logo
Баяртай, хайрын дууч шувуухай

Баяртай, хайрын дууч шувуухай

2012/02/20
Алдарт дуучин Уитни Хьюстоны фэнүүд төдийгүй америкчууд, дэлхий дахинаараа харамсан гашуудсаар, хэвлэлүүд Хьюстоны эмгэнэлээр дүүрч байна.

Хьюстоны охин 18 настай Бобби Кристина Браун ээжийнхээ гэнэтийн үхлийг сонсмогц ухаан алдан унаж эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээг CNN уламжилсан байна.

Хьюстон өнгөрсөн жилийн Грэмми дээр охиныхоо хамт ирж байсан юм. Дуучны гэнэтийн үхлийг попын хаан Майкл Жексоны үхэлтэй зүйрлүүлэн шуугиж байна.

Уитни Хьюстоны яг нэг сарын өмнө “LA Times” сонинд өгсөн ярилцлагаас түүний амьдрал төсөөлснөөс хавьгүй хүнд байгаа тухай фэнүүд нь мэдэж авсан юм. Тэрбээр “ганцаардаж, энэлсэн уйтай өдрүүдийг арай ядан өнгөрөөж буй” тухайгаа дэлгэсэн.

Үнэхээр түүний амьдралын хагаст нь агуу их авьяасынхаа хүчээр гайхалтай их амжилтын оргилд гарч, хүн бүхэн түүнийг тойрон хүрээлж явсан цаг үе байхад хагаст нь гэр бүлийн таагүй уур амьсгал, хар тамхинд донтож үхлийн даваан дээр очсон цаг мөчүүд гээд хар бараан дурсамжууд агуулагдаж байсан юм.

Хэт их алдрын оргилд гарсан одууд гэр бүлийн аз жаргалыг төдийлөн амсалгүй хорвоог орхидгын бас нэгэн жишээг тэрбээр биеэрээ үзүүллээ.

Манай дэлхийн ямар ч дуучны хүсээд хүсээд тэр бүр авч чадамгүй, тоолж барамгүй олон гайхалтай шагналууд нь түүний амьдралын аз жаргал байгаагүй.  Хьюстоны амьдралын сүүлчийн мөчүүдэд түүнтэй хамт хэн ч байгаагүй. Түүнд амьдралынх нь хамгийн үнэт зүйл бол охин нь л байсан. Энэ талаараа ч тэрбээр ярьдаг байлаа.

Холливудын од Кевин Костнертай хамт гол дүрд нь тоглосон “Бие хамгаалагч” хэмээх киног нь монголчууд андахгүй. Түүний амьдралын нэгээхэн хэсэг энэ кинонд бодитоороо өрнөсөн ч гэх мэдээлэл байдаг.

Хьюстонг сүүлийн жилүүдэд нэрд гарч эхэлж буй зарим саваагүй залуу дуучид хэвлэлүүдээр “зөнөг эмгэн” гэх мэтээр нэрлэж олны анхаарлыг татаж байлаа. Дуучныг хар тамхитай тэмцэж үхэл амьдралын заагт байхад нь хүртэл зарим хэвлэлүүд түүнийг элдвээр хэлж бичиж байсан.

Магадгүй түүний амьдралыг америкийн шар хэвлэлүүд там болгосон ч гэх. Ямартай ч хүн төрөлхтөний дундаас гайхамшигт дуу хоолойгоороо тодорсон Хьюстон амар амгалангийн орондоо очлоо. Магадгүй үүнийг л тэр сүүлчийн мөчүүдэд хүсэж байсан ч юм билүү.

Хьюстонгүй Грэмми

Хөгжмийн ертөнцийн топ шагнал болох Грэммийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны урд өдөр алдарт дуучин Уитни Хьюстон таалал төгссөн тухай харамсалтай мэдээ түгсэн. Өчигдөр үдэш Лос-Анжелост болсон 54 дэх удаагийн Грэммийн тайзнаа гарч нижигнэсэн алга ташилтын дор гайхамшигт хоолойгоо эгшиглүүлж буй Хьюстоныг харах аз үзэгчдэд дутлаа.

Америкийн хөгжмийн ертөнцийн бүх цаг үеийн шилдгийн шилдэг эмэгтэй дуучин, дэлхий нийтээрээ дуу хоолой, гайхалтай уран бүтээлийг нь бахархан шагшдаг домогт дуучин 48 насандаа таалал төгссөн мэдээ BBC, CNN-ээс эхлүүлээд олон улсын томоохон хэвлэлүүдийн нүүр хуудсыг дүүргэж байна.

Беверли Хиллзийн “Беверли Хилтон” зочид буудалд амьсгаа хураасан байдалтай байхыг нь олсноос хойш энэ эмгэнэлт мэдээг гэр бүлийнхэн нь баталснаар албан ёсоор зарлагдсан юм.

Тэр даруйд нь Грэммийн шагналын ёслолын ажиллагааг зохион байгуулах комиссынхон Хьюстоны үүргийг дуучин Женифер Хадсонд шилжүүлжээ. Ёслолын ажиллагааны нээлт болон хаалт бүхэлдээ эмгэнэлийн үгсээр дүүрэн байлаа.

Дуучин Брюс Спрингстин, хөтлөгч, реппер LL Cool J нар үзэгчид болон хуран цугларсан олонтой хамтдаа домогт дуучны араас залбирал хийсэн юм.

Ийнхүү өчигдөр орой 54 дэх удаагийн Грэмми хөгжмийн ертөнцийн хамгийн тод одоос хагацсан уур амьсгал дунд болж өнгөрлөө.

Дуучны гэнэтийн үхэлд гадны ямар нэгэн шалтгаан байхгүй хэмээн цагдаагийн газраас мэдэгдээд буй. Дуучинтай хамгийн сүүлд уулзсан хүмүүс түүний биеийн байдал тун давгүй байсан хэмээн мэдүүлжээ.

Гэсэн ч оддынхоо үхлийг дуулиан болгож элдвийг ухаж төнхөж, сэрдэх дуртай америкчууд гадны ямар нэгэн нөлөө бий эсэх талаар хэдийнэ ангуучлаад эхэлжээ. Дуучны цогцсыг хадгалж буй Беверли Хиллзийн Седарс Синай эмнэлэг болон цагдаагийн газар, дуучны сүүлчийн мөч өнгөрсөн Беверли Хилтон зочид буудал  хэвлэлийнхний бүслэлтэд өртөөд байна.

Дуучны үхлийн тухай мэдээлэл түгмэгц түүний твиттер хуудсанд  2,481,652 эмгэнэл илэрхийлсэн жиргээ тавигдсан тухай CNN мэдээлж байна.

Селин Дион, Бейонси Ноулз, Жанет Жексон, Мэрайя Кери, Бритни Спирс, Кристина Агуилера, Элтон Жон, Йоко Оно, Келли Роуленд, Кевин Костнер, Адель, Саймон Коуэлл, Бруно Марс гээд уртаар урсах оддын нэрс бүхий эмгэнэл хэвлэлүүдээр урссаар л.

Твиттер, фэйсбүүк хуудаснууд дуучны зургаар дүүрчээ. Америкийн хөгжмийн сувгууд, радиогоор Хьюстоны “Үүрд би чамд хайртай” дуу уянгалсаар байгаа тухай мэдээлсээр.

Агуу хайрын гайхамшгийг хосгүй ду хоолой, уран бүтээлээрээ магтан дуулж хүн төрөлхтнийг дагуулсан дууч шувуухай минь баяртай.

О.Нар

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш