэл  ямаа, тэмээ шиг эх оронгүй, элгэн нутаг усгүй буюу төвөөс зугтах хүчний үйчлэлд амьдардаг шиг, эсвэл дээрээ шүдтэйгээс … шиг хүн юмаа даа.

3.    Ертөнцийн бүх юмс үзэгдэл заавал хос байдаг хуулиар хоёртын хос бол эхэлж харсан тал  нь нөгөө талаасаа заавал илүү харагддаг жамаар та суурин иргэншлийн талаас харсан учраас нүүдлийн иргэншил хоцрогдсон бүдүүлэг гэсэн ойлголтыг мах цусандаа шингэтэл ойлгожээ. Нөгөө талаас нь харвал суурин иргэншил хоцрогдсон, бүдүүлэг төдийгүй хүн төрлөхтөнийг сөнөөж байгаагаа ухаарч, таны тодорхойлолтоор хоцрогдсон бүдүүлэг нүүдлийн иргэншлийг судлаж, хэрэгтэйгий нь шүүн авч хэрэглэж байгаа түүхэн үед амьдарч байгааг ухаарагтун. Дамшрамд сонордуулахад “хүн төрлөхтөн 21-р зууны 30-иад оноос энэ хоёр иргэншлийн алтан дундаж дээр амьдарч эхлэнэ” гэдгийг таны сонорт хүргэе.

4.    Хөдөөнийхөн мал маллаж ухаан суудаг нь олонхи, хотынхон архи маллаж архичин болдог нь олонхи алы нь бүдүүлэг, хоцрогдсон гэх вэ?

5.    Хүний хийснийг зөөж идэх зарчим дээр тулгуурладаг бохир эдийн засагтай, байгалиа үргэлж хөнөөж, баялагаа барж амьдардаг, үүнийхээ гайгаар байгалийн болон үүсмэл бүх эрсдэл дор амьдардаг. Өөрөөр хэлбэл бусдад зарцлагдаж амьдрагсад, эд нар нь бусдад хир зэрэг үнэн ч зүтгэснээр баян тарган амьдрана. Өөрийн хийснийг хүргэж өгөх зарчим дээр тулгуурладаг цэвэр эдийн засагтай, байгалийн баялагаа хадгалж хамгаалж, малаараа дамжуулж ашигладаг, үүнийхээ ачаар байгалийн бус аливаа эрсдэлээс ангид байдаг. Эд хүмүүс хувьдаа хир зүтгэснээр сайхан амьдрана. Алы нь хоцрогдсон бүдүүлэг гэх вэ?

6.    Доодос нь туургандаа багтаж, дээдэс нь дээвэртээ нэгдэж, алив бүхэн тоонондоо захирагддаг онолоор ажиллаж, амьдрагсдыг нүүдлийн иргэншилийнхэн гэвэл доодос нь шавар ханандаа хашагдаж, дээдэс нь тугаарлагдсан дээвэртээ хувилдаж, алив бүхэн захирагдах оронгүй ажиллаж, амьдрагсадыг суурин иргэншилтэн хэмээн цэцэрхэе. Алы нь хоцрогдсон бүдүүлэг гэх вэ?

7.    НИ,СИ хоёрыг шинжлэх ухааны хэлээр илэрхийлвэл НИ-динамик систем буюу урсгал ус гэвэл СИ-статик систем буюу цөөрөм, шалбааг аажимдаа ширгэж, ялзарч намаг болдогтой адил СИ-ийн хүний хөгжил мөхөл рүү ойртож явнаа. Алы нь хоцрогдсон бүдүүлэг гэх вэ?

Дашрамд тэмдэглэхэд: “Ургаж байгаа мод язардаггүй, урсаж байгаа ус өмхийрдэггүй”  гэгчээр аливаа юмс үзэгдэл байнга хөдлөж байж хөгждэг, хөгжил дэвшил хүн нийгэмд ирэх ёстойгоос малчид өвөл зунгүй байшинд суувал соёлжиж, гэрт амьдрагчид соёлгүй, орон сууцанд амьдрагчид соёлтой гэж эсгий туургатаныг шороон туургатнаар солих гэхийг гэрийг байшингаар солих гэж ойлгодог монгол сэтхүйгээ харийн хүний сэтхүйгээр сольсон мангуунууд энд тэндгүй байгаад харамсаж явдагаа нуух юун.

… хүн төрлөхтөний иргэншил хэдэн мянган жил аажмаар дэвшин хувьсан байхад монгол нь нийгмийн байгуулал, амьдрах арга, амьдралын хэвшил, соёлжилт, иргэншлийн хувьд мянган жилийн өмнөхөөсөө өөрчлөгдсөн зүйлээрээ бага байлаа хэмээн бичсэн нь хүн төрлөхтөний хөгжлийн түүхэнд мянган жил өчүүхэн бага хугацаа, тухайлбал эр хүний удамшил есөн үеийн дараа бүрэн солигдох хугацаа шүү дээ. Энэ өгүүлбэрт хэд хэдэн зөрчилдсөн утга агуулагдаж байна: 1-д Монголыг хүн төрлөхтөнд багтаагүй нь сармагчин хэвээрээ бүдүүлэг, хоцрогдсон хүн дүрст амьтан гэсэн бололтой. 2-т сүүлийн мянган жилд өмнөхөөсөө бараг өөрчлөгдсөнгүй гэх нь бусдаасаа хөгжлөөрөө мянган жилээр түрүүлсэн байхад цааш нь бичихдээ хоцорч байгаа мэтээр үгүйсгэх санаагаар бичсэн байна. Супернэгдлийн онолыг үндэслэгч Ч. Эрдэнэ “бүх юмс үзэгдэл эцэстээ улс төрөөр төгсдөг. Өөрөөр хүний нийгэмд байдаггүй. Хүн улс төрч амьтан … ер улс төрд эхлээд худлаа ухаантай царай эсгэж гай хөө болоод хожим басл худал үнэн ухаарсан дүр эсгэх шиг гэмт хэрэг байдаггүй” хэмээн бичсэн нь таныг хэлсэн мэт санагдав. Монголчууд чинь нүүдлийн иргэншлийг туйлд нь хүртэл хөгжүүлчихээд суурин иргэншлийнхэнийг дэлхийн аль өндөр уулын тэнгэрээс нь хараад, замаасаа төөрвөл даллаж дуудаад шулуун замаар залаад хүлээгээд байтал ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг шиг суурин иргэншил давамгайлж эхлэсэн түүхэн замнал буюу нүүдлийн иргэншил давамгайлж байснаа суурин иргэншилд байраа тавьж өгч буй түүхэн замналыг хэт үнэлж хоцрогдсон, бүдүүлэг гэж цоллох нь “ухаан сохор бол нүд сохор” гэдэг болжээ. Нэг иргэншлийг нөгөөгөөр сольж байгаа учраас бүх юм шинээр эхлэсэн болохоос, хоцрогдсон, бүдүүлэгийнх биш гэдгийг ухаанд ухна үхсэн, сэтгэхүйд нь сэрх үхэгсэд яаж ч ухаархав дээ.

… системтэй боловсрол олгох тогтоц 1930 он хүртэл огт байсангүй гэжээ. Үгүй ээ, Гэрийн буюу нүүдэлчдийн сургалтын систем байсан. Бичиж, тэмдэглэх аргаар биш, мэдрэхүйн таван эрхтэнээрээ суралцаж, түүнийгээ аман хууль болгон мөрдөж байдаг юм. Тухайлбал малаа тоолохдоо зүсээр нь бүртгэнэ, өөрөөр хэлбэл ой тойныхоо соронзон хальсанд бичдэг учраас насан туршдаа мартах байтугай удамшин хойч үедээ мөнхрөнө.

Боловсрол бол амьдрах арга  хэрэгсэл учраас үйлдвэрлэл, технологийн онцлогоос хамаарч ялгавартай боловч сургалт өдөр, шөнө, өглөө, орой, гэрт, гадаа, хөдөө хээр хаана л бол хаана  орон зай, цаг хугацаанаас үл шалтгаалан зуу насыг насалсан ч сурсаар сургасаар амьдрал үргэлжилнэ. Хүүхэд эцгээс үүдэж эхээс төрмөгцөө эхийгээ үнэрээр нь таньж, гэгээ үзмэгц ертөнцтэй мэндэлж, нярайгаас хөл нь шороонд хүрмэгц нэр авч, амьдрах ухаанд суралцдаг арван хэдэн нас, хорвоогийн сайн сайхныг амтлаж эхлэдэг  хорин хэдэн нас, гунхаж явдаг гучин хэдэн нас, дөрөө мултлалгүй ажилдаг дөчин хэдэн нас, тавьж уудаг, таниулж сургадаг тавин хэдэн нас, жаргаж жаргуулж явдаг жаран нас, далавч нь гагсаж, даллаж амьдардаг далан нас, найрын ширээнд залагддаг наян нас, ерөөлөөс өөр үг хэлэхийг цээрлэдэг ирэн нас, ертөнцийг бүрэн таньж, зургаадай таягаа тулж зуун насласан ч сурсаар, сургасаар, амар сайхандаа жаргадаг нь хүний жам буюу боловсрол тасралтгүйн баталгаа билээ.Та бүх насаараа Монголоо үгүйсгэсэн ч энэ жамаас зайлах гарц байхгүй, бүх юм ямаа туйлаад янгиа эвдэхгүй, тэмээ туйлаад тэрэг эвддэггүй сургаалаар болно. Гэтэл өөдөөс: -Юуны чинь ямаа, тэмээ бэ?, ийм л хоцрогдсон сэтхүйтэй байгаа юм даа энэ хөгшидүүд, ямаа өсгүүлээд л малчидыг бэлэн мөнгөнийх нь оронд амь зуудаг болгоо биздээ, хөллөх тэмээ ч үгүй боллоо гэж бичээд байх юм, тэрэг тэмээнийх нь оронд хятадын жижиг оврын машин, мотоциклээр сольлоо болоо биш үү гэж л хариулах байх …  үүний чинь л буруу буюу бушуу туулай борвиндоо баастай гээд байгаа юм шүү дээ.

Цайны шаарыг хурааж байгаад маш цэвэрхэн газар асгах, эсвэл хатаагаад дэр хийнэ. Цайны шаараар хийсэн дэр сэрүүн, толгой өвдөхөөс сэргийлнэ. Энэ зан үйл өчүүхэн бага мэт санагдавч охидуудыг аливаа юманд хянамгай, цэвэр нямбай, аригч хямагч байдалд сургаж, сайн бэр болохын үүдийг нээдэг нь жижиг чулуугаар том чулууг доргиулхаас, томоор жижгийг доргиож үл чадхыг сургадаг бус уу. Охидоор муулсан хүнийх нь дэргэд өвчүүний цоройг нь дэлгүүлэж, үс хялгасы нь цэвэрлүүлэж дээш нь харуулж тавиулна. Сайн хүргэнтэй болохын бэлэгдэл гэж үзнэ. Энээс илүү охиноо яаж сурталчлах билээ дээ. Тарагийн таван үнээ, тавиурын таван морьтой байхыг сургах, хийе гэсэн хүнд арга олддог, хийхгүй гэсэн хүнд шалтаг олддог, авгай авахад бэлхүүсээр нарийн байвал тэвэрэхэд аятайхан, төдийгүй ухаалаг байдаг гэх мэтээр сургадаг, Бар, туулай, луу сар нь хавар буюу эм хүйс, могой, морь, хонь  сар нь зун буюу эр хүйс, мич, тахиа, нохой сар нь намар буюу эм хүйс, гахай, хулгана, үхэр сар нь өвөл буюу эр хүйс гэж ангилж, аж амьдралаа зохицуулдаг монгол ухаан нь багаас нь их рүү нь аажим аажмаар ахиулж сургадаг юм. Хавар намар нь эм хүйс, зун өвөл нь эр хүйс хэмээн оноох нь ямар гайхамшигтай шинжлэх ухаан вэ? Нүүдэлчдийн бүтээсэн бүтээлүүд эцсийн, төгс буюу орчин үеийн мөрөөдөөд байгаа нано технологоор бүтээсэн байдагт л нууц нь оршиж байдаг юм. Ийм нүүдэлчдийг бүдүүлэг, хоцрогдсон гэх зүрхтэй төрсөн суурингийн тэнэгүүдийг яалтай билээ.

Тооны: нэг-мод, хоёр-гал, гурав-шороо, дөрөв-төмөр, тав-ус. доош нь тоолбоос “хүү” төрнө. Жишээ нь: модноос гал, галаас шороо үнс, шорооноос төмөр, төмрөөс ус хайлш, уснаас мод гэх мэт. Хэрэв дээш нь тоолвоос “эх” болно: модны эх ус, усны эх төмөр, төмрийн эх шороо, шорооны эх гал, галын эх мод. Эндээс нүүдэлчид тоогоор биш чанараар аливаа асуудлыг шийдэж, түүнийгээ аман хууль хэмээн дагаж мөрддөг байна. Арван хоёр жилийг хатуу зөөлөн гэж хуваан бар луу морь нохой гахай хэмээх таван хатуу, хулгана үхэр туулай могой хонь бич тахиа хэмээх долоон зөөлөн жилд тооцдог нь зөөлөн нь хатуугаа иднэ гэдэг энэ болой. Эсвэл зуд зулагтай, таван төрөл малаас ядахдаа гурван төрөл нь үлдэхийг, тооны хэлээр бол 5:7=0,714 буюу е-тооны бутархай хэсэг гарч байгаа нь зөөлөн нь хатуугаа иддэгийг онолын хувьд батлаж байна. Зөөлөн зөөлөнөөрөө, хатуу нь хатуугаараа ивээлсэхийг чармайдаг. Зөвхөн р нь зөөлөн, эхнэр нь хатуу жилтэй бол гэрлэхийг цээрлэнэ. Энэ сургаалаа хууль мэт дагаж мөрддөгөөр өөрийгөө болон үр хүүхэд ач зээ хэнийг л бол хэнийг ч амьсгалын тоо, судасны цохилт, бие махбодын хэлбэр ялангуяа гарын алга, өндөгний ба хэлний хээгээр иж бүрэн шинжиж, урт наслах эсэх, хоол элбэгтэй эсэх, баян тарган эсэх, олон цөөн хүүхэдтэй эсэх, хүйсийн аль нь олон эсэх, амьдралын зовлон жаргалангий нь хүртэл шинжиж мэддэг учраас тус хийж ч мэдэх, ус болж ч болох учир хэн бүхэнд үзүүлдэггүй нуудаг монголчуудын далд мэдлэгийг суурингийнханы ил мэдлэг олгосны баталгаа цаасан дээр бичсэнээр үнэлдэгтэй жишиж, бүдүүлэг хоцрогдсон гэж дүгнэж үл болно.

… эрүүлийг хамгаалах систем байтугай боловсон эмнэлгийн тухай ойлголт нүүдэлчинд байсангүй, … уламжлалт ардын болон төвд эмнэлгийн бүдүүлэг аргаар гүйцэтгэнэ гэж бичсэн нь цэцэнд хоёр нүд цөөднө, тэнэгт хоёр нүд олдоно гэдэг болжээ, одоо яагаад уламжлалт эмнэлгийн мэргэлжилтэн бэлтгээд байгаа нь боловсон эмнэлгээс ухарч байгаа хоцрогдол уу? Хорт хавдрын зарим төрлийг буурын бохиор эмчилээд байгаа нь хоцоргдсон бүдүүлгийнхүү. Бидний өмнөх настангууд Бөөс алга боллоо үхэх цаг ойртжээ гэж ярьж байхыг бишгүй л сонссон. Энэ хэлсэн настан бүдүүлэг хоцрогдсоных уу. Баабараа өөрсдийгөө битгий гол, сүүдрээ харж бүсээ гэдэг, монгол хүний сүнс бүсэндээ байдаг энэ хоцрогдол уу, соёлт хятад хүний сүнс хаанаа байдаг вэ? монгол сүнс хятад сүнснээс хоцрогдсон бүдүүлэг үү. Хэлээд, бичээд өгөөч Баавараа “… хүн ам асар сийрэг амьдардгаас халдварт өвчинд нэрвэгдэж байгаагүй” гэжээ. Үгүй ээ нэрвэгдэж байсан түүх ч бий, 1-д гоц халдварт өвчин үүсэх орчин байхгүйтэй адил байсан, 2-т гарсан мэдээлэл авмагц нутагладаг нутагаа орхиж зайлж нүүнэ, уг өвчний ул мөр арилсан цагт хэдэн жилийн дараач юм уу эргэж нутаглаж ч магад. Халдварт өвчнөөс хамгаалах арга, эмчлэх аргаа ч мэднэ. Жишээлбэл хотонд цөөн тооны хар хонь байвал хохироо өвчин гарахгүй. Адуунд ганц нэг цагаан адуу байвал ям өвчин гарахгүй. Энэ заншил одоогийн малчдад бараг мартагдсан бизээ. Амьд амьтан бүхний дотоод шинж нь заавал гаднаа илэрч байдаг гэдгийг шинжлэх ухаан дөнгөж хүлээн зөвшөөрч байхад малчид амьдралдаа аман хууль болгон мөрдсөөр ашигласаар байгаа нь биднээс хоцрогдсон гэх үү.

… бэлгэсийн болон малаас халдах өвчинд хүн амын олонх нь өртсөн байлаа гэсэн нь Манжийн эрхшээлд 200 гаруй жилд Манжууд үндсээр нь сөнөөх бодлогоор гаднаас оруулж ирсэн шашины уршиг, бэлгэсийн өвчин тарааж, энэ өвчнөөр халхчууд, зүүн Монгол бүрэн нэрвэгдэж байсан нь бодит үнэн, энэ аюулаас говьчуудыг аварсан хүн бол говийн догшин ноён Данзанравжаа шарын шашиныг, улааны шашинтай хослуулан ашиглаж байсан гавъяат үйлсийг хамрын хийдийн буруу эргэдэг хүрд, дэмчигийн хийдэд ормогц буруу үүдээр орж, нар буруу гурав эргээд зөв үүдээр нь гардаг зан үйл түүхэнд мөнхлөн үлдээжээ.

Харин малаас халдах өвчинд олонх нь өртсөн гэвэл бодит байдлаас нилээд хазайна. Хотонд хар хонь байвал хохироо өвчин гардаггүй гэдэг аман хууль нь цагааныг хараар дарж байхад, адуунд цагаан адуу байвал ям өвчин гардагггүй нь харыг цагаанаар дарж байна. Халуун хушуут малаа тус тусын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг аргыг олсон атлаа хүйтэн хушуут малаа хамгаалах аргаа олоогүй нь лав л хоцрогдлынх биш. Монголчуудын малын өнгө гэхгүй зүс гэхийн нууц энд ч байгаа ч юмуу хэн мэдэхэв дээ. Монголчуудын бүтээл таван хушуу мал нь амьжиргааны үндэс хэмээн өчүүхэн багад тооцох нь гадаадын судлаачид, дотоодын эрдэмтэн мэргэд, төр засгийн удирдлагын хүмүүсийн бүтээлд багагүй тусгагдсан байдаг юм. Би үүнтэй санаа нийлдэггүй юм. Таван хушуу мал аж ахуй нь ард олны амьжиргааны үндэс төдийгүй Монгол улсын мөнхөд оршин тогтнохын мэдлэгт тулгуурласан эдийн засгийн тулгуур гэдгийг олон талаас батлаж чадна. Таван төрөл мал нь бие биеэсээ үл хамааран амьдрах чадвартай, аль нэгнийх нь халдварт өвчин бусад малдаа халдахгүй, тэр ч бүү хэл хүнд бараг халдахгүй. Дэлхийд хамгийн эрүүл мал гэвэл Монголын бэлчээрийн таван төрөл мал гэтэл бид өөрсдөө мэдэхгүй, бусад орны наймаачдын залиар танай мал халдварт өвчтэй гэхэд тийм тийм гээд хүлээн зөвшөөрөөд өөрсдийгөө буруутгаад байдгийн баталгаа бол таны энэ санаа батлаж байна.

Таны бичсэн “30-иад оны соёлын хувьсгал”-ын мөн чанар нь нүүдлийн хоцрогдсон, бүдүүлэг Монгол нэр зүүж, түүнийг арилгах соёлын хувьсгал бишээ, нүүдлийн соёл иргэншлийг манлайлж явсан түүхийн хугацаанд “долоо дордож, найм сэхдэг” үед нь суурин иргэншлийн зам руу хүчээр түлхэн оруулж эхлэсэн үеийн соёлын хувьсгал гэвэл бодит байдалд илүү тохирно. Энэ хувьсгалыг хэрэгжүүлэхийн тулд орчныг бүрдүүлэх ёстой, үүний тулд бүх сүм хийд, том жижиг лам нарыг хомроглон устгахаас өөр зам байгаагүй учраас хэрэгжүүлсэн нь хувьсгалт намын буруу биш бололтой. Харин та эргэж өгүүлэхдээ өмнөх алдаагаа ухаарч засаж байгаа бол хувьсгалт намыг бүх ард түмнээсээ уучлалт гуй гэж шаардаж байсныхаа бурууг ухаарч байна уу?

… төв азийн уудам тал мянга мянган жилийн бөглүү байдлаасаа гарч нийтийн соёл, иргэншилтэй золголоо гэсэн нь тал нутаг нь бөглүү байдлаасаа гарах бишээ, харин унаган төрхөө алдаж, “галзуу барын аманд бүхлээрээ зуулгуулж, жажлахгүй залгиулсан хэрэг бусуу”, нийтийн соёл иргэншил гэж юу вэ? ийм ойлголт байхгүй гэвэл та зөвшөөрөх үү. Хүн төрлөхтөний иргэнших хоёрхон иргэншил байх тухай дээр дурдсан билээ.

… бөх, морь, сур, шагайг эс тооцвол нийтийн биен тамир спортын тухай ойлголтгүй … мэтээр бичжээ. Энэ дотор чинь суурингийн бүх спорт багтана. Морь унадаггүй, барилдаггүй хүүхэд байгаагүй нь нийтийн биен тамир, спорт тоглоомууд цөм нүүдэлчдээс гаралтай гэвэл та зөвшөөрөх үү? Монгол бөхөөс чөлөөт, жудо, самбо, сумо зэрэг бөхийн төрлүүд үүссэн, Техникийн шинжлэх ухааны эцэг нь морь гэвэл …

Хоёр азарганы ноцолдооныг дуурайж сагсан бөмбөг үүссэн, хоёр буурын ноцолдооныг дуурайлгаж хөл бөмбөг үүссэн тухай цоо шинэ мэдээ танд сонордуулая. Та зөвхөн махан биеийн тамирийн тухай бичжээ. Таны тодорхойлтоор хоцрогдсон бүдүүлэг Монгол чинь сүнсэн биеэ хөгжүүлэх тамирийг зэрэг хөгжүүлж байсан шүү, тухайлбал шатар даамханыг мэдэх байх бүх хөлгөн тоглоомууд, дотроос нь “арван тавлах”, “есөн ухаан” тоглоомын онолын нууцыг одоо ч тайлж чадаагүй.

Таны магтаад байгаа соёлт хүн төрлөхтөн чинь зөвхөн өнөөдрөөс л сүнсэн биеийн тухай ухагдахууныг үгүйсгэж чадахгүй болоод байгаа гэвэл хэтэрхий мэдэмхийрсэн байж ч магад.

Ноён Баавараа … Социализм байгуулна гэдэг нь дан ганц нүүдлийн хоцрогдсон бүдүүлэг Монгол мэтийн оронд ХХ зууны иргэншил нэвтрүүлнэ гэсэн үг гэдгийг бас үгүйсгэх аргагүй юм гэсэн нь социализмийг үгүйсгэх гээд өөрийгөө үгүйсгэжээ. Таны магтаад байдаг соёлт хятадууд чинь социализмийн буянаар өнөөдөр дэлхийг ноёрхож байгаа биш үү. Социалист систем задарснаас социализмийн замаар хөгжиж буй орнуудыг басамжлах эрх танд байхгүй гэдгийг сануулая. Социализм бол хүн төрлөхтөний хөгжих салаа замын нэг мөн гэдгийг манай улс төрчид, таныг ивээн тэтгэгчид болох 64-н гуайчууд таны өөдөөс зоригтой хэлж зүрхлэхгүй байж магадгүй, харин Би зоригтой хэлж байна.

Морин хуурын шандасыг эр хөг гаргах цагаан хялгас  140 ширхэг, эм хөг гаргах хар хялгас 120 ширхэг, нумынх нь хялгас 100, бүгд нийлээд 360 ширхэг хялгасаар хийж, дэлхий дээрх бүх хүн амьтаны дуу авианы таван эгшиг арван хоёр хөг аялгууг хоёрхон жавхдасаар дуугаргах шидтэй морин хуурыг ганцхан төрлийн хөгжмийн зэмсэг мэтээр та дэндүү дутуу үнэлжээ. Монголын морин хуурыг энэ дэлхий дээр байгаа бүх төрлийн хөгжимийн зэмсэгийн цогц хэмээн ойлгож болно. 140,120,100 бүгд 360 тоонд л энэ ид шидийн нууц оршиж байгаа нь Ч. Эрдэнээгийн “цорын ганц дүрсийн эрэмбэ, цорын ганц тооны зохирол буй бүхнийг бүтээжүхүй” онолыг батлаж байнаа. Өөрөөр хэлбэл супер нэгдлийн онолыг Монголчууд бааварын тогтоосноор хүн төрлөхтөнийг өмдтэй болгохоосоо өмнө амьдралдаа хэрэглэж байжээ. Харин та өнөөдөр л шинжлэх ухаанчаар нэгтгэн дүгнэж “супер нэгдлийн онол” хэмээн нэрлэж, Монголыг дэлхийн түүхэнд хоёрдох удаагаа оюун ухаанаараа дахин мандах буянтай үйлсийн эхлэлийг тавилаа гэвэл таны гавъяаг дутуу үнэлсэн ч байж магад, хүн өөрийнхөө мэдлэгийн хэмжээгээр л аливаа асуудалд ханддаг учраас миний чадлын хэмжээ энэ бөлгөө.

Ийм ард түмнийг хоцрогдсон бүдүүлэг Монгол гэж цоллоход үнэхээр дотор харанхуйлж, голд хүйт оргиж, толгой эргэж, нүдний нулимас өөрийн эрхгүй асгарч, элэнц хуланцын эцэг өвгөдөөс айхдаа цагаан хэрмийг мориноос хамгаалж барьсанч зад цохин дайрч байсан түүхэн цаг үеийг сэтгэлдээ төсөөлөхөд, хэзээд ч түүхийн урт удаан хугацаанд хятадаас дор соёлгүй, иргэншилгүй, бүдүүлэг хоцрогдсон байгаагүй гэж таны өөдөөс өчиж бичиж байнаа. Жирийн нэгэн малчин ярьсан нь: “Голионоос айсан хүн өртөө газар ухаан жолоогүй зугтаагаад эргээд харсан чинь хоёр эвэр нь сэрийж байсан” гэж ярьсан хүнийг худалч хүн гэх үү, тэнэг хүн гэх үү, бүдүүлэг, хоцрогдсоны шинж үү? Голионоос айхы нь тунгаавал хариугүй ч эр болдоо гэмээр, гэтэл өртөө газар хар хурдаараа явсан морь, хүн хоёр таггүй хоёр байж таарна, эргээд харахад хоёр эвэр нь сэрийж харагддаг нь айсан хүн адуу үргээнэ гэгчээр уран сайханы халил төдийгүй, урт ухаант монголын үр сад гэдгээ нотлох мэт. Суурингийн ямарч ухаантай хүн ийм зүйрлэл олж хэлж үл чадна.

… хятад ба герегийн соёлд хүмүүжсэн хүний ялгаанаас нүүдлийн ба суурьшмал соёлд хүмүүжсэн хүний ялгаа хавьгүй их байдгийг ажиглаж болно гэсэн нь нүүдлийн, суурьшмал хоёр соёл байдаг гэсэн атлаа хятад, герегийн соёл гэж гуравдах соёл иргэншил байдаг болж байна уу, дээрх хоёр соёлын нэгд багтахгүй юу Баавараа? Хятадыгаа магтах гэхдээ “малгайгаа” мартажчихжээ.

… дайны нарийн урлагийг нүүдэлчид бодож олдог, харин хятадууд үүнийг нь сайтар судлан шинжлэх ухаан болгон хөгжүүлдэг байсан бололтой гэсэн нь бодож олж, хэрэгжүүлдэг нь үүсгэгч буюу шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр болохоос хуулан авч учрыг олж тунгаасан нь хэрэглэгч буюу шинжлэх ухаан болгож хөгжүүлж буй үйлдэл биш гэдгийг сөргүүлж нэг бодож үзээч.

… өмдийг нүүдэлчид л анх морин дээр өмсөх тохиромжтой хувцас хэмээн санаачилжээ. Монголчууд үүнийг “цаадахыгаа битгий сэрээчих, зүүдлэж байг”, сэрээд зүүдээ манаад ухаанаа олно гэдэг болж байна даа. Хятадууд унах морьгүй байж юу унах гэж “өмд баатар” гэж цоллуулталаа зуны пүү халуунд хүртэл гурав дөрвөн давхар өмднөөс салдаггүй байнаа, нүүдэлчид олдог, хятадууд шинжлэх ухаан болгож хөгжүүлж байгаа жишээ юу, мөн гайхамшигтай юмаа хятад ухаан гэж.

Морин дээрээс нум сум харвахад туйлын тохиромжтой учир дөрөө хийх санаа тэдэнд анх төрсөн байна гэсэн нь харин таны ингэж сэтгэх зөв байхаа, малчны хотонд төрөөгүй, суурингийн төмөр орон дээр төрж, суурин соёлыг нүдээ нээхээс эхлээд өдий хүртэл хүртэж, хойшид хүртэх учраас … нум сум харвахын тулд биш мориндоо мордохын тулд … та төмөр дөрөө дөрөөлөх тухай сэтгэсэн байна, эхлээд мориныхоо хаа, жолоо, цулбуураа дөрөөлж байснаа цааш ахин ахисаар боловсронгуй болгосоор одооны төмөр дөрөө бүтээсэн болж таарна.

64-н гадаад дотоодын нэрт эрдэмтэн түүхчид, зохиолчид, олон нийтийн зүтгэлтэнгүүдээр шүүлгэсэн “монголчууд нүүдэл суудал” номын 23-р хуудсанд тарпаныг … нүүдэлчид л одоогоос 5-6 мяган жилийн өмнө гэршүүлжээ”.гэтэл 130-р хуудсанд одоогоос 8-10 мянган жилийн өмнө төв азийн нүүдэлчид тарпан хэмээх зэрлэг адууг гэршүүлжээ гэж бичсэн нь 3-4 мянган жилийн зөрөөтэй мэдээллийн алы нь итгэх вэ? Хүн төрлөхтөн өмдтэй болоод 5-6 мянган жилийн нүүр үзэж байгаа гэхэд итгэх хүн үл олдоно. Өмдийг морь унахын тулд санаачилсан бол өнөөдөр суурингийнхан юу унах гэж эр эмгүй өмсдөг байнаа. Арай өөр зорилгоор үүссэн болохыг цэцэрлэгийн хүүхэд ч мэдэх байх.

Энэ мэт үнэмшилгүй, 70 мянгаар нь 100 мянгаар нь хүний толгойгоор овоо босгож байсан, нэг хотыг сүйтгэсний дараа бүх хүүхдийг газар зулж хэвтүүлчихээд дээгүүр нь морин тэргээр дайруулж байлаа. Гэж харж байснаа хэлж бичүүлсэн нь 64 гуайгаас хэнийх нь сүнс хэлсэн болдоо гэсэн бодол төрөв. Академич Ш. Бира гуай лав гадарлана даа, хүний бага нь адтай гэгчээр Сосорбарам ч элдэвлэсэн  байж магадгүй. 1260-иад оны үед иргэншил соёлоос хол хөндий алсын уудам талын дунд монгол гэрт хэдэн монголын хэлэлцэж байсан төлөвлөгөө нь дэлхийг эзэгнэх ийм том цар хүрээтэй төлөвлөгөөг үнэнээсээ буурьтай хэлэлцэж байсан тохиолдол хүний түүхэнд гараагүй ээ, дараагийн 91-р хуудсанд 1240 онд бичигдсэн Монголын нууц товчоог “талын нүүдэлчин монголчуудын түүх, утга зохиол, соёлын гайхамшигт бүтээл, дурсгал” хэмээн магтаад, мөн 1246 онд “турхан нүүдэлчдийн “парламент” болох Хурилдайг хуралдуулсан тухай болон монгол эмэгтэйчүүдийн ур чадварын талаар тон ч онож бичсэн атлаа “хоцрогдсон бүдүүлэг монгол, соёлт хятадыг сүйтгэлээ” гээд бичээд байгаа нь таны урд төрлөөс чинь угшилаас чинь хатгаад байна уу, эсвэл 64-н гуайгаас хатгаад байна уу, ямарч гэсэн гадны нөлөө байгаа бололтой.

Ингэж 203 зүүлтнээс хойч үеийнхэнд хэрэгтэйгий нь орхиж, ач холбогдол багатайгий нь түүж хуулсанд дэм өгч, нэрээ мөнхөлсөн гуайчууд шатарын 64-н буудал булаалдахын учрыг үл ойлгоно.

Мөн хуудсанд дөрөөнөөсөө хоёр шургааг чирэн, түүнээ хооронд нь холбосон морин чарга бол алс газар аялан явахад асар хялбар дөт зүйл болой гэж бичсэн нь зохиогч өөрийн ойлголтоороо бичсэн байх, морьтой харьцах соёл үнэхээр алгаа. Ёстой л “мэдэхгүйн зовлон хэцүү, мэдэхгүй байж мэдэмхийрхийн зовлон бүр хэцүү гэдэг л болжээ. Дөрөөнөөсөө хоёр шургааг зүүчихээд алс газар аялахдаа морио хөтлөөд явна гэхэд хэдий газар хороох билээ, унаад явна гэхээр мориндоо яаж мордох билээ, мордлоо гэхэд хөл унжаад хир хол явах билээ, гэхчилэн ойлгоход хэцүү байна. Зүйл ??? таны 64 гуайгаас нэгэн ч морин чарга, морьтой харьцах соёлын анхны ойлголтгүй гэж үү. Адууны соёл гэж хоёр удаа гарчиглан бичихдээ дөрөө, өмд хоёроос өөр соёлын өв болох бүтээл олж хараагүй зэргээс монголчуудын урт ухаан суурингийнхний богино ухаанаар бүрэн солигджээ хэмээх дүгнэлтэнд хүчээр хүргэж байна. Адууны соёлын тухай Ардын зохиолч, хөдөлмөрийн баатар Л. Түдэвийн аль ч бүтээлээс үнэртэж байдгийг бахархийн ялдамд хоцрогдсон бүдүүлэг монгол уу, нүүдлийн соёл иргэншлийн эцэг төдийгүй цэцэг гэдгийг түүний “Малчин Ө-ийнд Ноён Ө зочлов” бүтээлээс ухаарсугай.

… талын бүдүүлэг харанхуй нүүдэлчид гэнэт ертөнцийн талыг эзлэн соёлт нийгмийг захирахад  гэх нь логикоор ухаарвал бүдүүлэг нь соёлтойгоо эзлэх гэж байхгүй, эсрэг байж л дийлнэ. Та өнгөрсөн түүхийг өнөөдрийн залуу нүдээр харж байгаагаас ийм сохор дүгнэлт хийж байгаагаа ухаараа ч.

… иргэншсэн хятад, умрын бүдүүлэг нүүдэлчин хоёрын хэдэн мянган жилийн харилцааны нэг үндэс нь энэ юм гэжээ. … нүүдэлчид мянга мянган жил соёлт хятад руу уулгалан дайрхаас … энэ мэтээр төрсөн монгол орноо үгүйсгэж, харийн орон руу хошуу цорвойн их мэдэгчийн дүрд тоглохын аюулыг “ … хожим биш эхлээд ухаантай бай гэсэн үг” гэж Ч. Эрдэнэ юу хэлнэ бэ?

Өөрсдийгөө хэт үгүйсгэж, хятадад өөрийгөө төдийгүй малгайныхаа сампинд хадгалж явдаг долоодох хүрдээ хамт өгсөн ч цаадуул чинь нэг их тоохгүй байж мэднэ шүү. Супернэгдлийн онолыг үндэслэгч Ч. Эрдэнэ “…цаана чинь дэндүү том улс гүрнүүд байна шүү дээ” гэсэн сурвалжлагчийн асуултанд “хүчний харьцаа Чингисийн үеийнхээс огт өөрчлөгдөөгүй. Энэ бол тоон үзүүлэлтийн буюу статистик хүчин зүйл  бөгөөд ач холбогдлоор бага. Чингисийн монголын давуу тал нь динамик хүчин зүйл байв” гэж бичсэн нь таны өөдөөс хэлээд байна уу даа гэмээр. Хүн нь бие сэтгэлийн мөнхийн зөрчил, нэгдэл буюу эвцэлдүүлгээс тогтоно. 12О0-аад оны үед тригнометрийг Хятадуудаас Монголчууд илүү мэдэж байсан дурсамж ч байдаг, энэ мэт Монголчуудын соёлын өвийг орчин үеийн шинжлэх ухааны үүднээс нэг нүдээр биш хоёр нүдээрээ буюу хос онолоор дурандвал хоцрогдсон, бүдүүлэг Монгол, хот хөдөөгийн ялгааг арилгана хэмээх хоёр үзэл, бодлоосоо салах цаг болсныг анхааруулж энэхүү нийтлэлийн төгсгөлд: Ам нь нэг атал чих хоёр байдгаас хэлэх, ярих үгээ цэнэдэг, амьдрал ганц атал сонголт олон байдгаас явах замаа сонгож чаддаг, хань ганц атал хайр олон байдгаас сэтгэлээ уураглаж чаддаг, амжилт   таныг тосож байхад, алдаа таныг отож  байдгаас өөрийгөө яахаа мэддэг Монголчуудыг боловсролгүй, мал дагасан мангуунууд хэмээгчид бэлчээрийн болон тэжээлийн малын махны ялгааг мэдэхгүй, харахад л адилхан харагддагаар андуурч тэжээлийн малынхаа ханчирийг идэж, шавар дөрвөн хананд хашигдаж, дөрвөн булангийн чөтгөртөө хөтлөгдөж, дөрөөлж мордох морьгүй, дөрлүүлсэн үхэр шиг бусдад зарцлагдаж, дөнгөн данган амьдралаа түвшин сайнд бодож, ухаанд нь ухна үхсэн, сэтгэхүйд сэрх үхсэнээ ухаардаггүй, зовлонгоо жаргалд тооцож амьдрагч суурингийнханы монгол сэтгэхүй аль хэдийн харийн хүнийхээр солигджээ, “Ухаанд ухна үхсэн, сэтгэхүйд сэрх үхсэн” гэсэн нүүдэлчдийн сургаал юу хэлнэ вэ? “Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой” гэж хөвгүүнийг тодорхойлох нь дотогшоо хумисан, үзэгдэх төдий шинжтэй байхад охиныг “Гэр нэвт гэгээтэй, туурга нэвт туяатай” гэх нь гадагшаа сацруулж байдаг, эсвэл эрийг нь хундан цагаан хонь шиг, эмийг сэлмэнгүй ч гэсэн шоргор эвэртэй ямаа шиг гэж зүйрлэдэг нь “Монгол ухааны” шим тул бид Малчдаараа бахархахгүй байхын аргагүй бизээ.  Малчдаараа бахархах нь  Монголоороо, малчин заяаны бахархал атал “Монголын нэвтрэхий толь бичиг”-ийн хоёр ботын бараг нэг нь өөрсдийн болон хувь хүний нэрсийн товчоон атлаа  “МАЛЧИН” нэрийг хассанд, бүр цаашилбал “монголын эдийн засгийн үндэс нь таван хушуу мал байсан, одоо ч хойшид ч хэвээр” гэдгийг бичээгүй нь  орчин цагийн Монголын сэхээтнүүдийн тархи харийн хүний тархиар солигдсонд туйлаас гутаж байгаагаа бичиж, хожим сонирхсон хэн нэгэнд хугацааны баримжаа болог хэмээн мунхаглая.

Модон дэр  дэрлэж 2 км-ийн цаана нохой хуцхыг мэдэрч унтдаг малчдыг, улиасаар яндангаа хөөлөхөө ч мэддэггүй суурингийнханаас дорд үзхээ больсон дээр байх хэмээн бодогдоно. Унага эхээс унасан тал руугаа дэл нь унждаг, босоогоороо унавал хагалбар дэлтэй болдгыг хүртэл мэддэг малчдыг хүний хий гэснийг хийхээс өөрөө мэдээд, дуртай ажлаа эрхлэх чадваргүй, мэдэлгүй бусдад зарцлагдаж амьдардаг суурингийнханаас дорд үзэж, хот хөдөөгийн ялгааг арилгана гэж донгосдогоо болихыг ичих нүүрэндээ илэг наагчидийн сонорт хүргэе.

Хотынхон-хөдөөний хүнийг хөсрийн хүн шиг, хөгшин хүнийг үхсэн хүн шиг ойлгодгоо боль. Ахмадууд бол алт алтдаа бүр шижир алт хэмээн ахмадууд юу хэлээд байнаа Залуучуудаа.

Хөдөөнийхөн элэнц, хуланцынхаа “эгэмний махаа яс болтол, хөлийн тавгиа туурай болтол” мөлхөж бүтээсэн таван хушуу мал, эсгий гэрийнхээ буянаар үрсийнхээ төлөө есөн хүслээр амьдарч, үүслийн гурван эрдэнэд үндэслэж урган цэцэглэж одхуйг барж, ирэхүйд ч мөнхрөх тавилантай бол биднийх юу билээ …

Супернэгдлийн онолыг үндэслэгч Ч. Эрдэнэ “бүх юмс үзэгдэл эцэстээ улс төрөөр төгсдөг. Өөрөөр хүний нийгэмд байдаггүй. … ер улс төрд эхлээд худлаа ухаантай царай эсгэж гай хөө болоод хожим басл худал үнэн ухаарсан дүр эсгэх шиг гэмт хэрэг байдаггүй. Хожим хойно биш, эхлээд ухаантай бай л гэсэн үг”-ээр нийтлэлээ төгсгөе.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш